Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Фэйсбүүк компани олон зуун сая хэрэглэгчийнхээ нууц үгийг ил задгай хадгалж байсан нь илэрчээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Фэйсбүүк компани хэсэг хугацаанд олон зуун сая хэрэглэгчийнхээ нууц үгийг кодлолгүйгээр ил задгай хадгалж байсныг өчигдөр хүлээн зөвшөөрчээ.

Нэгдүгээр сард тус компанийн системд гарсан алдааны улмаас хэрэглэгчийн нууц үгс ердийн текст хэлбэрээр хадгалагдаж, Фэйсбүүкийн инженер, мэргэжилтнүүд тэдгээрт чөлөөтэй ханддаг байсныг олж тогтоосон байна.

Компани яг хэдэн хэрэглэгчийн нууц үг өртсөнийг зарлаагүй ч "олон зуун сая Facebook Lite хэрэглэгч, олон арван сая Facebook хэрэглэгч, хэдэн арван мянган Instagram хэрэглэгч"-ийн нууц үг ил задгай хадгалагдаж байсан гэж мэдээлжээ. 

Фэйсбүүк компанийн инженерчлэл, нууцлал, мэдээллийн аюулгүй байдал хариуцсан дэд ерөнхийлөгч Педро Канахуати “Эдгээр нууц үгсийг манай ажилтнууд буруугаар ашигласан тохиолдол одоогоор илрээгүй байна. Фэйсбүүкийн дотоод сүлжээнээс гадагш алдагдах боломж байхгүй. Нууц үг нь ил болсон хэрэглэгчдэд бид тус бүрт нь мэдээлэх болно” гэж мэдэгдсэн байна.

Гэхдээ нууц үгс ил задгай хадгалагдаж байсан нь эрсдэлгүй өнгөрсөн гэх баталгаа байхгүй юм.

Тухайлбал Фэйсбүүкийн дотоод эх сурвалжаас авсан мэдээллээр задгай хадгалагдаж байсан нууц үгсийн сан руу тус компанийн 2,000 орчим инженер, програм зохиогчид хандаж, нийтдээ есөн сая орчим хайлт хийснийг дотоод лог файл харуулж байгаа тухай сэтгүүлч Брайан Крэбс мэдээлжээ.

Системд гарсан алдааг Фэйсбүүк компани засварлаж, аюулгүй болгосныг Педро Канахуати мэдэгдэлдээ өгүүлсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian