Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Төсвийн хөрөнгийг үнэгүйдүүлсэн тендерчдийн ХАР ЖАГСААЛТ гаргах уу?

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Тендер буюу төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажил үргэлж хэл ам дагуулж, авлига хээл хахууль, ах дүүгийн мөнгө угаах хэрэгсэл болсныг УИХ-ын гишүүд ч ил цагаан ярих болсон. 

Энэ ажлыг зохицуулахаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг анх 2005 онд баталсан ч тавхан жилийн дотор 14,170 гаруй зөрчил гарсан бөгөөд сайжруулах гэж буй нэрээр хуульдаа 23 удаа гар хүрсэн байдаг. Харамсалтай нь байдал дээрдээгүй өнөөг хүрч, гомдол ч нэмэгдэх болжээ. Тухайлбал, 2010-2017 онд Засгийн газраас 74 төсөл хэрэгжүүлсний 14-ийнх нь хугацааг сунгасан бөгөөд үүний улмаас жилд л 400 сая төгрөгийн урсгал зардал гарч байгааг хууль санаачлагчид тооцоолжээ. 

2016 онд 3,500 гаруй тендер зарласнаас 606 гомдол Сангийн яаманд ирсэн бол 2017 онд 5,900 тендерээс 813-т нь гомдол ирсэн гэсэн тоо байна. 

Тендер шалгаруулах хамгийн гол шалгуур нь “Хамгийн бага үнэ санал болгох”. Гэвч хамгийн бага үнэ санал болгоод нэг жил гүйцэтгэх ажлыг 10 жил сунжруулж, төсвийн хөрөнгө оруулалтыг үнэгүйдүүлж, хариуцлага алдаж байгаа компани ч байгааг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин хэлсэн бол хамгийн бага үнэтэй байлгахын тулд урд хөршийн бараа бүтээгдэхүүн санал болгох нь дотоодод үйлдвэрлэхээс хугацаа, хөрөнгө бага зарцуулах тул энэ хууль дотоодын үйлдвэрлэлийг бодитой дэмжиж чадахгүй байгааг Ш.Раднаасэд гишүүн өчигдөр болсон Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр сануулсан. 

Тус байнгын хороогоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар 2018.05.11, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир нарын 3 гишүүн 2018.06.08-ны өдөр тус тус өргөн мэдүүлснийг нэгтгэн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Гэвч хуулийг сайжруулах ээлжит энэхүү оролдлого тийм ч дорвитой шийдлүүд тусгаж чадаагүйг Байнгын хорооны гишүүд шүүмжилж байв. Тиймээс гишүүдийн хэлсэн зарим чухал саналыг хуулийн төсөлд тусган дахин хэлэлцүүлэхээр болсон. Энэ үеэр хуульд туссан болон тусгах зарим саналыг товчлон хүргэвэл:

  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гэсэн нэртэйгээр тендерийн үйл ажиллагааг хариуцсан бүтэцтэй болно. 
  • Дотоодод үйлдвэрлэж, дотоодоос хангах боломжтой бараа бүтээгдэхүүнийг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авахдаа импортоор орлуулахгүй. 
  • Чанаргүй тендер гүйцэтгэж, тендер авсныхаа дараа үнээ өсгөдөг, ажлаа хийдэггүй, тендерт ялчихаад уг ажлыг гүйцэтгэх боломжгүй боллоо гээд гарчихдаг компаниудын ХАР жагсаалтыг гаргаж, дараа нь улсын ажил гүйцэтгүүлэхгүй байх заалтыг хуульд тусгах 
  • Тендер зөвхөн шалгаруулахад анхаараад даалгаврыг зөв өгөх тал дээр дутагдалтай байгааг УИХ-ын гишүүн З.Нарантуяа анхааруулсан. Тиймээс тендерийн ажлын даалгаврыг нарийн, маш тодорхой, ойлгомжтой, зорилготойгоо нийцүүлэн өгөх бөгөөд энэ даалгаврыг мэргэжлийн хүмүүс хийдэг байх хэрэгтэй гэдгийг хэлсэн.
  • Харин тухайн төслийн зураг төсөв гарсны дараа Хяналтын төсөв хийж байгаа нэрээр зөрүү гаргаж, хариуцсан төрийн албан хаагч мөнгө хийдэг асуудлыг цэгцлэх шийдэл хуулийн төсөлд туссан эсэхийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат асуухад Ажлын хэсэг ийм асуудал байгаа гэдгийг л хүлээн зөвшөөрсөн хариу өгсөн юм. Өөрөөр хэлбэл, энэ байдлыг засах талаар хуульд тусгаагүй гэсэн үг. 

Иймд гишүүдийн гаргасан саналуудыг тусган, хуулийн төслийг дахин хэлэлцүүлэхээр боллоо.