Өнгөрсөн Лхагва гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Халимагийн БНУ-ын тэргүүнээр кикбоксын аварга Бату Хасиковыг томилсон билээ.
Тухайн өдрийн өглөө Халимагийн засаг захиргааны тэргүүн Алексей Орлов сайн дураар албан тушаалаасаа татгалзсан юм.
Ингэснээр дэлхийн дэвжээнээс тулааны спортын төрлөөр хэд хэдэн медаль зүүж байсан 38 настай Хасиков тус бүгд найрамдах улсын гурав дахь тэргүүн болж байгаа юм.
Тэрээр 2012-оос 2014 оны хооронд Оросын парламентын дээд танхим болох Холбооны Зөвлөлд Халимагийг төлөөлж байсан бөгөөд 2017 оноос өнөөдрийг хүртэл ОХУ-ын залуучуудын асуудал хариуцсан агентлагийн даргын зөвлөхөөр ажиллаж байна.
Насаараа спортоор хичээлэж, цагдаагийн байгууллагад ажиллаж байсан Хасиков ийнхүү гэнэтийн шийдвэрээр төрийн өндөр албан тушаалд томилогдож байна.
Хасиков нь 2011 онд улс төрийн ухааны докторын зэрэг хамгаалж байсан боловч таван жилийн дараа буцаан хураалгаж байжээ. 2016 онд ОХУ-ын Улс Ардын Аж Ахуй, Төрийн Албаны Академийн эрдмийн зөвлөл хуралдаж, Хасиковын докторын зэргийг хураах талаар хэлэлцэж шийджээ.
Хасиков нь эрдмийн ажилдаа бусдын бүтээлийг хуулбарлан ашиглаж, сэдвийн нэрийг “Карачево Черкесия” байсныг “Калмыкия” болгон өөрчилснийг илрүүлж байсан гэнэ.
Эрдмийн зөвлөлийн гишүүн, түүхийн ухааны доктор Сергей Степанов “Дэлхийн олон удаагийн аварга хүнд эрдмийн ажил хийж суух цаг байхгүйг би ойлгож байна. Бату эрдмийн ажлаа өөрөө бичээгүй төдийгүй уншиж ч үзээгүй нь харагдаж байна” гэж тухайн үед ярьж байжээ.
Орловын өмнө Халимагийн БНУ-ыг 1993-аас 2010 оны хооронд Кирсан Илюмжинов удирдаж байв. Тэрээр 1995-2018 онд Дэлхийн Шатрын Холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.
Эх сурвалж: Independent, Gazeta.ru