Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Афганистанд алба хааж буй хоёр Америк цэрэг өнөөдөр амь үрэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр буюу Баасан гарагт Афганистанд алба хааж буй АНУ-ын хоёр цэргийн алба хаагч тусгай ажиллагааны үеэр алагдсан тухай Пентагон мэдээлжээ.

Пентагоны дүрмийн дагуу амиа алдсан цэргүүдийн нэрийг төрөл төрөгсдөд нь дуулгахаас өмнө олон нийтэд зарладаггүй.

Сүүлийн 17 жил үргэлжилж байгаа Афганы дайнд одоо АНУ-ын 14,000 орчим цэрэг оролцож байгаа. Тэд Талибаны зэвсэгт бүлэглэлтэй дайтаж буй Афганистаны засгийн газрын армид дэмжлэг үзүүлдэг юм.

Талибанчуудаас гадна Исламын улс бүлэглэлийн салбар байгууллага энд сүүлийн үед идэвхжээд байгаа. Өнөөдрийн хохирлын дараа 2019 онд амиа алдсан америк цэргийн тоо дөрөв болж байна.

2015 оны нэгдүгээр сараас хойшх АНУ-ын зэвсэгт хүчний хохирлын хэмжээ хамгийн багадаа 65 хүрснийг Пентагоны тоо баримт харуулж байгаа юм. 

Гэхдээ энэ тоо хэмжээ Афганистаны зэвсэгт хүчин, энгийн иргэдийн хохиролтой харьцуулбал маш бага.

Өнгөрсөн нэгдүгээр сард болсон Дэлхийн Эдийн Засгийн Чуулганы үеэр Афганистаны ерөнхийлөгч Ашраф Гани 2014 оны есдүгээр сараас хойш тус улсын 45,000 орчим цэргийн алба хаагч амь үрэгдээд байгааг мэдээлж байв.

Энэ нь бараг сар бүр дунджаар 849 цэрэг алагдсан гэсэн үг юм.

Бас хоёрдугаар сард НҮБ-ын гаргасан тоо баримтад өгүүлснээр 2018 онд 

АНУ тэргүүтэй олон улсын зэвсэгт хүчний агаарын довтолгоо болон амиа золиослогчдын халдлагад нийт 3,804 энгийн иргэн амиа алдсан нь Афганистаны дайны түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Одоогоор АНУ болон Талибаны зэвсэгт бүлэглэлийн хооронд дайныг зогсоох зорилготой хэд хэдэн удаагийн хэлэлцээр хийгдээд байгаа ч хүчирхийлэл буурах шинжгүй байна.

 

Эх сурвалж: The Guardian