Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

LEADMongolia: "Ажил хийх гоё" төслийг танилцууллаа

А.Намуун, iKon.mn
2019 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр World Learning олон улсын ТББ-ын хэрэгжүүлж буй #LEADMongolia 2018 хөтөлбөрийн хүрээнд "Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах" багийн хэрэгжүүлж буй "Ажил хийх гоё" (Internship Compass) төслийг өнөөдөр танилцууллаа.

Төслийг Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн газар болон Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци дэмжиж байгаа аж.

Нийслэл, орон нутагт суралцаж буй 3, 4-р курсийн оюутнууд болон ажил идэвхтэй хайж буй 20-29 насны залуучуудад салбартаа тэргүүлэгч Мэдээлэл Холбооны Сүлжээ, Юнител, Монгол шуудан зэрэг компаниудад бодит дадлага хийж, чадвар дээшлүүлэх боломж олгоно.

Түүнчлэн хөтөлбөрийн хүрээнд сонгогдсон 20 оролцогч харилцааны чадвар, инновацийн мэдэгдэхүүн, хэлний мэдлэгээ түргэн хугацаанд дээшлүүлэх хичээл, цаашлаад ажил олгогчдын хүсдэг чадваруудыг тусгай эрчимжүүлсэн сургалтаар дамжуулан өөртөө суулгах юм.
 
Уг төслийн бас нэг зорилго нь тогтвортой ажлын байр идэвхтэй хайж буй залууст зориулсан дадлагын гарын авлага боловсруулахад чиглэж буй. Гарын авлага нь Монгол Улс дахь дадлагын системийн хөгжлийг сайжруулахад хувь нэмэр оруулах, залуу ажилтнуудыг ажилд авахдаа хүний нөөцийн менежментийн үр дүнтэй арга хэрэгслийг зөв ашиглахад нь ажил олгогч нарт туслах зорилготой юм. Уг хөтөлбөрт хамрагдсанаар та гагцхүү өөртөө бус Монголын хөдөлмөрийн насны бүх залуусын ирээдүйн хөгжилд хувь нэмэрээ оруулна гэдгийг онцолж байв.
 
Монгол дахь ажилгүй иргэдийн 35.6%-ийг 20-29 насны залуус бүрдүүлж байна. Үүгээр зогсохгүй эдгээр ажилгүй иргэдийн гуравны нэг нь дээд боловсролтой. Өөрөөр хэлбэл дээд боловсрол эзэмшсэн ч ажилд орж чадахгүй байна. Судалгаагаар шинэ төгсөгчид ажил олгогчийн тавьсан шаардлагыг хангахгүй байгаа нь дээд боловсролтой ажилгүй иргэд олшрох тэргүүлэх шалтгаануудын нэгт тооцогдож байна.

Харин идэвхтэй ажил хайж буй болон төгсөх курсийн оюутнуудад ажлын байранд гарахад ямар практик мэдлэг зайлшгүй шаардлагатайг ойлгуулж, эдгээр чадварыг олгодог дадлагын системийг бүрдүүлснээр ажил олгогч нарын тавьж буй шаардлага, шинэ ажилтнуудын чадварын заагийг бодитоор арилгах юм.
 
Дэлхийн Эдийн Засгийн Чуулганы тооцсоноор 2020 он гэхэд дэлхий даяар 7 сая гаруй оффисын ажлын байр устаж технологийн эрин үеийн шаардлагад нийцсэн шинэ ажлын байраар солигдох хүлээлттэй байна. Энэхүү өөрчлөлтөд урьднаас бэлдэхэд анхаарсан суралцах хурдаа түргэсгэх, англи хэлийг зөв суурьтай сурах, хуурамч мэдээллийг хэрхэн ялгах, бүтээлч сэтгэлгээг хурцлах дасгал зэрэг 21-р зууны боловсон хүчний хэрэгцээнд нийцсэн сургалтууд хүлээж байгааг дуулгалаа.