Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Татварын өртэй гадаадын иргэнийг хилээр нэвтрүүлэхгүй байх тухай заалтыг өөрчлөн найруулах нь зүйтэй гэж үзэв

ikon.mn
2019 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын өчигдөр болсон ээлжит бус чуулганаар Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.

Нэгдсэн хуралдаанаар дээрх төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас өгсөн 8 чиглэлийн дагуу хэлэлцүүлэг хийж, доорх асуудлаар санал хураалт явуулсан байна. 

  1.     Төслийн анхны хэлэлцүүлгийн үед өөрчлөхөөр дэмжигдсэн төслийн 4 дүгээр бүлгийн нэрийг “Татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрэм” гэж тодотгон хуулийн төсөлд тайлбар оруулах нь зүйтэй гэж үзжээ.
  2.     Маргаан таслах зөвлөлөөс болон шүүхээс татвар төлөгчийн нөхөн ногдуулалтын актад гаргасан гомдол, нэхэмжлэлийг татвар төлөгчийн талд эергээр эцэслэн шийдвэрлэсэн тохиолдолд энэ хуулийн 46.3-т заасны дагуу урьдчилан төлсөн татварын дүнгээс татвар төлөгчид буцаан олгох асуудлыг зохицуулсан заалтыг илүү тодорхой болгож найруулах нь зүйтэй гэж үзсэн байна.
  3.     Өртэй татвар төлөгчийн хөрөнгийг битүүмжлэх гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцүүлэн томъёолохыг дэмжжээ.
  4.     Сумын татварын ажилтныг томилохдоо аймгийн Татварын албаны дарга тухай шатны Засаг даргатай зөвшилцөн томилох нь зүйтэй гэж гишүүд үзсэн байна.

Дээрх асуудлаас гадна

  • Татвар төлөх хугацааны хөнгөлөлт эдлэхэд хөнгөлөгдөх татварын өрийн дүнг алдагдал болон хохирлын хэмжээгээр хязгаарлах зохицуулалтыг төсөлд туссаныг хасаж, хугацааны хөнгөлөлт эдэлсэн тохиолдолд татварын алба хөрөнгийг битүүмжилсэн актыг хүчингүй болгох нь зүйтэй гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн байна.
  • Түүнчлэн татварын өртэй гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг татварын өрөө төлж дуустал улсын хилээр нэвтрүүлэхгүй байхаар эрх бүхий байгууллагад татварын алба хандах эрхтэй байхаар төслийн холбогдох заалтыг өөрчлөн найруулах нь зүйтэй хэмээн үзжээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх саналуудыг дэмжсэн бөгөөд олонхын дэмжлэг авсан өөрчлөлтүүдийг тусган Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

 

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс