Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

МИНИЙ ТҮҮХ-16: Ажлын арга барил

ikon.mn
2019 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг

- Тэмдэглэл -

Хөдөөгийн буйдхан тосгоны охин Д.Өнөрболор юуг даван туулж өнөөгийн “Сөүл” группийн дэд ерөнхийлөгч, “Бидний цөөхөн монголчууд” үндэсний төслийн зохицуулагч, оюутан залуусын “Болор-ирээдүй” хөгжлийн санг үндэслэн байгуулагч болсон түүхийг цувралаар хүргэж байна.

Барилга бол улирлын чанартай мөн хүний нөөцийн хязгаарлагдмал боломжтой салбар. Барилгын ажлын цар хүрээ, хэмжээнээсээ хамаараад хүний нөөцийн бодлого төсөл болгонд харилцан адилгүй байна. Оргил үедээ 800-1000 хүнийг ч удирдаж ажиллах үе надад тохиож байсан. 

Би ажилд орохоор ирсэн хүнтэй нүүр тулж уулзах дуртай. Болж байвал хамтарна, боломжгүй бол ажиллахгүй гэдгээ тодорхой байлгах нь чухал. Тухайн үед барилгын салбарт мэргэшсэн ажиллах хүч цөөн байсан үе л дээ.  Барилгын инженерүүд маань тодорхой хэмжээний практиктай боловч бас л учир дутагдалтай. Тиймээс шинэчлэл өөрчлөлт хийх хүсэлтэй, эсэх хийгээд нас, хандлага, мэдлэг чадварыг нь харгалзан ажилд томилдог байлаа. Борлуулалт, зураг, техник, технологийн хэсэгт хэнийг байлгах вэ гээд ажил мэргэжлийн онцлогоос гадна горилж байгаа хүний ур чадвараас хамаарах томилгоо байдаг. Миний хувьд аливаа хүнийг ажилд авахдаа баримталдаг зарчим мэргэшсэн ур чадвар, төлөвшил хоёрыг нь гойд их хардаг. Онцгой чадвар чансаагаар базаахгүй ч гэлээ ноён нуруутай, сэтгэлтэй, аливаа зүйлийг хийх эрмэлзлэлтэй хүн хамт олны уур амьсгал, бүрэлдэхүүнд бас их чухал. 

Барилга дээр ажиллаж байгаа хүн бүрийн тухай мэдэхийг зорьдог нь миний бас нэг арга барил. Гэр бүлдээ ямар асуудалтай вэ гэдгийг нь ч мэдэх шаардлага гарна. Яагаад гэвэл, барилгачдын аюулгүй ажиллагааг би нэгдүгээрт тавьдаг. Барилга дээрх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлах болон хийц, засал чимэглэлийн нарийн чимхлүүр ажлыг гүйцэтгэхэд анхаарал байнга төвлөрөх хэрэгтэй тул ар гэртээ асуудалтай хүн ажлын байранд эрсдэл гаргах талтай. Өглөө ажил эхлэхээс өмнө дасгалаа хийв үү, талбайд гарахдаа нүдэнд нь гал цог бадарч байна уу гэдгээс түүнтэй хэр удаан хамтрахаа шийддэг. 

Би ер нь асуулт их тавьдаг. Над шиг олон юм асууж лавлаж цаг гарзаддаг хүн цөөхөн ч байж магадгүй. Зөвхөн надаас шалтгаалах шийдэл гэж мэдээж байлгүй яах вэ, тийм бол өөрөө бодно. Гэхдээ би ихэнх хэргийг багтайгаа зөвлөнө. Техникийн асуудлын хувьд мэргэжилтнүүдээ цэц булаалдуулж, сонсож байгаад шийдэлд хүрдэг байх жишээтэй. Технологи, ер нь асуудал тавьж байгаа хүмүүс хувилбартай ярьдаг. Тэр дундаас сонголт хийдэг дээ. Ганцаараа шийдэх нь сайн удирдагчийн зан биш гэж би боддог. Мэргэжлийн хүмүүсээр мэргэжлийн асуудлуудыг шийдүүлэхэд буруутдаггүй л юм. Үүний тулд сайн баг бүрдүүлэх хэрэгтэй л дээ. 

Акулуудад хүлээн зөвшөөрөгдсөнөө мэдрэв  

 

Барилгын салбарт бизнес эрхлэхэд маш олон хүндрэлтэй нүүр тулдаг. Ажил нь өөрөө хүнд хүчир, эрсдэлтэй хөдөлмөр гэсэн утгаар үүнийг хэлээгүй юм шүү.
Барилгын ажлын явцад төлөвлөгдөөгүй элдэв бэрхшээл энд тэндээс гарч ирэх нь бороо шорооноос ч түвэгтэй. Дэлхийн жишиг болсон технологи хэрэглэхээр оруулж ирэхэд энэ нь мэдээж Монголд бүртгэлгүй, манайд нэвтэрсэн стандартын жагсаалтад огт байхгүй. Хяналт шалгалт хийдэг төрийн байгууллагын мэргэжилтнүүдийн зарим нь хоцрогдсон, хуучинсаг сэтгэлгээгээр хандаж тоомжиргүй хандах тохиолдол бишгүй. “Танай энийг шалгах технологийн боломжгүй” гэх ихэмсэг хариултаар төлөвлөгөөгөө нураалгана гэж үү? Гэтэл бид нийслэл хотынхоо өнгө үзэмжийг илэрхийлэх төлөвлөгөө барьчихаад гэдрэг буцах юм гэнэ дээ! 

Ажил эхэлсэн байхад барилгын үйл явцыг зогсоож, гурван сарын турш хүлээлгэж байсан удаатай. Тийм үед мэргэжилтнүүдээ дагуулаад өглөө бүр уйгагүй гарч, албан байгууллагын нэг хаалганаас нөгөө хаалга сахихад хүрдэг юм. Бид өөрсдийн нэвтрүүлж байгаа шинэ техникийн талаар, технологийн нарийн ширийн мэдээллүүдээ танилцуулж, энэ нь ийм учиртай гээд яриад л, тайлбарлаад л явна. Тэр үед төрийн байгууллагуудад ажиллаж байсан мэргэжилтнүүдийн дотор хойрго хүмүүс мэр сэр байвч олонх нь ажилдаа дур сонирхолтой, мэргэшсэн албан хаагчид байсныг дурдахгүй өнгөрч боломгүй. Хувийн хэвшил асар их хөрөнгөөр шинэ технологи оруулж ирж буйг ойлгон, бидний зүгээс өгч буй мэдлэг мэдээлэл бүрт анхааралтай хандаж, стандартаа шинэчлэх, үүнтэй уялдуулан дүрэм журмаа өөрчлөх хүртэлх үйл явцад ажил хэрэгч, шуурхай ажиллаж байсанд нь талархдаг. 

Бид тийм ч амархан салбарынхандаа хүлээн зөвшөөрөгдөөгүй юм. Ажил хийж сурсан хөдөлмөрч хүмүүс бусдын хичээл зүтгэл, хөдөлмөр бүтээлийг үнэлж цэгнэж чаддаг билээ. Хожим манай салбарын “мундагууд”, миний хэлдгээр акулууд биднийг “Барилгын салбарын түүхт он жилүүдэд салбартаа сор нь байж, шинэ технологи соёлыг түгээгч, манлайлагч нь байж чадсан” гэж дүгнэн ярихад нь бахархах, талархах сэтгэл төрж билээ.

Амжилтын нууц

Хэрэглэгч гэдэг угаасаа ааштай ч, бааштай ч байдаг. Гэхдээ үйлчилж байгаа тал чин сэтгэлээсээ хандаж уу, үгүй юү, хөдөлмөр зарж зүтгэж үү гэдгийг тэд маш сайн мэддэг, мэдэрдэг. Бүр энгийн жижиг зүйлийг ч анзаарчихсан байдаг. Хямд биш чанар сайтай материалаар барьсан байна, 10 байшин барьж болох газарт 5 байшин бариад, хүүхдийн тоглоомын талбайг уужуухан шийдэж, орчныг нь тохижуулахад гар татаагүй байна гэх мэт. Ер нь хүнд, хүний хэрэгцээ шаардлагад хүндэтгэлтэй хандаж, хүлээлтээс давсан сайхан хариу барих нь миний ажил юм. Хэрвээ Та намайг бизнест амжилтад хүрсэн гэж дүгнэж байгаа бол тэр нь ийм л энгийн нууцтай. 

“Мэрсэдэс Бэнз”-ийн захирлаас хүмүүс “Ямар машин хамгийн сайн бэ” гэж асууж л дээ. Тэр хариуд нь “Шинэ” хэмээн ганцхан үгтэй зөвлөгөө хэлсэн гэдэг. Хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг тодорхойлсон хамгийн товч бөгөөд үнэн хариулт. Харин барилга байшингийн тухай миний үзэл бодол юу вэ гэвэл, нэгэн гэр бүл амьдраад, дараа нь үр хүүхэд нь суудаг тийм л ариун нандин зүйл. Гэрийн доторхоос гадна байшингийн эргэн тойрны орчин нь хүртэл айл гэрийн дурсамжийг өвлөн тээх тийм л сайхан байгаасай гэж боддог. Өөрөөр хэлбэл, орон гэрээ төвхнүүлэн үр хүүхдээ өсгөх байшин гэдэг нь үр удамдаа үлдээх үнэ цэнтэй өв хөрөнгө юм. Бид үл хөдлөх хөрөнгийг ингэж бодож, одоо мэдэгдэж байгаа хамгийн чанартай материал, танигдаж туршигдсан шилдэг техник, технологиор барихыг хичээдэг. 

2003 онд байшингийнхаа хийц загвар, дотоод засал чимэглэлийг харуулсан иж бүрэн нэвтрүүлэг хийж, үндэсний телевизийн Цоодол, Чимгээ хоёроор хөтлүүлэн үзэгчдэд хүргэж байсан нь тухайн үедээ бас л шинэ санаа байсан. Нэвтрүүлэг цацагдсанаас хойш миний утас хэдэн долоо хоногийн турш өдөр шөнөгүй хангинаж билээ.   
Анхны төсөл гэхэд амжилттай хэрэгжсэн учраас бид шууд л дараагийн төслөө эхлүүлсэн. Илүү чамбай ажиллах урам зориг намайг шулуутган хөтөлж, судалгаа, төсөв, төлөвлөгөө, бэлтгэл ажлын гар зургаа цаасан дээр буулгасан. Монголын шинэ цагийн хэрэглэгчдийн санал сэтгэгдлийг тусгасан дараагийн том төслүүд манай хамт олныг барилгын салбарт дахиад л шинэ соёл, шинэ технологи нэвтрүүлэх нүсэр бөгөөд сахилга хариуцлагатай ажилд маань улам нягтшуулсан юм даа. 

Сахилга, хариуцлага-миний сахиус  

Хариуцлага гэж юу байдаг юм бэ? Одоо хаа сайгүй л хариуцлагын тухай ярих болж. Сайн л хэрэг. Гэтэл үр дүнд нь хаа ч хариуцлага алга. Хариуцлага гэгч эрхэм зүйлийн утга, үнэ цэн ч бүр алдагдаж. Миний бодлоор, хариуцлага гэдэг уг нь энгийн, маш ойлгомжтой, тодорхой зүйл. Зорьсондоо, хэлсэндээ хүрэхийг л хэлдэг. Тиймээс “хариуцлага” гэж хэлсэн л бол энэ үгийг яах гэж хэрэглэсэн, түүнийгээ л хэрэгжүүлэх ёстой.  

Хариуцлага бол миний амьдралын сахиус, сахилга бат бол миний ажлын жор. Бид үйлчилгээний болон барилгын бизнес эрхэлдэг тул хүний эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдалтай шууд холбогддог онцлогтой. Хамт олондоо ч ийм л шаардлага тавьдаг. Барилга ч тэр, ресторан ч тэр хагас цэргийн зохион байгуулалттай ажиллах шаардлагатай, сахилга хариуцлага алдах эрхгүй байдгаараа онцгой салбарууд юм даа. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.