Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Умард Солонгосын төлөөлөгчид хоёр Солонгосын нэгдсэн төвийг орхин явлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Хоёр Солонгосын харилцаа, хамтын ажиллагааг зохицуулах зорилготой байнгын ажиллагаатай төв өнгөрсөн оны есдүгээр сард хоёр улсын хил дээрх Умард Солонгосын талд ёслол төгөлдөр нээгдэж байв.

1950-1953 оны дайнаас хойш анх удаа хоёр Солонгосын хооронд нүүр тулсан яриа хэлэлцээрийг тогтмол хийх боломжтой суваг бий болсон нь энэ байв. 

Хоёр талаас тус бүр 20 хүртэл тооны төлөөлөгч энэ төвд тогтмол ажиллахаар Ким Жон Ун, Мүүн Жэ Ин нар Пёньянд уулзахдаа тохиролцсон юм.

Тэгвэл Умард Солонгосын тал өнөөдөр өөрийн бүх төлөөлөгчдийг эндээс татсан байна. 

Өмнөд Солонгосын засгийн газар уг мэдээг хүлээж аваад харамслаа илэрхийлж, Пёньяны эрх баригчдыг удахгүй төлөөлөгчдөө буцааж илгээнэ гэдэгт найдаж байгаагаа мэдэгджээ.

Өнгөрсөн сард Вьетнамд болсон АНУ-БНАСАУ-ын удирдагчдын уулзалтаас хойш хоёр Солонгосын хооронд ямар нэг уулзалт хэлэлцээр зохион байгуулагдаагүй юм.

Вьетнамын нийслэлд болсон Трамп-Кимийн хоёр дахь уулзалт үр дүнгүй болж, цөмийн зэвсгээс Солонгосын хойгийг салгах хэлэлцээр мухардалд ороод байгаа.

Өнөөдрийн үйл явдал нь Солонгосын хойгт хэсэг хугацаанд тогтсон найрсаг уур амьсгал замхарч, талуудын зөрчил гүнзгийрч байгааг харуулж байна.

 

Эх сурвалж: BBC