Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Уур амьсгалын өөрчлөлт монголчуудын эрүүл мэндэд нөлөөлж байна

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр дэлхийн агаарын дундаж температур 0.8 градусаар өссөн бол Монгол Улсад сүүлийн 70 жилийн дотор 2 градусаар нэмэгдсэн. Тийм ч учраас манай улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эзмэг эхний 10 улсад багтсан бөгөөд хүн амын амьжиргааны 80-аас дээш хувь нь цаг агаарын төлөвөөс шууд хамааралтай байгаа тул энэ асуудалд анхаарах зайлшгүй шаардлагатай байгааг өнөөдөр болсон “Уур амьсгалын өөрчлөлт хүн, мал, амьтны эрүүл мэнд, ургамал ургацад үзүүлж буй нөлөөлөл” зөвлөгөөний үеэр ярилаа. 

Энэхүү зөвлөгөөнд БОАЖ, ХХААХҮЯ болон эрдэмтэн судлаачид оролцож, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн талаар илтгэл тавьсан юм. 

Тэр дундаа энэ асуудал хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй талаар дөрвөн янзын судалгаагаа хийснээ Монголын анагаах ухааны академийн академич, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Б.Бурмаажав танилцуулав. Ингэхдээ сүүлийн 100 жилийн өвчлөлүүдийн байдлыг, зарим өвчний 50-60, зарим өвчнийг 5-10 жилийн байдлаар судалжээ.

Уур амьсгалын өөрчлөлт нь цэвэр агаар, ус, хоол хүнсний хангамж, тохиромжтой орон байр гээд хүний эрүүл амьдрахад шаардлагатай үндсэн эх үүсвэрт нөлөөлж байгааг судлаачид анхааруулж байна. Дэлхийн хэмжээнд:

  • Хотын агаарын бохирдлын улмаас 1.2 сая хүн,
  • Цэвэр усны хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл хангалтгүйн улмаас суулгалт халдвараар 2.2 сая хүн
  • Хоол хүнсний дутагдлаас шалгаалан 3.5 сая хүн
  • Байгалийн гамшгийн улмаас 60,000 орчим хүн жил бүр нас барж байна. 

Монгол Улсын хувьд 2009 оноос эхлэн Монголын анагаах ухааны академи, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн судалгаа хийж эхэлжээ. Ийнхүү өнөөдрийг хүртэл судалгаанаас харахад уур амьсгалын өөрчлөлт монголчуудын эрүүл мэндэд сайнаар ч, муугаар ч нөлөөлж байгаа нь харагдана. 

Тухайлбал, 1985 оноос хойш монголчуудын дундах амьсгалын эрхтэн тогтолцооны өвчлөл 2007 оны хүртэл тасралтгүй буурч ирсэн нь цаг агаарын дулааралтай холбоотой хэмээн судлаачид үзжээ. Харин 2017 оноос эргээд өсөх хандлагатай болсон нь хэт хуурайшилт, тоосжилт, агаарын бохирдолтой холбоотой аж. 

Зүрх судасны өвчлөл нэмэгдэж буй нь хэт халалттай ихээхэн хамааралтай болохыг гадаадын судлаачид онцолдог. Харин манай улсад энэ өвчлөлөөс шалтгаалсан нас баралт нэмэгдэж байгаагийн нэг шалтгаан нь хэт халалт байх боломжтой хэмээн үзжээ. 

Цөлжилтөөс үүдэн бөөр, цөс чулуужих өвчлөл ихсэх хандлагатай байна

 
Гэрэл зургийг MPA.mn

Бас нэг шалтгаан нь ундны усны хангамж. Агаарын температур ундны усны ерөнхий эрдэсжилт, сульфат, аммиакь нитрит гэх мэт үзүүлэлттэй шууд хамааралтай байгааг Б.Бурмаажав анхааруулав. Эдгээр үзүүлэлт агаарын температур нэмэгдэх үед ихсэж байгааг тогтоожээ. 

1996-2008 оны эрүүл мэндийн салбарын тоон мэдээллүүдэд шинжилгээ хийхэд 

  • Томуу, томуу төст өвчин
  • Менингококкт халдвар
  • Сүрьеэ
  • Вируст хепатит А
  • Цусан суулга зэрэг халдварт өвчлөлийн дийлэнх нь агаарын температур болон хур тунадастай хамааралтай байжээ. 

Сүүлийн 40-50 жилд усны эрдэсжилт байнга нэмэгдэж ирсэн байна. Энэ нь хэт халалт, цөлжилттэй холбоотой аж. Харин ийнхүү цөлжиж буй бүс нутгуудаар хүн амын дунд бөөр, шээсний зам, цөсний замын чулуужих өвчин нэмэгдэж байгаа нь ажиглагджээ. Үүнд усны эрдэсжилтээс гадна цөлжилтийн улмаас усны эх үүсвэр хомсдсоноос хүмүүсийн усны хэрэглээ багасаж, бодисын солицоонд нөлөөлсөн хэмээн үзэж байна. 

Түүнчлэн хуурай бүс нутагт шороон шуурга, салхи ихтэй байгаа нь хүмүүсийн нүдний хараа муудах, эвэрлэг бүрхүүлийн үрэвсэл ихсэхэд нөлөөлж байгаа зүй тогтол харагдсан талаар Б.Бурмаажав тайлбарлалаа.

Халуун нь хүйтнээс илүү нөлөөтэй

Судлаачид Улаанбаатар хотын агаарын температурын хэлбэлзэл эмнэлгийн тусламж авч буй хүмүүсийн тоог харьцуулан судалжээ. Ингэхэд 18 градусаас халуун үед тусламж авагчид нэг өдрийн дараа 1.17%-аар нэмэгдэж байсан бол эсрэгээрээ 18 градусаас сэрүүн үед 1.3%-д хүрч буурч байсан аж. 

2010-2015 оны 6-8 дугаар сард эрүүл мэндэд нөлөөлөхүйц хэт халуун өдрүүд онцгой анхаарах хэмжээнд байсан бөгөөд халуун өдрүүдийн тоо нэмэгдэж байгааг судлаачид дурдав. Тухайлбал, 1985 онд эрүүл мэндэд нөлөөлөхүйц халуун өдрийн тоо 14 байдаг байсан бол 2000 оноос 40, 2010 оноос 50 ба түүнээс дээш болоод буурсан бол 2014 оноос дахин нэмэгдэж байгаа аж. Өөрөөр хэлбэл, халуун нь хүйтнээс илүү эрүүл мэндэд нөлөөлж байна гэж дүгнэжээ. 

Хачиг байгальд амьдрах хугацаа уртсаж байгаа нь халдвар нэмэгдэх шалтгаан болж байна

 

Уур амьсгалын өөрчлөлт мөн халдварт өвчин өсөх шалтгаан болж буйг судаалчид тэмдэглэв.

Насанд хүрэгчдийн дунд тохиолдож буй халдварт өвчний гаралтад агаарын температур, даралт, чийг, салхины хурд, хур тунадас зэрэг хүчин зүйлээс гадна агаар бохирдуулагч SO2, NO2 Тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. 

Харин хүүхдэд томуу, хатгалгаа, амьсгалын доод замын бусад цочмог халдвар нь нэн хуурай, дулаан болон хуурайдуу сэрүүвтэр бүсэд илүү байгаа нь ажиглагджээ. Үүний ихэнх хувийг  

  • Шалтгаан нь тодорхойгүй вирусээр үүсгэгдсэн томуу
  • Үүсгэгч нь тодорхойгүй хатгалгаа
  • Цочмог бронхит уур амьсгалтай хамааралтай байна.  

0-16 насны хүүхдүүдийн дунд тохиолдож буй амьсгалын тогтолцооны өвчлөлд томчуудынхтай ижил байгалийн нөлөөллөөс гадна хүхэрлэг хий, азотын давхар исэл, угаарын хий, нарийн ширхэглэгт тоосонцор зэрэг агаарын чанарын үзүүлэлтүүд нөлөөтэй байгааг ярилаа. 

Мөн зоонозын өвчлөл, тэр дундаа хачгаар дамждаг өвчлөл сүүлийн үед нэмэгдэж байгааг анхааруулав. Яагаад гэвэл хүн хачигтай харьцах хугацаа нэмэгджээ. Энэ нь жимс түүдэг,  мод бэлтгэдэг, уурхайд ажилладаг зэрэг ой модонд ойрхон ажилладаг хүмүүс хачигт хазуулах шалтгаан болж буй аж.

“Энэ нь их олон тохиолддоггүй ч цаанаа үр дагавар ихтэй. Бүрэн эдгэдэггүй, тахир дутуу, оюуны бэрхшээлтэй болгодог аюултай. Тиймээс энэ чиглэлд нэлээд анхаарч, зарим хачгийн халдварын эсрэг вакцинжуулалт хийх ёстой. Хачгаас болж хүмүүс нас барж, эдгэсэн ч үлдэцтэй байна. Түүнээс гадна хээр талд байгаа хачгийн халдвар нэмэгдэж байгаа нь малчид, хүүхдүүдэд эрсдэл дагуулж байна” хэмээн Б.Бурмаажав ярилаа.