Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

Баянзүрх дүүргийн дахин сонгуульд МАН ялав

Ж.Баяр, Үндэсний шуудан
2019 оны 3 сарын 25
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Баянзүрх дүүргийн X, XIX хороодод өнгөрсөн бямба гарагт дахин сонгууль боллоо. Нийслэлийн Сонгуулийн хорооноос зохион байгуулсан уг сонгуулийн дүн урьдчилсан байдлаар гараад байгаа. Тодруулбал, X хорооны сонгуульд МАН-ын нэр дэвшигч 55.2 хувийн саналаар ялалт байгуулжээ. Тус тойрогт бие дааж нэр дэвшсэн Н.Алтантуяа 37.4 хувийн санал авсан байна.

Харин XIX хорооны сонгуулийн дүнгээр МАН-ын нэр дэвшигч 55.2 хувийн санал авсан бол бие даагч Т.Туул 35.94 хувь, бие даагч Н.Уламбаяр 11.25 хувийн санал авчээ. Дээр дурдсан хоёр хорооны дахин сонгуульд оролцсон Монголын ногоон нам, Монголын консерватив нам, БНН-ын төлөөллүүд 0.35-1.21 хувийн санал авсан аж. Ерөнхийдөө бие дааж нэр дэвшсэн хүмүүсийг АН-ын хүмүүс гэж үзэх шалтгаан бий.

Учир нь тус нам дотоод зөрчлөөсөө шалтгаалан нэр дэвшигчээ тодруулж чадаагүй гэдэг. Тиймээс өөрийн намаас биш бие даагч хэлбэрээр хүмүүсээ өрсөлдүүлж байна хэмээн Баянзүрх дүүргийн МАН-ын хорооноос сонгуулийн өмнө мэдээлэл хийж байлаа. Ямартаа ч ийнхүү Баянзүрх дүүргийн ИТХ-д МАН-ын төлөөлөгчид олонх болов. Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нийслэлийн МАН-ын даргын ажлаа авснаас хойш анхны сонгуульдаа ялалт байгуулсан явдал болсныг ч дурдах хэрэгтэй байх. Учир нь энэ хоёр хорооны дахин сонгууль, ирэх зургаадугаар сард болох Хэнтий аймгийн УИХ-ын 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуулийг 2020 оны УИХ, орон нутгийн сонгуулийн өмнөх гол сунгаа гэдэг өнцгөөс нь улс төр сонирхогчид ажиглаж байсан юм.

Баянзүрх дүүргийн сонгуулийн асуудал юунаас эхэлснийг сануулахад, 2016 оны орон нутгийн сонгуулиар Баянзүрх дүүргийн X, XIX хороодод АН-аас нэр дэвшигчид мөнгө тараасан нь тогтоогдож, улмаар гурван шатны шүүхээр дахин дахин сонгууль явуулахаар шийдвэрлэсэн юм. Энэ хоёр тойрог асуудалтай байсны дээр тус дүүргийн ИТХ-д АН-ын 20, МАН-ын 19 төлөөлөгч байсан нь багагүй хэл ам дагуулсаар ирсэн.

Эхлээд МАН Баянзүрх дүүргийн удирдлагыг авч байлаа. Гэвч энэ нь эсэргүүцэлтэй тулгарч явсаар АН-ынхан дүүргийн удирдлагаа авч чадсан юм. Харин одоо хоёр хорооны дахин сонгуульд МАН ялсан тул эргээд дүүргийн удирдлага тэдэнд шилжих болоод байна. Гэвч сая болж өнгөрсөн сонгуульд оролцсон талууд мөн л бие биеэ мөнгө тараасан хэмээн цоллоод эхлэв.

Сонгуулийн сурталчилгаа явж байх үеэр Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дэд дарга Б.Галцог “Баянзүрх дүүргийн III хорооны Засаг даргын хариуцсан 40 хүнд мөнгө тараах агуулгатай иргэдийн нэр, регистрийн дугаар, дансны мэдээллийг агуулсан хуудсыг бид олж авсан. Мөнгөө шөнийн цагаар банкны ATM ашиглан шилжүүлж байсан. Бие даагч нэртэй АН-ынхан иргэдийн саналыг худалдаж авч байна” гэж байв.

Тэгвэл сонгуулийн өдөр МАН-аас иргэдэд мөнгө өгч саналыг нь хураасан тухай гомдлыг зарим иргэд цагдаагийн байгууллагад мэдүүлжээ. Дээр нь Баянзүрх дүүргийн ИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Б.Галцогийг бусдын биед гэмтэл учруулсан гэх шалтгаанаар ИТХ-ын төлөөлөгчөөс түдгэлзүүлэх тухай асуудал ч яригдаж байгаа юм. Хэрэв тэгвэл МАН-ын төлөөлөгчид олонх болж чадахгүй гэсэн үг. Гэхдээ сонгуулиар мөнгө тараасан, бусдын биед гэмтэл учруулсан гэх асуудлуудын эцсийн цэгийг шүүхээр тавих учиртай. Тэр болтол МАН дахин сонгуульд ялсанд тооцогдох билээ.

Зураг