Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Алба хаагчид мотоциклтэй айл болгоноор орж техникийн бүрэн бүтэн байдал, жолоочийн үнэмлэхийг судалж байгаа"

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тээврийн цагдаагийн албанаас цаг үеийн асуудлаар болон хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр тус албаны удирдлагууд сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Талбайн зүүн тал дээр эргэдэг дээр өөрчлөлт хийсэн. Яагаад ингэж өөрчилсөн бэ? 

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат: -Хөдөлгөөний зохион байгуулалтыг судалгаа шинжилгээтэйгээр хийдэг. Үүнийг Тээврийн цагдаагийн газар ч хийдэг юм биш. Нэг жолооч зам дээр хэдхэн минут зогсоход л тэр чигтээ түгжирдэг болчихоод байна. Тиймээс энэ түр зохион байгуулалтууд бол аль болох түгжрэл багасгахад чиглэгдсэн арга хэмжээ юм. 

Авто тээврийн үндэсний төв зэрэг байгууллагууд хөдөлгөөний зохион байгуулалтыг хариуцдаг. Цагдаа бол иргэдийн аюулгүй байдал, дүрэм журам биелүүлэхэд анхаарч ажилладаг. 

-Саяхан цагдаагийн томоохон албан тушаалтантай холбоотой осол гарсан. Энэ хэрэг шалгагдаж байгаа юу?

Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Т.Амарсайхан: -Саяхан Нийслэлийн цагдаагийн газрын даргын жолооч осол гаргаж, хүний амь нас хохирсон хэрэг гарсан. Энэ хэргийг мөрдөн байцаах албаны тусгай субъект шалгадаг хэлтэст шалгаж байгаа. 

-Хавар болохоор цагдаа нар болзолт уралдаан зарладаг. Төлөвлөгөө биелүүлэх гэж иргэдийг торгодог гэсэн яриа байдаг. Энэ үнэн үү? 

-Манай цагдаа нар хөдөлгөөн зохицуулалтад ихэнх цагаа өнгөрөөж байгаа. Тээврийн хэрэгслийн 1/3 нь бүрэн бус техниктэйгээр хөдөлгөөнд оролцож байна гэсэн судалгаа байна. Тэгэхээр эдгээр байдлыг цэгцлэхийн тулд бид ажиллаж байгаа. 

-Улирлын байдлаас шалтгаалан мотоциклийн осол их гардаг. Энэ тал дээр ТЦА-аас анхааруулга сэрэмжлүүлэг хэр гаргадаг вэ? 

-Өнгөрсөн оны байдлаар 55,926 мотоцикл бүртгэгдсэний 86.4 хувь нь орон нутагт байна. Мотоциклийн ослын улмаас 552 осол гарсны 166-д нь хүний амь нас хохирч, 265 хүн гэмтсэн гэсэн судалгаа гарсан байдаг. 

Бид мотоциклийн ослыг огт орхигдуулаагүй. Бид алба хаагчдаа мотоциклтэй айл болгоноор оруулж техникийн бүрэн бүтэн байдал, жолоочийн үнэмлэхийг судлуулж байгаа. Ерөнхий зүйл биш нэг бүрчлэн ингэж ажиллаж байгаа.