Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Тесла компани технологийг нь хулгайлсан хятад инженерийг шүүхэд өгчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Пүрэв гарагт АНУ-ын цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэлийн Тесла компани автомат жолоодлогын технологийн эх кодыг нь хулгайлж Хятадын компанид дамжуулсан инженерийг шүүхэд өгсөн байна.

Autopilot гэгддэг энэхүү технологийн эх кодтой холбоотой 300,000 гаруй файлыг Теслад ажиллаж байсан инженер Гуанжи Као хуулж авсныхаа дараа Хятадын Xiaopeng Motors Technology компанид ажилд орсон ажээ.

Харин Теслагийн экс инженерийг ажилд авсан Xiaopeng компани Каог ийм хэрэг үйлдсэнийг мэдээгүй бөгөөд уг асуудлаар компани дотроо шалгалт явуулахаар болсныг өчигдөр мэдэгдсэн байна.

Xiaopeng компанийн мэдэгдэлд “Бид бусдын оюуны өмч, нууц мэдээлэлд гүн хүндэтгэлтэй ханддаг. Манай компани бүх хууль дүрмийг хатуу сахидаг, цаашдаа ч сахих болно” гэжээ.

Тесла компани одоо Шанхай хотод томоохон үйлдвэр байгуулж байгаа бөгөөд удахгүй Хятадын зах зээлд Xiaopeng болон бусад автомашин үйлдвэрлэгчидтэй шууд өрсөлдөх гэж байгаа. Хятад улс нь цахилгаан хөдөлгүүрт автомашины дэлхийн хамгийн том зах зээл юм.

Autopilot технологи нь хүний оролцоогүйгээр автомашиныг жолоодох үйлдэл гүйцэтгэдэг. Гэхдээ энэ горимд ажиллахдаа жолооны ард заавал хүн хянаж байх шаардлага тавигддаг юм.

Гуанжи Као өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн Xiaopeng компанид ажиллаж эхэлжээ. Xiaopeng компани өнгөрсөн онд анхны цахилгаан хөдөлгүүрт автомашинаа Лас Вегаст үзүүлж байсан. Тус компанид Alibaba Group Holding, Foxconn Technology зэрэг Хятадын аварга компаниуд хөрөнгө оруулсан байдаг юм.

Тесла компаниас гаргасан шүүхийн гомдолд Xiaopeng компанийг өөрийнх нь нийтдээ таван мэргэжилтнийг ажилд авсан тухай мэдээлжээ.

Технологийн компаниудын хооронд мэргэжилтнүүд нь шилжихдээ чухал мэдээллийг авч гарах, дамжуулах тохиолдлууд түгээмэл байдаг.

Apple компани саяхан бас Хятадын компанид автомат жолоодлогын технологийн нууц мэдээлэл дамжуулсан экс ажилтнаа шүүхэд өгч байв.

Google-ийн толгой компани Alphabet-ийн Waymo автомат жолоодлогот машины төсөлд ажиллаж байсан инженер технологийн их хэмжээний нууц мэдээллийг Uber Technologies компанид дамжуулж, тус компанийн төслийн удирдагч болж байжээ.

Сүүлд энэ хэргийг шүүхээр шийдэж Uber компани Alphabet компанид $245 саяыг төлж байсан юм.

 

Эх сурвалж: Reuters