Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Маршал Ю.Цэдэнбалын тухай “Түүх мартахгүй” уран сайхны кино бүтээнэ

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 3 сарын 22
iKon.MN

Монгол Улсын нэн шинэ үеийн түүхийн хоёрдугаар хагасыг бүтээлцсэн, Монгол Улсын түүхэн сэргэн мандалтыг гардан гүйцэтгэсэн их удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн маршал Ю.Цэдэнбалын туулж өнгөрүүлсэн амьдралаар түүхэн баримтат, уран сайхны кино бүтээхээр болсон талаар УИХ-ын гишүүн, зохиолч Ж.Мөнхбат кино багийнхаа уран бүтээлчидтэй хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ.

 

Тэрбээр “Би өмнө нь “Хүмүүн” фильмтэй хамтран “Долоон бурхан харвадаггүй”, “Бүү март” гэсэн түүхэн хоёр кино бүтээсэн. Харин энэ удаад бид хамтарч Монгол Улсын ХХ зууны түүхийн хоёрдугаар хагасыг бүтээлцсэн, тодруулж хэлбэл Монголын өнөөдрийн бүтээн байгуулалт, хөгжил дэвшил, сэргэн мандалтыг бүтээсэн, түүхэн удирдагч Юмжаагийн Цэдэнбал даргын тухай “Түүх мартахгүй” кино хийнэ” гэв.

Тус уран сайхны киноны онцлог нь Ю.Цэдэнбалыг ХХ зуунд амьдарч байсан дэлхийн хүн гэдгийг тодотгож харуулах зорилготой бөгөөд ХХ зууны дэлхийн том улстөрчдийн дүр төрхийг харуулах ажээ.

Монгол Улсын тусгаар тогнолын гол гол үйл явдлууд Ю.Цэдэнбал гэдэг хүнтэй салшгүй холбоотой байдаг. 1939, 1940 оноос эхэлсэн энэ хүний түүх бол Дэлхийн II дайнд оролцсон монголчуудын оролцоо, 1945 оны аравдугаар сарын 25-ны тусгаар тогнолыг баталгаажуулах Бүх ард түмний санал асуулга, 1945 оны чөлөөлөх дайн, НҮБ-д Монгол Улс элсэх, хүн амаа эрүүлжүүлэх, соёлжуулах, бүтээн байгуулалтыг өрнүүлсэн, соёлын довтолгоог хийсэн бөгөөд улсын бүх сургууль, цэцэрлэг, театр, соёл урлагийн байгууллагууд энэ хүний үед боссон байдаг. Үүнээс гадна олон үйлдвэр, уурхай Дархан, Эрдэнэт зэрэг шинэ хотуудаас эхлээд 21 аймаг 300 гаруй сум болон 1,000 гаруй багийг барьж босгох, төмөр зам, агаарын зам хүнд аж үйлдвэрийн төвүүдийг барих гэх зэрэг бүх ажил Ю.Цэдэнбал даргын үед хийгдсэн. Иймээс энэ хүний түүхийг бид хойч үедээ үнэн зөвөөр бичиж үлдээх ёстой гэсэн үүднээс бүрэн хэмжээний түүхэн уран сайхны кино бүтээж байгааг хэлье хэмээн зохиогч хэлэв.

 

“Түүх мартахгүй” киноны ерөнхий найруулагчаар “Долоон бурхан харвадаггүй”, “Бүү март” зэрэг олон киноны ерөнхий найруулагчаар ажилласан “Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдлийн ерөнхий найруулагч А.Мөнхсүх ажиллах юм байна. Мөн түүхэн кино гэдэг утгаараа түүх болон зохиол талаасаа зөвлүүлэх үүднээс Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн, “Маршалын нууц товчоо” таван боть түүхэн романы зохиогч Дамбын Төрбат ажиллах бол түүхийн зөвлөхөөр Төрийн шагналт, түүхийн ухааны доктор, түүхч Л.Өлзийбаатар, Ю.Цэдэнбал академийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан М.Даваасүрэн нар ажиллаж байгаа аж. Мөн жүжигчин Д.Бямбацогт кино дүрийн сонголт дээр ажиллахаар болсон байна.

Киноны дүрүүдийг сонгож эхэлсэн агаад кинонд тоглох хүсэлтэй хүн бүрт “Түүх мартахгүй” уран сайхны киноны үүд хаалга нээлттэй гэдгийг уран бүтээлчид онцлов. Киноны зураг авалтын үндсэн ажил дөрөвдүгээр сараас эхлэх бөгөөд энэ оны сүүлч гэхэд үзэгчдэд хүртээл болгохоор төлөвлөжээ.