Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Назарбаев огцорсонтой холбоотой сошиал ертөнцөд тарсан хошигнолууд

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Казахстаныг 30 орчим жил захирсан Нурсултан Назарбаев ерөнхийлөгчийн албан тушаалаа бусдад шилжүүлэх болсон нь гэнэтийн цочир үйл явдал байлаа.

Гэвч түүнийг үнэндээ эрх мэдлээсээ тийм амархан татгалзахгүй гэж олон хүн үзэж байна.

Тиймээс Казахстан болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудын иргэдийн дунд Назарбаевын шийдвэрийг инээд наргиан болгон хүлээж авах үзэгдэл түгээмэл байгаа юм.

Тэдгээрийн заримаас сонирхуулая.

Казахстаны сэтгүүлч Светлана Глушкова гэнэтийн мэдээг хүлээж аваад твиттер хуудсандаа нэгэн хошигнол бичжээ.

“Назарбаев Токаевт жолооны хүрдгүй машин бэлэглэж гэнэ. Токаев ‘Жолооны хүрд нь хаана байгаа юм бэ?’ гэж асуухад Назарбаев ‘Чи зүгээр л хаазлаад бай. Залахыг нь би зална’ гэжээ” хэмээн тэр бичсэн байна.

Назарбаевын итгэл хүлээлгэсэн Касым-Жомарт Токаев өчигдөр Казахстаны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон юм.

Казахын шог зохиолч Самат Жамаев фэйсбүүк хуудсандаа “Жинхэнэ огцролт биш байж магадгүй ч хүмүүс бие биедээ баяр хүргэсээр байна. Анх удаагаа л казах хүмүүс ингэж их баярлаж байх шиг байна!” хэмээн бичжээ.

Казахстаны сэтгүүлч Татъяна Панченко энэ үйл явдлыг “30 жилийн түүхэнд тохиолдсон хамгийн том мэдээ” гэсэн бол яруу найрагч Ербол Жумагул “Амьддаа албан тушаалаа хүлээлгэж өгсөнд нь баярлалаа” хэмээн бичсэн байна.

Төв Азийн орнуудын удирдагчид ихэнхдээ нас барах хүртлээ төрийн жолоог атгадаг.

Жишээ нь Узбекистаныг 27 жил захирсан Ислам Каримов 2016 онд нас барсан бол Туркмены Сапармурат Ниязов 1985 оноос эхлэн 2006 онд нас барах хүртлээ улс орныг удирдаж байв. Тажикистаны ерөнхийлөгч Эмомали Рахмон 1992 оноос одоог хүртэл улсаа удирдаж байна. Тэр ч бас хорвоог орхих хүртлээ ерөнхийлөгчийн суудалт тухлах нь тодорхой байгаа.

Ганцхан Киргизэд сүүлийн жилүүдэд хэд хэдэн удаа ерөнхийлөгчөө солиод байгаа нь онцгой тохиолдол юм. Тиймээс Казахстаны зарим иргэд сошиал хуудсандаа “Киргиз хүмүүсээ, ерөнхийлөгч нь солигдохоор яах ёстойг бидэнд хэлээд өгөөч. Учир нь бид анх удаагаа ийм зүйлтэй учирч байна” гэж хошигнон бичицгээсэн байна.

Казах сэтгүүлч Лукпан Ахмедяров фэйсбүүк хуудсандаа энэхүү ховор үйл явдлыг “Казахстаны дараагийн ерөнхийлөгчийг энэ насандаа харах болсон нь бидний хувьд баярлах ганц том шалтгаан юм” гэж бичжээ.

“Бусдаар бол үйл явдал яг л бидний хүүхэд насны шинэ жил шиг үргэлжилж байна. Өвлийн өвгөн үнэндээ манай нэг багш юм гэдгийг мэдэж байгаа мөртлөө бүгд баярлан хөөрдөг шиг” гэж тэр үргэлжлүүлсэн байна.

Бас нэг твиттер хэрэглэгч “Энэ жил бид гурван том цувралын төгсгөлийн ангийг хүлээж байгаа. The Avengers, Game of Thrones, шинэ Star Wars. Гэхдээ Нурсултан Назарбаев эдгээрийг бүгдийг бут цохиж чадлаа. Энэ бол төгсгөлүүдийн төгсгөл юм” гэж бичжээ.

Мөн энэ үйл явдалтай холбоотойгоор Беларусын иргэд ерөнхийлөгч Александр Лукашенкогоо Назарбаевын жишгийг дагахыг уриалсан байна. Одоо 64 настай Лукашенко нь 1994 оноос хойш төрийн эрхэнд байгаа юм.

Минскийн иргэн Иван Карпенко “Александр Григоревич, чэллэнжийг хүлээн авна уу” хэмээн энэ санаагаа илэрхийлжээ.

Мөн сошиал сүлжээнд Назарбаевыг хэн залгамжлах боломжтой талаар хошигнолууд хөвөрч байна. Тухайлбал Холливүүдийн од Николас Кэйж, “Борат” киноны гол дүр Британий жүжигчин Саша Бэрон Коэныг иргэд нэрлэцгээжээ.

Кэйж 2017 онд Казахстанд зочлохдоо зуны ид халууны үеэр казах үндэстний өвлийн хувцастай зургаа авхуулсан нь дуулиан, элэглэл дагуулж байсан юм.

Түүний зургийг твиттер хуудсандаа нийтэлсэн нэгэн иргэн “Шинэ ерөнхийлөгчийн нэрийг сонсоод Казахстан даяар жихүүцэж байна” хэмээн бичжээ.

Өөр нэг хэрэглэгч “Шуурхай мэдээ! Нурсултан Назарбаевын залгамжлагчийг зарлалаа!” гэж бичээд Боратын гэрэл зургийг нийтэлсэн байна.

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty