Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Нурсултан Назарбаевыг хэн залгамжлах вэ?

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг

1980-аад оны сүүлээс эхлэн Казахстаныг удирдаж байгаа ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Мягмар гарагийн үдэш албан тушаалаасаа сайн дураар татгалзаж байгааг зарласан нь гэнэтийн явдал байлаа.

Тэрээр үндэсний төв телевизийн сувгаар хийсэн мэдэгдэлдээ “Энэ жил миний улс орныхоо удирдагч болсны 30 жилийн ой тохиож байна. Гэвч би өнөөдөр Казахстаны ерөнхийлөгчийн албан тушаалаас буух хэцүү шийдвэрийг гаргалаа” гэж ярьсан байна.

Газар нутгийн хэмжээгээр дэлхийд есдүгээрт жагсдаг Казахстаныг олон жил удирдахдаа эдийн засгийн хувьд хүчирхэг улс болгосон гавьяатай Назарбаевыг бас ардчилал, эрх чөлөөг дарангуйлагч гэж шүүмжилдэг.

“Миний үеийнхэн болон би өөрөө улс орондоо хийж чадах бүгдийг хийлээ. Үр дүнг нь та бүхэн сайн мэдэж байгаа” гэж тэр өчигдөр хэлсэн юм. Назарбаев цааш нь ярихдаа "улс оронд хийх өөрчлөлтийг үргэлжлүүлэх шинэ залуу үеийн удирдагч нарт боломж олгох" хүсэлтэйгээ хэлжээ.

Ерөнхийлөгчийн албан тушаалаас бууснаар 78 настай Назарбаев зарим эрх мэдлээ алдах нь тодорхой байгаа. Гэхдээ түүнийг Казахстаны улс төрийн амьдралд нөлөөтэй хэвээр үлдэнэ гэж ихэнх ажиглагчид үзэж байна.

2010 онд тус улсын парламент Назарбаевт “Элбаси” буюу улс үндэстний их удирдагч гэх насан туршийн өргөмжлөл олгох шийдвэр гаргаж байв.

Үүнийг сануулсан Назарбаев “Тиймээс би та бүхэнтэйгээ ойр хэвээр байна. Улс орон, ард түмний маань асуудал миний ч асуудал байх болно” гэж хэлжээ.

2015 онд тав дахь удаагаа сонгогдсон Назарбаевын бүрэн эрхийн хугацаа 2020 онд дуусах юм. Тиймээс парламентын спикер Касым-Жомар Токаев нэг жил орчим хугацаанд буюу дараагийн сонгуулийг хүртэл ерөнхийлөгчийн үүргийг орлон гүйцэтгэх бололтой.

Казахстаны дараагийн ерөнхийлөгчөөр Токаев тодрох боломжтой харагдаж байгаа. Одоо 65 настай Токаев нь Москвад боловсрол эзэмшсэн, ерөнхий сайд, гадаад хэргийн сайдын албыг хашиж байсан, НҮБ-д Казахстаныг төлөөлж байсан улс төрч юм. Назарбаев өчигдөр түүнийг үүрэг гүйцэтгэгчээр томилсныг зарлахдаа “Казахстаныг удирдах хэмжээний итгэл хүлээсэн хүн” гэж магтсан байна.

Өөр нэг боломжит залгамжлагч бол одоогийн ерөнхий сайд, 53 настай Аскар Мамин юм. Астана хотын дарга асан, тээвэр, холбооны сайд байсан түүнийг Назарбаевын залгамжлагч болох магадлалтай боловсон хүчинд тооцдог.

Залгамжлагч болох магадлалтай бас нэг эрхэм нь Назарбаевын том охин, 55 настай Дарига. Одоо парламентын гишүүнээр ажиллаж байгаа Дарига Назарбаева өөрийн улс төрийн намыг удирдаж байсан, засгийн газарт шадар сайдын албыг хашиж байжээ.

Залгамжлагч болох магадлалтай өөр нэг хүн нь 53 настай Карим Масимов юм. Тэрээр хоёр ч удаа Казахстаны ерөнхий сайдаар томилогдож байсан, бас Назарбаевын тамгийн газрын даргаар ажиллаж байжээ.

Дараагийн ерөнхийлөгчөөр хэн ч сонгогдсон тэр нь гангийн үйлдвэрийн ажилчнаас эхлээд улсын ерөнхийлөгч болж, 1989 оноос хойш хатуу гараар Казахстаныг захирч ирсэн Нурсултан Назарбаевын таалалд нийцэх ёстой болж байна.

Өчигдөр үдээс өмнө Назарбаев ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярьж, ерөнхийлөгчийн албан тушаалаасаа буух гэж байгааг мэдэгдэж, зөвлөлдсөн тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty