Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Америкчуудын хилээ хамгаалахад ашигласан өргөст торыг Мексикчүүд гэрээ хамгаалахад ашиглах болжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Латин Америкаас ирж буй дүрвэгчдийн цувааг зогсоохын тулд АНУ-ын засаг захиргаа олон янзийн арга хэмжээг авч байгаа.

Сүүлд АНУ-ын Сан Диего болон Мексикийн Тихуана хотуудын дунд оршдог хилийн зурваст өргөст тор татах ажлыг Америк цэргүүд болон ажилчид гүйцэтгэж байжээ.

Гэтэл энэ ажил нь үр дүнгүй болж, сайн чанарын өргөст торын ихэнх хэсэг хулгайд алдагдсан байна. Удалгүй Тихуана хотын айлууд өмч хөрөнгөө хамгаалах зорилгоор яг ижил өргөст торыг ашиглаж эхэлжээ.

Өөрөөр хэлбэл Америкчуудын татсан торыг Мексикчууд хулгайлж, хувийн хэрэгцээндээ ашиглах болсон байна.

Өнгөрсөн долоо хоногт Мексикийн цагдаа өргөст тор хулгайлж зардаг 20 орчим хүнийг баривчлан саатуулжээ. Мексикийн хилийн Тихуана хот нь 2018 оны дэлхийн хамгийн аюултай хотуудын жагсаалтын нэгдүгээрт бичигдэж байв.

Тус хотод 100,000 хүн тутамд 138.26 аллага ноогддог байна. Дөнгөж хилийн цаана байгаа АНУ-ын Сан Диегод 100,000 хүнд 2 аллага ноогддог.

Манай дэлхийн хамгийн аюултай 50 хотыг Тихуана тэргүүлсэн бол тэдгээрийн 42 нь Латин Америкийн, 15 нь Мексикийн хотууд байжээ.

Тихуана хот нь АНУ руу хар тамхи хулгайгаар нэвтрүүлэх гол замуудын нэгт тооцогддог бөгөөд гэмт хэргийн бүлэглэлүүд энд хяналтаа тогтоохын тулд байнга дайтдаг юм.

Одоогоор энд Синалоагийн картель болон "Халискогийн шинэ үеийнхэн" картелийн хооронд тэмцэл өрнөж байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна.

 

Эх сурвалж: Business Insider