Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол, Япон улсын хоорондын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр 2014

ikon.mn
2019 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Ололт ба Сургамж бодлогын хэлэлцүүлгийн тэмдэглэл

Монгол-Япон улс хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэл нь Монгол Улсын хувьд чөлөөт худалдааны гэрээ байгуулсан анхны тохиолдол юм. 

Мөн Монгол Улсын олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд тодорхойлсон гурав дахь хөршийн бодлогод нийцсэн гэдгээрээ чухал ач холбогдолтой хэлэлцээр болсон. Түүнчлэн уг хэлэлцээр нь манай улсын гадаад харилцаа эдийн засгийн агуулгаар баяжиж буйг илэрхийлсэн томоохон алхам болсон билээ. 

Улаанбаатар Аналитик Хөгжлийн Судалгааны Хүрээлэн “Монгол Япон Улсын Хоорондын Эдийн Засгийн Түншлэлийн Хэлэлцээр” сэдвийн дор бодлогын хэлэлцүүлэг зохион байгууллаа. Аюулгүй Байдал Судлалын Хүрээлэн тус бодлогын хэлэлцүүлгийг дэмжин хамтран зохион байгуулав.

Монгол Улс нь далайд гарцгүй орны хувьд хоёр хөршийн нэгтэй биш гурав дахь хөрштэйгөө эдийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан нь нэг талаас нийт эдийн засагт үзүүлэх шууд нөлөөлөл нь хоёр хөрштэй харьцуулбал харьцангуй бага, нөгөө талаас эдийн засгийн өндөр хөгжилд хүрсэн, аж үйлдвэржсэн оронтой байгуулсан зэрэг нь цаашдын эдийн засгийн харилцаанд чухал алхам болсон гэдэг нь дамжиггүй.

Тиймээс Япон улстай байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн алдаа, оноо нь дараагийн хоёр талт эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд сургамж болж үлдэх ёстой.

Өнөөдөр Монгол Улс болон БНХАУ-н хоооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдан судалгааны шатандаа ажиллаж байгаа тул тус хэлэлцүүлгийг зохион байгуулж буй нь цаг үеэ олсон үйл явдал юм.

Нэмж тэмдэглэхэд, ажлын хэсгүүдийн дүгнэлтээс үзвэл дээрх хэлэлцээр нь эдийн засгийн хувьд төдийлөн ач холбогдолтой бус байжээ. Гэхдээ улс төрийн шийдвэрээр гадаад худалдааны хэлэлцээр байгуулах тохиолдол олон улсын практикт түгээмэл байдаг тул зөвхөн эдийн засгийн агуулгатай байх албагүй юм. 

Хэлэлцүүлгийн хүрээнд МУИС-ийн Бизнесийн Сургуулийн Маркетинг, худалдааны тэнхмийн профессор Н.Батнасан, Монгол Банкны Судалгаа, статистикийн газарын мэргэжилтэн Б.Хүслэн, модератороор Улаанбаатар Аналитик Хөгжлийн Судалгааны Хүрээлэнгийн удирдах зөвлөлийн гишүүн О.Эрдэнэ-Өрнөх нар ажиллалаа.

  1. Бодлогын хэлэлцүүлгийн гол асуудлууд

Манай улс Дэлхийн Худалдааны Байгууллага (ДХБ)-ын гишүүн орны хувиар гадаад худалдаанд хүлээсэн үүрэгтэй.

Монгол Улсын гадаад худалдаа ДХБ-ын өмнө гэрээгээр хүлээсэн үүргийн хүрээнд явж ирсэн. Монгол Улс худалдааны хамгаалалтын арга хэрэгслийг идэвхтэй хэрэглэдэггүй. Энэ нь худалдааны нээлттэй байдалд эерэг нөлөөтэй хэдий ч, дотоодын үйлдвэрлэл төрөлжихөд сөрөг нөлөөтэй, зарим орны худалдаанаас хэт хараат байдалд ороход хүргэдэг. Гэвч гадаад худалдааг хязгаарласан, дотоодын үйлдвэрлэлийг хэт хамгаалсан протекционист бодлого явуулах нь богино хугацаанд хэрэглэгчдэд үнийн дарамт учруулдаг, дунд болон урт хугацаанд дотоодын үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг сулруулдаг сөрөг нөлөөтэй. Тиймээс гадаад худалдааны бодлогод нээлттэй байдал ба хамгаалалтын арга хэрэгслийн зохистой тэнцвэрийг хадгалах нь бодлогын чухал зорилт юм.

Япон Улстай байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь Монгол Улсын хувьд эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ хэлбэр байсныг тэмдэглэх нь зүйтэй. Хэлэлцээ хийх явцад Монгол улсын талаас урьдчилан таамаглаагүй олон асуудал урган гарч байсны зэрэгцээ тодорхой асуудлуудын хүрээнд ч хоёр талын хүлээлт, сонирхол харилцан адилгүй байсан. Гадаад худалдааг өргөжүүлэхэд чиглэгдсэн өмнө хэрэглэж байгаагүй механизмуудыг ашиглах оролдлого хийж буйн зорилго нь зөвхөн одоо байгаа худалдааг зохицуулахад биш харин хэлэлцээр байгуулагдсанаар худалдааны боломжуудыг бий болгох явдал байв.

Монгол Улсын хувьд гуравдагч оронтой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, гадаад худалдааг идэвхижүүлэх үндсэн хоёр шаардлага бий. Үүний нэг нь хоёр хөршөөс бусад улс оронтой худалдааг идэвхижүүлснээр хоёр хөршийн худалдааны хамаарлыг бууруулах, нөгөө нь экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх явдал юм. Экспортын шинэ зах зээл нээснээр валютын урсгал нэмэгдэж, улмаар макро эдийн засгийн тогтвортой байдалд эерэгээр нөлөөлнө. Үүнээс гадна манай өнөөгийн экспортын бүтээгдэхүүн овор хэмжээ, жин ихтэй бүтээгдэхүүн зонхилж байгаа бол гуравдагч оронд бүтээгдэхүүн экспортлох боломжыг нэмэгдүүлснээр овор хэмжээ, жин багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд түлхэц өгөх тул чухал ач холбогдолтой юм.  

Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулагдсанаар эдийн засагт богино хугацаанд эерэг үр дүн гарна гэж хүлээх нь учир дутагдалтай юм.

Учир нь худалдааны хэлэлцээр байгуулагдсанаар өнөөдөр үйлдвэрлэгдэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээнд шинэ зах зээл нээж өгөхөөс гадна ирээдүйд шинэ бүтээгдэхүүн бий болгох боломжийг мөн давхар нээж байдаг ач холбогдолтой. Хэдийгээр өнөөдөр Япон улстай хийж буй худалдаанд импорт давамгайлж байгаа боловч Монгол Улсаас экспортлож буй бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ аажмаар өсөх хандлагатай байна. Японоос импортолж буй гол бүтээгдэхүүн нь хуучин автомашин байна. Харин Японруу экспортлогдож буй бүтээгдэхүүнийг авч үзвэл голдуу овор хэмжээ багатай бүтээгдэхүүнүүд зонхилж буйгаас үзвэл уг хэлэлцээрийн бодит үр дүн гарч эхэлж байна гэж үзэж болох юм. Өнөөгийн түвшинд шинээр нээгдсэн зах зээлд бүтээгдэхүүнээ байршуулах, тус зах зээлийн шаардлагад нийцүүлэн бүтээгдэхүүнээ хөгжүүлэх зэрэг туршилтын шинжтэй ажлууд хийгдэж байгаа бөгөөд бизнесүүд ирээдүйн баталгаатай зах зээл гэсэн итгэл үнэмшилтэй болсон үед экспортын хэмжээ өснө гэсэн хүлээлттэй байна. 

Манай улсын хувьд бусад улс орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, шинээр нээгдсэн боломжуудыг бүрэн дүүрэн ашиглахад сөргөөр нөлөөлж буй дараах хоёр гол хүчин зүйл байна.

  1. Экспортыг дэмжих цэгцтэй тогтвортой бодлого, түүнийг хэрэгжүүлэх механизм ба институцийн чадавх
  2. Эдийн засгийн төрөлжилт ба үйлдвэрлэх чадавх

Экспортыг дэмжих бодлого, түүнийг хэрэгжүүлэх механизм ба институцийн чадавх

Манай улсын хувьд гадаад худалдаа, эдийн засгийн түншлэлийн хэлэлцээ амжилттай явуулахад хүрэлцэхүйц чадавхтай төрийн инситуц, экспортыг дэмжих бодлого үгүйлэгдэж байна.

Хоёр талын болон бүс нутгийн, олон талт худалдааны хэлэлцээрээр дамжуулан гадаад худалдаагаа идэвхижүүлж, экспортын орлогоо амжилттай нэмэгдүүлсэн улс орнуудын туршлагаас үзэхэд худалдааны бодлого нь цэгцтэй, тогтвортой, түүнийг хэрэгжүүлэх механизмууд нь тодорхой байснаас гадна гадаад худалдаа экспортыг дэмжих чиг үүрэгтэй төрийн институцийн чадавх өндөр байжээ.

Экспортыг дэмжих бодлогыг тодорхой хугацааны үечлэлээр шинэчлэн боловсруулж, түүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай орчин, дэд бүтцийг тухай бүрт нь бүрдүүлж, хэрэгжүүлэх механизмыг зааж өгч байж  амжилттай хэрэгждэг. Манай улсын хувьд экспортыг дэмжих бодлого 1998, 2013, 2016 онуудад тус тус шинэчлэн баталж байсан ч түүнийг хэрэгжүүлэх механизм, санхүүгийн эх үүсвэр тодорхойгүй байснаас хэрэгжээгүй цаашид ч хэрэгжих боломжгүй байгаа юм. Хэдийгээр энэ хугацаанд экспортыг дэмжихэд чиглэгдсэн олон улсын байгууллагуудын төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байсан боловч экспортыг дэмжих цэгцтэй, тууштай бодлого үгүй байгаагийн дээр төрийн институцийн чадавх бүрэлдээгүй. Бусад улс орнуудын жишгээс үзвэл улсын экспортыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг улсын төсвөөс санхүүждэг байгууллагуудын чадавх чухал ач холбогдолтой байдаг ажээ.

Нийт 205 улсын 95 хувь (195 улс) нь худалдаа хариуцсан яамтай, эдгээрийн 25 хувь (51 улс) худалдааг дагнан хариуцсан яамтай байна.

Мөн, Монгол Улс ложистикийн гүйцэтгэлийн индекс (LPI) -ийн ерөнхий үзүүлэлтийн дүнгээр 160 орноос 2016 онд 108 дугаар байранд, энэ онд 130 дугаар байрт жагссан. LPI индекс буурахад гаалийн үйл ажиллагаа, ачаа тээвэрлэлтийн мэдээлэл болон цаг хугацааны үзүүлэлтүүд голчлон нөлөөлжээ. Манай улсад бараа, бүтээгдэхүүн экспортод гаргахад 11 төрлийн бичиг баримт бүрдүүлж, 168 цаг зарцуулдаг бол импортод 12 төрлийн бичиг баримт шаардаж, 115 цаг зарцуулж байна. Энэ үзүүлэлтээр бүс нутгийн дунджаас 2-3 дахин өндөр байгаа юм. 

Эдийн засгийн төрөлжилт ба үйлдвэрлэх чадавх

Эдийн засгийг төрөлжүүлэхэд бидэнд тулгарч буй суурь асуудлуудыг:

  • 1) бизнес хөрөнгө оруулалтын орчин муу,
  • 2) далайд гарцгүй,
  • 3) дэд бүтцийн хөгжил сул зэргийг нэрлэсэн нь өмнөх хэлэлцүүлэг (Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хүрээнд зохион байгуулагдсан)-тэй ижил байв. Мөн
  • 4) нэрлэсэн зээлийн хүү бусад орнуудтай харьцуулахад өндөр байгаа нь экспортын салбарын хөгжилд, ялангуяа жижиг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байна.

Үйлдвэрлэх чадавхийг хэмждэг Economic Complexity Index (ECI) буюу “Эдийн засгийн цогц байдлын индекс” нь нэг хүнд ноогдох орлогын вариацын 75%-ийг тайлбарлах чадвартай байдаг нь улс орнуудын харьцуулсан судалгаагаар тогтоогдсон байдаг. Өөрөөр хэлбэл Эдийн засгийн цогц байдлын индекс өндөр байх тусам нэг хүнд ноогдох орлого өсдөг зүй тогтолтой. 

Экспорлогдож буй бүх бүтээгдэхүүнийг тухайн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшин болон бүтээгдэхүүн тус бүрийн үйлдвэрлэл дэх мэдлэгийн ялгаатай байдлыг илэрхийлдэг бүтээгдэхүүний орон зайн шинжилгээ хийдэг. Тус шинжилгээг хийснээр ирээдүйд үйлдвэрлэх боломжтой бүтээгдэхүүнийг өнөөдөр үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнд ашиглагдаж буй мэдлэг, боловсруулалтын түвшинг ашиглан тодорхойлох боломжтой. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүнүүдийг орон зайн талбарт байршуулж, тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд шаардлагатай мэдлэгийн ялгаатай байдал ба боловсруулалтын түвшинг тооцсоноор цаашид эдийн засгийн аль салбарт, ямар бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжтойг тодорхойлж болно.

Мэдээж, энэхүү аргачлалыг ашиглан Монгол Улсад өнөөдөр үйлдвэрлэдэггүй, экспортлодоггүй ч боловч ойрын ирээдүйд үйлдвэрлэх хамгийн боломж бүхий бүтээгдэхүүний жагсаалтыг тодорхойлох боломжтой. Манай улсын хувьд уул уурхайн болон хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулахгүйгээр экспортлодог тул эдийн засгийн төрөлжилт маш сул. Тиймээс эдийн засгийг төрөлжүүлэх, экспортыг нэмэгдүүлэхийн тулд богино хугацаанд уул уурхайн салбарын түүхий эдийг боловсруулах чиглэлд төвлөрч ажиллах нь бусад шинэ салбарт хөрөнгө оруулалт хийхээс илүү чухал гэж үзэж байна. Харин дунд болон урт хугацаанд хөдөө аж ахуй, хүнд үйлдвэрлэл, хими-материалын үйлдвэрлэл, мэдээллийн технологи зэрэг уул уурхайн бус салбарыг хөгжүүлэх бодлого боловсруулан хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй.

  1. Дүгнэлт

Хоёр талт эсвэл олон талт эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд зайлшгүй шаардлагатай боловч эдийн засгийн хөгжлийн хангалттай биш юм. Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд шинээр нээгдэж буй боломжуудыг бүрэн дүүрэн ашиглахад тогтвортой бодлого ба дотоодын институцийн чадавх, эдийн засгийн төрөлжилт, бизнес-хөрөнгө оруулалтыг дэмжиж чадахуйц суурь хүчин зүйлс бүрэлдсэн байх шаардлагатай.

Манай улс сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд экспортыг дэмжих, эдийн засгийг төрөлжүүлэхэд чиглэсэн бодлого, хөтөлбөрүүд олныг баталсан ч тэдгээрийн хэрэгжилт хангалтгүй, үр дүнд багатай байна. Сайтар цэгцлэгдээгүй, хэрэгжүүлэх механизм нь тодорхойгүй бодлого, хөтөлбөрийг ойр ойр батлах нь эцэстээ хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд ч сөргөөр нөлөөлдөг. Бодлого боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн эсвэл төсвөөс санхүүжигддэг институцийн чадавх сул, эсвэл хариуцсан яам, агентлаг нь өөрчлөгддөг явдал нь институцийн санах ой бий болгох боломж олгохгүй байгаа нь эдийн засгийн төрөлжилт, экспортыг дэмжих боломжгүй болгож байна.

Эдийн засгийг төрөлжүүлэх бодлого боловсруулахдаа өнөөдөр үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний мэдлэг, know-how-д тулгуурлан цаашид үйлдвэрлэх боломжтой бүтээгдэхүүн, эдийн засгийн тэргүүлэх салбарыг тодорхойлох шаардлагатай байна. Өмнөх экспортыг дэмжих бодлого, хэрэгжээгүй хөтөлбөрүүд нь хэрэгжүүлэх механизм тодорхойгүйгээс гадна, хөтөлбөрийн зорилтууд нь өнөөгийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний мэдлэгийн түвшинтэй холбоогүй байгаа нь хэрэгжих боломжгүй болгож байна.

Бизнес, хөрөнгө оруулалтын орчны тодорхойгүй байдал, дэд бүтцийн хөгжил сул, зээлийн хүү өндөр байгаа зэрэг нь манай улсад үйлдвэрлэл хөгжихөд сөргөөр нөлөөлж буй суурь хүчин зүйлс болж байна. Эдгээр суурь хүчин зүйлс нь богино хугацаанд өөрчлөх боломжгүй ч дунд хугацааны зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэх замаар шийдвэрлэх боломжтой юм.

  1. Бодлогын зөвлөмж

Цаашид чөлөөт худалдааны хэлэлцээ хийхдээ Монгол Улсад өнөөдөр үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээс гадна бүтээгдэхүүний цогц байдлын индекс ашиглан ойрын ирээдүйд үйлдвэрлэн гаргах боломжтой бүтээгдэхүүнийг тодорхойлж, уг бүтээгдэхүүнүүдийн экспортын боломжуудыг тэлэхэд төвлөрөх нь зүйтэй. Үүнээс гадна Монгол Улсын хувьд өнөөдөр үйлдвэрлэхгүй байгаа, мэдлэгийн уялдаагүй боловч нөөцийн (factor conditions) давуу талд тулгуурлан ирээдүйд үйлдвэрлэгдэх боломжтой бүтээгдэхүүнүүдийг мөн авч үзэх хэрэгтэй.

Бизнес-хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, дэд бүтцийг хөгжүүлэх дунд хугацааны зорилтот хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж жил бүр үр дүнг нь хөндлөнгийн байгууллагаар үнэлүүлж ажиллах шаардлагатай.

Гадаад худалдаа хариуцсан төрийн болон төсвөөс санхүүждэг институцийн чадавх бүрдүүлэх, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах нь гадаад худалдааны хэлэлцээрийн хүрээнд бий болсон боломжуудыг бүрэн дүүрэн ашиглахад чухал ач холбогдолтой.  Гадаад худалдааг тусгайлан хариуцсан байгууллагатай болсноор компаниудыг шинэ зах зээлд гарахад нь туслахаас гадна бие даан зохицуулалт хийх замаар хамгаалалтын арга хэрэгслүүдийг зохистой түвшинд хослуулан ашиглах боломж бүрдэнэ.

Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан нь өөрчлөгдөшгүй зүйл биш бөгөөд тодорхой хугацааны давтамжтайгаар тухайн хэлэлцээрт эдийн засгийн хувьд хохиролтой хэсгийг засварлах, үйлдвэрлэлийн хөгжлийн түвшин дээшилсэнтэй холбоотой шинээр гарч ирж буй боломжуудыг тусган сайжруулах тогтсон процесс бий болгох хэрэгтэй.

 

Бэлтгэсэн: М.Чимэддорж

 

 


Чатам Хаус-н Дүрэм

Хэлэлцүүлэгт оролцогчид хүлээн авсан мэдээллээ хэрэглэх эрхтэй боловч тухайн мэдээллийг өгсөн илтгэгч болон бусад оролцогчдын хэн, хаана ажилладагийг бусдаас нууцлах үүрэгтэй.