Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ гэртээ битгий нуугаарай"

ikon.mn
2019 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: MPA.mn

Хүүхдийг Ивээх Сангаас олон нийтийн хандлагыг өөрчлөх зорилгоор “Өөр Өөр” нэртэй сошиал кампанит ажил санаачлан хэрэгжүүлж байна.  

Кампанит ажлыг санаачлагчид “Бид хүмүүст эерэг, гэгээлэг мэдлэг мэдээллийг түгээж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хэрхэн сурч, хөгжиж, ажиллаж, нийгэмдээ хувь нэмэр оруулж яваа сайн сайхан жишээнүүдийг түгээхийг хүсэж байна. Нөгөө талаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй аав ээж нар хүүхдүүдээ гэртээ битгий нуугаасай, авьяасыг нь нээж хөгжүүлээсэй, урам зориг өгөөсэй гэж хүсэж байна” гэсэн юм. 

Түүнчлэн “Монгол Улсын хууль тогтоомж, бодлогын баримт бичгүүдэд тусгай хэрэгцээт хүүхдүүдийг тэгш хамруулан сургах үзэл санаа туссан байдаг ч хэрэгжилт хангалтгүй байна. Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байгаагийн нэг нь багш, эцэг эх, олон нийтийн сөрөг хандлага юм. Тиймээс нийтийн хандлагыг эерэг болоход нөлөөлөх, хамтдаа сурч, боловсрох, хөгжих боломжоор хангахыг зорьсны үүднээс энэхүү ажлыг өрнүүлж байгаа. Хүүхэд бүрийн суралцах хэрэгцээ, чадамжид нийцсэн, тэдний тэгш хүртээмж, оролцоог дэмжсэн, хүүхдийн эрхэд суурилсан чанартай боловсролыг тэгш хамруулан сургах зарчим гэж ойлгож болно. Чухам энэ зарчмыг хэрэгжүүлэхийн төлөө Хүүхдийг Ивээх Сан ажиллаж байна” гэлээ.   

Ташрамд дурдахад, санаачилгаа “Өөр Өөр” хэмээн нэрлэсний учир нь хүн бүр онцгой, өөр өөрийн гэсэн чадвартай, аливаа зүйлийг хийхдээ өөрийн гэсэн арга барилтай, сурах арга барил өөр, ажил гүйцэтгэх арга барил өөр. Яг үүнтэй адил хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд ч аливаа зүйлийг хийх арга барил өөр ч энэ нь хөгжиж чадахгүй гэсэн үг огт биш гэсэн санааг илэрхийлж байгаа аж. 

 

Эх сурвалж: Хүүхдийг Ивээх Сан