Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Италичууд Хятадын ерөнхийлөгчийг эзэн хааны хэмжээнд хүлээж авав

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг

БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон түүний гэргийг өчигдөр Италийн нийслэлд гүн хүндэтгэлтэй угтаж авлаа.

Ши Жиньпиний төрийн айлчлал Ром хотод хоёр өдөр үргэлжлэх юм. Тэрээр 200 орчим албаны хүмүүсийг дагуулан ирсэн байна.

Италийн тал худалдаа, эдийн засгийн харилцаанд чухал нөлөөтэй энэхүү айлчлалд өндөр ач холбогдол өгч, зөвхөн эзэн хаан, пап ламд үзүүлдэг хүндлэлийг үзүүлжээ.

Улаан хивс дэвсэж, хүндэт харуул мэндчилснээс гадна Ши Жиньпиний цувааг морьтой хүндэт харуулууд дагалдан явсан нь ховор тохиолдол байв.

Хятадын төрийн тэргүүн Ромд саатахдаа 7 тэрбум еврогийн худалдааны гэрээ байгуулж, хүндэтгэлийн зоогт оролцох бөгөөд энэ үеэр алдарт тенор Андреа Бочелли ая дуугаа өргөх гэнэ.

Айлчлалын хамгийн анхаарал татсан хэсэг нь хоёр улс Хятадын санаачилсан “Бүс ба Зам” дэд бүтцийн төсөлд хамтран ажиллах санамж бичиг байгуулах юм.

Эртний Торгоны замыг дахин бий болгож, дэлхийг хамарсан худалдааны сүлжээ үүсгэх зорилготой энэ аварга төсөлд Их Долоогийн гишүүн орнуудаас Итали анх удаа нэгдэж байгаа нь энэ ажээ.

АНУ болон Европын Холбоо уг төслөөс болгоомжилж байгаа бол Италийн эрх баригчид үүнийг үл хайхран нэгдэж байна.

Италийн ерөнхийлөгч Сержио Маттарелатай хамт хэвлэлийн хурал хийхдээ Ши Жиньпин хоёр орон “эртний Торгоны замыг сэргээж, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн үр жимсийг хуваалцах” зорилготойг хэлжээ.

Италийн ерөнхийлөгч энэ санааг дэмжиж, талуудын хамтын ажиллагаа нь хоёр чиглэлтэй, шинэ санаа, авьяас билэг, мэдлэг хуваалцах гүүр болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Италийн зарим хэвлэлийн тэргүүн нүүрэнд Ши Жиньпинийг “Ромын загалмайлсан эцэг” хэмээн нэрлэж, заримд нь “Шиг Ромд эзэн хааны ёсоор угтаж авлаа” гэсэн гарчигтай мэдээлжээ.

Ши Жиньпиний айлчлалыг гол зохион байгуулагч нь өнгөрсөн оны зун байгуулагдсан Италийн эвслийн засгийн газрын шадар сайд, барууны чиг баримжаатай популист  намын тэргүүн Луйжи Ди Майог гэж байна. Луйжи Ди Майо нь Европын Холбооны бодлогыг шүүмжилж, эсэргүүцдэгээрээ алдаршаад байгаа нэгэн.

Тэрээр засгийн эрхэнд гарсан цагаасаа эхлэн Хятадтай харилцах харилцаанд илүү анхаарал тавьж, өнгөрсөн намар анхны гадаад айлчлалаа Хятадад хийсэн юм. 

Тэр өчигдөр энэхүү айчлалынхаа эхний үр дүнг үзэж Сицилийн жүржийг Хятад руу агаараар тээвэрлэх ажлын нээлтэд оролцжээ.

“Дөрөвдүгээр сарын 2-ноос эхлэн Сицилийн жүржийг анх удаа онгоцоор Хятадад хүргэдэг болно. Италийн бизнесмэнүүд энэ боломжийг олон жил хүлээсэн бол одоо манай жижиг, дунд бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд хүргэх боломж нээгдэж байна” гэж Луйжи Ди Майо хэлсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian