Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп хэрхэн ерөнхийлөгч болсныг мөрдөн шалгасан ажлын тайлан бэлэн болжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхий прокурорын томилсон тусгай төлөөлөгч Роберт Маллер 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд Орос улсын зүгээс хэрхэн нөлөөлснийг мөрдөн шалгах ажлаа дуусгажээ.

Өчигдөр тэр ажлын тайлангаа ерөнхий прокурор Уилльям Баррт илгээсэн байна.

Барр энэ амралтын өдрүүдээр тайланг конгресст танилцуулах магадлалтай байгааг ойрын эх сурвалжууд нь мэдээлжээ.

Роберт Маллерийг 2017 оны тавдугаар сард АНУ-ын ерөнхий прокурорын орлогч Род Розенштэйн томилж байв. Тухайн үед ерөнхий прокурор байсан Жэф Сэшнс уг мөрдлөгийг эхлүүлэхээс татгалзаж байсан тул орлогч нь Маллерийг томилж байжээ.

Мөрдөн шалгах ажлын хүрээнд нийт 34 хувь хүн, гурван компанийг гэмт хэрэгт буруутган яллаад байгаа.

Тэдгээрийн зургаа нь Дональд Трампын сонгуулийн үйл ажиллагаанд болон одоогийн засаг захиргаанд шууд холбоотой хүмүүс байснаас тав нь төрийн эсрэг хуйвалдсан, мөнгө угаасан зэрэг хэргээр шоронд хоригдох ял сонсоод байна.

Мөн ОХУ-ын харьяат 26 хүнийг өнгөрсөн хугацаанд ялласан юм.

Дональд Трамп уг ажиллагааг эхнээс нь эсэргүүцэн шүүмжилж байсан бол одоо шалгалтын тайланг үнэн зөв, шударга гарсанд эргэлзэж байгаагаа илэрхийлсээр байна.

Хоёрдугаар сард Вашингтон Пост сонины явуулсан судалгаанд оролцсон Америкчуудын 80 гаруй хувь нь шалгалтын тайланг олон нийтэд бүрэн ил болгохыг хүссэн байна.

Сүүлд Associated Press агентлагаас явуулсан судалгаанд оролцогчдын 10 хүн тутмын зургаа нь энэхүү шалгалтыг “шударга, үнэн зөв” хэрэгжсэнд ямар нэг хэмжээгээр итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан нам давамгайлдаг төлөөлөгчдийн танхим 100 хувийн саналаар Роберт Мюллерийн тайланг конгресс болон олон нийтэд бүрэн дэлгэж үзүүлэхийг дэмжсэн.

Харин сенатын танхим энэ асуудлаар санал хураах гэхэд Өмнөд Каролинагийн сенатор, Бүгд Найрамдах намын Линдси Грэм хориг тавьж, Хиллари Клинтоны имэйл алдагдсан хэргийг шалгасан Холбооны Мөрдөх Товчооны тайланг зэрэг ил болгохыг шаарджээ.

Тайланг конгресст танилцуулсны дараа мэдээллийн аль хэсгийг нийтэд ил болгох, аль хэсгийг нууцлах, цаашид үргэлжлүүлж шалгах асуудал байгаа эсэх зэргийг шийдэх юм.

 

Эх сурвалж: Reuters