Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдсийн захад таамаглаагүй гэнэтийн өсөлт тохиов

www.mongolianminingjournal.com
2019 оны 3 сарын 22
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

Манай улсын экспортын гол эрдэс түүхий эд болох нүүрс, зэс, газрын тосны салбарт өнгөрч буй хоёрдугаар сард нэлээд өөрчлөлт ажиглагдлаа. Чухамдаа өсөх үйл явц өрнөж буй бөгөөд эдгээрийн дийлэнх нь таамаглаагүй үйл явдлаас улбаатай байгааг энд онцлох нь зүйтэй. Эрдсийн төрөл тус бүрээр үйл явдал хэрхэн өрнөж буйг авч үзье. 

Газрын тос

Брэнт маркийн газрын тосны ханш сүүлийн гурван сарын хугацаан дахь хамгийн өндөр түвшинд хүрч өслөө. Хоёрдугаар сарын 21-н гэхэд Брэнт маркийн газрын тос ханш 67.08 ам.доллар/баррельд хүрэв. Өнгөрсөн оны аравдугаар сарын эхэнд газрын тосны ханш сүүлийн бараг дөрвөн жилийн хугацаан дахь хамгийн өндөр түвшинд /86 ам.доллар/баррель/ хүрсэн билээ. Эргээд арванхоёрдугаар сард 50 ам.доллар/баррель болж буурсан юм. Тэгвэл үнэ одоо   өсөх замдаа ороод байна.  Ийнхүү газрын тосны үнэ өсөх болсон шалтгаан нь газрын тос үйлдвэрлэгч орнуудын байгууллага ОПЕК-ийн хамгийн том гишүүн орон болох Саудын Арабын үйлдвэрлэлийн таналт. Төлөвлөснөөс ахиу хэмжээний үйлдвэрлэлийн таналтыг Саудын Араб хийх болсон нь зах зээлд нөлөөлж эхлэв. Мөн тус улсын Сафания газрын тосны талбай дахь үйлдвэрлэл хэсэгчлэн хаагдсан нь үнэ өсөхөд хүргэжээ. 

АНУ-Хятадын худалдааны дайныг эцэслэх яриа хэлэлцээр урагштай байгаа гэсэн мэдээлэл нь мөн үнэ өсөх хүчин зүйл болж байна. АНУ-ын Merrill Lynch банкны үзэж буйгаар энэ оны сүүлийн улирал гэхэд дэлхийн газрын тосны үйлдвэрлэл жилийн өмнөхтэйгөө харьцуулахад 2.5 сая баррель/өдөр-өөр буурсан байна гэж тооцоолжээ. Үүнээс гадна АНУ Венесуэл болон Иранд тавьсан хоригоос үүдэлтэйгээр хүнд ангиллын газрын тосны хомсдол нүүрлэж магадгүй болоод байна. Гэхдээ нөгөө талд Олон улсын эрчим хүчний агентлагийн зүгээс энэ онд зах зээлд ОПЕК-д хамааралгүй орнуудын газрын тосны нийлүүлэлтийн өсөлтийг шингээхэд амаргүй болох төлөвтэйг анхааруулжээ. Хэдий ОПЕК нийлүүлэлтээ танаж, Иран, Венесуэл улсууд хоригт өртөөд байгаа ч АНУ-ын үйлдвэрлэлийн өсөлт нь дангаараа Венесуэлийн нийт олборлолтоос давахаар байгааг анхааруулжээ.

Зэс

Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өсөх хандлагатай болж ирлээ. Сарын эхэнд бол Хятадын аж үйлдвэрийн эрчмийг илтгэдэг гол үзүүлэлт болох Purchasing Manager Index өнгөрсөн нэгдүгээр сард 49.5-тай гарч  зэсийн ханш  ч өсөн янзгүй   байв  /50-иас доош гарвал бууралтыг илтгэдэг/. Гэвч хоёрдугаар сарын дундуур Хятадын зэсийн импорт өссөн тухай мэдээлэл цацагдав. Тодруулбал өнгөрсөн нэгдүгээр сард тус улсын цэвэр зэсийн импорт багагүй өсөв. Зэсийн импорт сарын өмнөхтэйгөө харьцуулахад 14%-иар, жилийн өмнөхөөс 9 орчим хувиар өсч 479 мянган тонн болсон байв. Харин зэсийн баяжмалын хувьд өнгөрсөн нэгдүгээр сард жилийн өмнөхтэйгөө харьцуулахад 17%-иар өсч 1.9 сая тоннд хүрсэн байна. 

Сүүлд АНУ-Хятадын худалдааны дайныг эцэслэх яриа хэлэлцээр ахицтай байгаа явдал нь аж үйлдвэрийн гол метал болох зэсийн ханшийн өсөлтөд давхар эергээр нөлөөлж буйг шинжээчид тайлбарлаж байна. Нөгөөтэйгүүр Сити  болон Морган Стэнли зэрэг банк зэсийн төлөвт ихээхэн итгэлтэй байгаагаа энэ сард илэрхийлээд байна. Сити банк энэ онд зэсийн үнэ 6,700 ам.доллар/тонн-д хүрэх бөгөөд үүнд Хятадын зэсийн эрэлт 2%-иар өсөх таамаглал гол үүрэгтэй байх ажээ. 

Дэлхийн тэргүүлэх хоёр орон худалдааны дайныг эцэслэх яриа хэлцэл амжилттай болох төлөвтэй байгаа нь ойрын 3-6 сарын хугацаанд хүрэн металын ханш 10%-иар өсөх зураглалыг тодруулж буйг тус банк онцолжээ. Зэсийн үнэ хоёрдугаар сарын дунд үеэс эхлэн өсөхтэй зэрэгцэн зэсийн гол тоглогчид болох Freeport McMoran болон Turquoise Hill зэрэг томоохон компанийн хувьцааны ханш дээшилж ирж байна. 

Алт

Алтны үнэ энэ сард сүүлийн 10 сарын хугацаан дахь хамгийн өндөр түвшинд хүрээд байна. Хоёрдугаар сарын 20-ны байдлаар алтны ханш 1,345 ам.доллар/унц-д хүрэв. Алтны ханш ийнхүү өсч буй нь хэд хэдэн шалтгаантай. Тухайлбал Европт үүсээд буй улс төрийн тогтворгүй байдал, Брекситийн асуудал, Засгийн газрын бондуудын өгөөж буурч буй зэрэг нь алтны ханшийг өсгөх шалтгаан болж байна. 

Мөн АНУ-Хятадын худалдааны хэлэлцээрийн үр дүнд эргэлзсэн хэвээр байгаа байдал нь баталгаатай хөрөнгө оруулалт болох алт руу хошуурах нөхцөл болж буйг шинжээчид тайлбарлаж байна. Алтны хөрөнгө оруулалтын (Gold-backed ETF) сангуудын үзүүлэлт ч огцом өсөлтийг харуулж байна. Гэхдээ тэргүүлэгч эдийн засагтай хоёр улс хэлэлцээрээ сайн үр дүнд хүргэх аваас алтны ханшийн хувьд өсөх бус одоогийн байгаа түвшиндээ тогтвортой хадгалагдах горим руу шилжинэ гэдгийг энд бас дурдах нь зүйтэй.

Төмрийн хүдэр 

Төмрийн хүдрийн зах зээлд энэ сард өндөр өсөлт тохиолоо. Энэ сарын 6-ны өдөр гэхэд 62%-ийн төмрийн баяжмалын ханш 92 ам.долларт хүрсэн нь 2014 оны наймдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Энэхүү өсөлт нь төмрийн хүдрийн хамгийн том тоглогч “Вале” компанийн нэгэн төмрийн уурхайн хаягдлын далан сэтэрсэн ослоос үүдэлтэй. Ослын тухайд өнгөрсөн нэгдүгээр сарын 25-нд компанийн Бразилийн зүүн урд хэсэгт орших Минас Жерайс мужийн Брумадиню хотхоны нутаг дэвсгэрт орших Feijao уурхайн далан сэтэрч  олон хүний аминд хүрсэн байна. Энэ ослоос хойш төмрийн хүдрийн ханш зах зээлд үндсэндээ 20 гаруй хувиар өссөн юм. 

Тус компани энэ онд 400 сая тонн хүдэр олборлохоор төлөвлөөд байсан ч ослоос үүдэж нийт гарцаа 40 сая тонноор танахаар болсноо мэдэгдсэн. Төмрийн хүдрийн гигант уурхайн далан сэтлэх аюулыг урьдаас мэдэж байсан ч арга хэмжээ аваагүй нь бүр ч их асуудал дагуулж байна. Түүнчлэн  "Вале" компани Бразилийн Самарко уурхайн далангийн ослоос хойш ердөө гурван жил гаруй хугацааны дараа алдаагаа   давтаж буй нь томоохон цохилт боллоо. Гэхдээ энэхүү өсөлтийг төмрийн хүдрийн компаниуд харьцангуй богино настай гэж тайлбарлаж байгаа ч нийлүүлэлтийн хомсдол үүсч болзошгүй гэж үзэж байгаа шинжээчид ч байгаа юм. Ослын улмаас "Вале" компани ижил төстэй 10 гаруй далангийн үйл ажиллагааг зогсоохоор болсноо мэдэгдсэн юм. 

Коксжих нүүрс

Австралийн дээд чанарын коксжих нүүрсний ханшийн хувьд Цагаан сарын баярын өмнөх хугацаанд үнэ нь 200 ам.доллар/тонн-ын босгоос доош ороод байсан билээ. Хятадын эдийн засгийн өсөлт саарч эхэлсэн нь нүүрсний үнийн бууралт айсуйг зах зээлд тоглогчдод илүүтэй төрүүлэх болсон. Тэгвэл Цагаан сарын баярын өдрүүдэд Австралийн коксжих нүүрсний гол муж болох Квийнслэндийн хойд хэсэгт хүчтэй үер болсон нь зах зээлд Австралийн нүүрсний нийлүүлэлт буурна гэсэн таамаг түгэхэд нөлөөлөв. 

Гэхдээ энэхүү үер нь харьцангуй бага хохиролтой тусах нь гарцаагүй болж, зах зээлд ч төдийлөн үнийн огцом өсөлт ажиглагдсангүй. Зөвхөн хоёрдугаар сарын эхний долоо хоногт л Abbot Point, Dalrymple Bay, Hay Point боомтын үйл ажиллагаа  хэдэн өдөр саатсан байна. Ингэснээр Австралийн үерээс үүдэлтэй асуудал энэ удаад коксжих нүүрсний зах зээлд 2008, 2011 оных шиг нөлөөлөхгүй нь тодорхой болж, тайвшралын уур амьсгал ноёлов. Гэсэн ч саяхны үер нь коксжих нүүрсний зах зээлд Австралийн коксжих нүүрсний ханшийг чамгүй өсгөөд амжсаныг график дээрээс буюу хоёрдугаар сарын дунд үеийн байдлаар нэг тонн коксжих нүүрсний 200 ам.доллар/тонн-оос давах болсноос харж болно.

Бас нэг зүйл гэвэл Хятадын зүүн хойд хэсгийн боомтууд дээр Австралийн нүүрс, тэр дундаа коксжих нүүрсний гаалийн шалган нэвтрүүлэлт удаашрах хандлагатай болж ирсэн юм. Энэ тухай албан ёсны байр суурь Хятадын Засгийн газар, холбогдох төрийн байгууллагуудаас илэрхийлээгүй ч хугацаа удаашрах болсон нь томоохон асуудал үүсгээд байна. 

Одоо Австралийн нүүрс Хятад руу нэвтрэхэд 40-45 хоног шаардлагатай болсон тухай мэдээлэл хэвлэлүүдээр хөвөрч эхэллээ. Ройтерс агентлаг энэ сараас эхлэн Хятадын Далианы боомт Австралийн нүүрсний импортод хориг тавьсан тухай мөн мэдээлэв. Хятад, Австрали улсын харилцаа сүүлийн хэдэн сарын хугацаанд хурцдах хандлагатай болоод байгаа нь кибер аюулгүй байдал, хөдөө аж ахуй, батлан хамгаалахын салбарын мэдээллээр баталгаажаад байгаа билээ. 

Австралийн хувьд өнгөрсөн наймдугаар сард Хятадын Хуайвэй компанийн 5G системийг авч ашиглахгүй байх шийдэлд хүрсний сацуу АНУ-тай хамтран Папуа Шинэ Гвинейн нутаг дэвсгэрт хамтарсан тэнгисийн цэргийн бааз байгуулахаар болсон нь Хятадыг ихээхэн эмзэглүүлээд байна. Хятад улс зөрүүлээд Австралийн хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүний импортод хяналт шалгалт оруулахаа мэдэгдсэний сацуу эрдсийн худалдаанд ч дөнгө тавьж эхлээд байгаа нь энэ. Гэхдээ коксжих нүүрсний алхмыг BHP зэрэг томоохон компаниуд Хятадын хувьд Австралийг л гагцхүү онилсон хэрэг бус, харин дотоодын нүүрсний зах зээлийг тэнцвэржүүлэх үүднээс нийт улс орнуудтай баримталж буй бодлогын илрэл гэж эерүүлэн тайлбарлажээ. Хэрэв үнэхээр Австралийн нүүрсийг Хятад  авахгүйд хүрвэл тус улсын нүүрсний үнэ багагүй хэмжээгээр буурна гэж шинжээчид тайлбарлаж байна. 

Зураг