Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

С.Сүх-Очир: Нийгмийн хөгжилд сайн дурынхны хувь нэмэр, оролцоог нэмэгдүүлэхээр зорьж байна

С.Бадрал, iKon.mn
2019 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар залуучуудын сайн дурын ажлыг дэмжих, тэдний оролцоог нэмэгдүүлэх, тусч соёлыг дэлгэрүүлэх, эерэг хандлагатай, бүтээлч иргэдийг дэмжих зорилгоор “Нийслэлийн залуучуудын сайн дурынхны хөгжлийн төв”-ийг “Сайн дурынхны хөгжлийн төв” НҮТББ-тай хамтран нээсэн тухайгаа зарласан. Нийслэлийн залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очиртой ярилцсныг хүргэж байна.

- Саяхан нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас “Нийслэлийн залуучуудын сайн дурынхны хөгжлийн төв” байгуулж байгаа талаар мэдээлж байсан. Тус төвийн үйл ажиллагааны талаар танилцуулахгүй юу?

 - Юуны өмнө ярилцлага авч буй танай хамт олонд талархал илэрхийлье. Нийслэлийн залуучуудын сайн дурынхны хөгжлийн төвийн үйл ажиллагааг “Сайн дурынхны хөгжлийн төв” НҮТББ бие даан явуулах юм. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар тус төвийн үйл ажиллагааг дэмжиж, оффис болон хурлын танхимыг түрээс, урсгал зардалгүйгээр ашиглах боломжийг нээж, сайн дурын ажил хийсэн залуучуудын ажилласан цагийг баталгаажуулах ажлыг зохион байгуулна.

Нийслэлийн залуучуудын сайн дурынхны хөгжлийн төв нь сайн дурынхны санаачилга, оролцоотойгоор

  • Хүүхэд залуучууд, олон нийтийн хөгжил
  • Хүрээлэн буй орчин, байгаль хамгаалах (мөн амьтан, ургамлыг болон соёлын өвийг хамгаалах) үйл ажиллагаа
  • Нийгмийн эрүүл мэнд – аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа
  • Байгалийн гамшиг, аюулт үзэгдэл, осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагаа
  • Ахмад настанд чиглэсэн нийгмийн халамжийн үйл ажиллагаа
  • Нийгмийн хамгаалал (Үүнд: зорилтот бүлэгт чиглэсэн тусламж үйлчилгээ)
  • Үе тэнгийн болон албан бус боловсрол олгох үйл ажиллагаа
  • Хүний эрхийг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаа
  • Хувь хүний бүтээлч чадавхыг хөгжүүлэх, иргэдийн санал санаачилгыг дэмжих үйл ажиллагаа
  • Хотын соёл – иргэдийн ухамсар, хандлагыг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаануудыг хийхээр төлөвлөж байна.

Энэхүү төв нь сайн дурын ажлын ач холбогдол, тусч соёлыг залуучуудад түгээх, нийгмийн бүхий л салбарт ажиллах сайн дурын ажилтнуудыг чадавхжуулах, хөгжүүлэх замаар төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран нийгмийн хөгжилд сайн дурынхны хувь нэмэр, оролцоог нэмэгдүүлэхээр зорьж байна.

Ойрын хугацаанд буюу 2019 оны гуравдугаар сарын 19-ний өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд “Зүрх тархиараа зэрэг манлайл” уран илтгэлийн тэмцээнийг оюутан залуучуудын дунд зохион байгуулахаар төлөвлөж байгаа тул залуучууд та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

- Сайн дурын ажил гэж юу вэ? Сайн дурын ажилд оролцох нь залуучуудад ямар давуу талыг бий болгодог вэ?

- Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд “Сайн дурын ажил гэдэг залуучуудын идэвх санаалчилгаар явуулж байгаа ашгийн төлөө бус нийтэд тустай үйл ажиллагааг хэлнэ” гэж тусгасан байгаа. Өөрөөр хэлбэл Та өөрийн сайн хийж чаддаг зүйлээр дамжуулан, эсвэл авьяас, чадвар шаардахгүй ч хэрэгтэй газар нь хэрэгтэй хүнд нь тус болох байдлаар сайн дурын ажил хийж болно. Арай өргөн утгаар тодорхойлбол сайн дурын ажил гэдэг нь хувь хүн буюу хэсэг бүлэг, баг хамт олон сайн дураараа ямар нэг байгууллага, зуучлагчаар дамжуулан эсвэл өөрөө шууд харилцаа холбоо тогтоож, тодорхой ажлыг гүйцэтгэхээр зорилго, чиглэлтэйгээр, заагдсан цаг хугацаанд, биеийн ба оюуны хүч хөдөлмөрөө зориулах, бусад хэлбэрээр дэмжлэг үзүүлэхийг хэлдэг.

Залуучууд энэ төвд хандан сайн дурын ажилд оролцсоноор хувь хүний хөгжил, төлөвшилд нь маш их эерэг өөрчлөлт гарна. Ажлын туршлага хуримтлуулна, танилын хүрээгээ тэлнэ. Сайн дурын ажил хийснээ баталгаажуулснаар олон талын ач холбогдолтой. Тухайлбал гадаадын болон дотоодын их, дээд сургуульд элсэх, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, ажилд ороход давуу тал болдог.

Орчин үед байгууллагуудын хүний нөөцийн менежерүүд ажилтан авахдаа сайн дурын ажил хийж байсан уу? Үгүй юу? гэдгийг онцгойлон анхаардаг болсон.

- Сайн дурын үйл ажиллагааны талаарх Монголчуудын туршлага, дэлхий нийтэд сайн дурынхны үйл ажиллагаа ямар түвшинд байдаг вэ?  

- Сайн дурын үйлс нь соёлт хүн төрөлхтний амьдралын салшгүй хэсэг юм. Дэлхийн сайн дурынхан бол маш сайн бэлтгэгдсэн, бусдын төлөө зориулах зүрх сэтгэлтэй, ажил хэрэгч, залгамж холбоо сайтай, нэр хүндтэй хүмүүс байдаг. Тэд өөрсдийн хийж буй ажилдаа чин сэтгэлээ зориулдаг хүмүүс учир өөрийн улс орны болон дэлхийн хэмжээний үйл хэрэг, онцгой нөхцөл байдал, аюул осол, гамшиг, баяр ёслол, хурал, зөвлөгөөн зэрэгт сайн дурынхан хамгийн чухал үүрэг гүйцэтгэгчид байдаг.

Хүн төрөлхтний эв нэгдлийн хамгийн том наадам болох Олимпын наадмыг сайн дурынхангүйгээр төсөөлөхийн аргагүй болсон. Тухайлбал Япон Улсад зохион байгуулагдах “Токио-2020” Зуны олимпын наадмын үеэр сайн дураараа туслагчид буюу 110 мянган сайн дурынхныг ажиллуулах тухайгаа Олимп зохион байгуулах хорооноос мэдэгдсэн. 

Баяр наадам төдийгүй гамшиг, осол, халдварт өвчний үед ч тэд хамгийн гол, онцгой хэсэг байж, нийгэмд олон сайхан эерэг өөрчлөлтийг авч ирэхийн тулд зүрх сэтгэл, чаддаг бүхнээ зориулдаг хүмүүс. “Эбола тархсан төв Африкт ажиллаж байсан эмч, сувилагч нарын 80 хувь нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн сайн дурынхан байсан. АНУ-д хамгийн нэр хүндтэй мэргэжил бол “Гал сөнөөгчид” байдаг бөгөөд хот, салбарын гал сөнөөх багийнхны дийлэнх мөн л сайн дурынхан байдаг” гэх мэдээллийг уншаад бахархах сэтгэл төрж байлаа.

Мөн өнгөрсөн хоёрдугаар сард болсон "Сахалин-2019" Азийн хүүхдийн наадамд Ази тивийн 20 улс, ОХУ-ын 8 муж улс, нийт 28 багийн 1120 тамирчин оролцсон бөгөөд зохион байгуулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор 6 улсын 1,000 сайн дурынхан ажилласан юм.  Тус наадамд Монгол Улсаас 15 сайн дурын ажилтан ажилласан. Оролцсон тамирчид болон зохион байгуулалтад туслалцаа үзүүлэн ажилласан сайн дурынхны тоог  харьцуулахад л энэ ажлын ач холбогдол харагдаж болохоор байна.

Монголчуудын бие биендээ туслах соёл нь ахуй амьдрал, уламжлал ёс заншилтай нь салшгүй холбоотой байдаг. Нүүдэл тосож цайлаад явуулах найрсаг соёлоос эхлээд хамтаараа хашаа, хороогоо янзлах, эсгий хийх, гэр барих гээд бидэнд сайн дурын ажлын соёл уламжлал бий. “Олны хүч оломгүй далай”, “Далайд дусал нэмэр” гэх сургамжит үгээр хүүхэд, залуучуудаа хүмүүжүүлсээр ирсэн. Мөн сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан өвчтэй, зовлонтой гачигдсан, зовсон нэгэндээ туслахаас эхлээд олон сайн үйлс дэлгэрч байна.

Тиймээс бидэнд сайн дурын үйл ажиллагааг улам өргөжүүлэх, нийгэмд эерэг өөрчлөлт авч ирэх их хүч болсон залуучуудыг чадавхжуулах, гэгээн мөрөөдөлтэй залуучуудыг дэмжих, нийгмийн хөгжилд сайн дурынхны хувь нэмэр, оролцоог нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага байна.

- “Нийслэлийн залуучуудын сайн дурынхны хөгжлийн төв”-ийн үйл ажиллагаанд хэрхэн хамрагдах вэ?

- Хүн яагаад өөрийнхөө хэрэгцээнээс давж, бусдын төлөө чин сэтгэлээсээ үйлчилдэг вэ? Хүмүүс яагаад хариу нэхэлгүй бие биедээ тус хүргэдэг вэ? надад ийм хүсэл сонирхол байна уу гэж Та өөрөөсөө нэг асуугаад үзээрэй.

 Хүмүүнлэгийн болон сайн дурын ажилд оролцох, нийгэмд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй, гэгээн мөрөөдөлтэй залуучууд Та бүхэнд  “Нийслэлийн залуучуудын сайн дурынхны хөгжлийн төв”-ийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно. Бидэнтэй хамтарч нийгэмд эерэг өөрчлөлтийг үрийг суулгаарай. Залуучууд Та бүхнийг урьж байна.

- Баярлалаа.

- Та бүхний ажилд амжилт хүсье.

НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУЧУУДЫН САЙН ДУРЫНХНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ
Хаяг: Сүхбаатар дүүрэг, Нийслэлийн Засаг захиргааны 5-р байр, 

https://www.facebook.com/Niisleliinzaluuchuud/  

https://www.facebook.com/VolunteerDevelopmentCenter/

Холбоо барих утасны дугаар: 70117085, 9812-5557