Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Apple компанийн Face ID ихрүүдийг ч ялгадаг болно

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Гар утсанд нэвтэрсэн хамгийн найдвартай царайгаар таних технологи нь одоогоор Apple компанийн Face ID юм.

Гэхдээ ихрүүд, ижил царай төрхтэй хүмүүсийн хооронд төөрч будилах тохиолдлууд байгааг хүмүүс мэдээлж байв. Анх хоёр жилийн өмнө iPhone X гар утсыг Face ID технологитой зах зээлд гарах үед интернэт орчинд хэрхэн үүнийг хуурч, бусдын гар утсанд нэвтэрснээ харуулсан бичлэгүүд олноор тарж байсан юм.

Тэр цагаас хойш Apple компани Face ID технологидоо багагүй сайжруулалт хийсэн.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт тус компани АНУ-ын патентын газарт (USPTO) царайгаар таних технологийнхоо шинэ хувилбарыг бүртгүүлэх хүсэлт гаргасныг хэвлэлүүд олж мэдээлжээ.

 

Шинэ патент бүртгүүлэх бичиг баримтад өгүүлснээр Apple шинэ хувилбартаа “subepidermal imaging” технологийг нэвтрүүлж байгааг дурдсан байна.

Энэ нь хүний нүүрний арьсны цаана байгаа судаснуудын хэлбэр, байрлалыг “сканердаж” хэн болохыг нь танина гэсэн үг ажээ. Ингэснээр гадна талаасаа ялгахын аргагүй адилхан хүмүүсийг ч ялгаж таних чадвартай болох юм.

Учир нь хүний нүүрний хэсгийн судас, судлуудын хэлбэр нь давтагдашгүй бөгөөд нэг эсийн ихрүүдийн хооронд ч өөр байдаг гэнэ.

Шинэ Face ID энэ оны намар танилцуулагдах iPhone-ий шинэ загваруудад нэвтэрч магадгүй гэсэн таамгийг зарим мэргэжилтнүүд хийжээ.

 

Эх сурвалж: Independent