Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Биднийг битгий өрөвдөөч, биднийг өөрчлөөч"

Б.Оюунжаргал, Үндэсний шуудан
2019 оны 3 сарын 20
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

65 дугаар сургуульд хөгжлийн бэрхшээлтэй 26 хүүхэд суралцаж байна.

“Намайг Г.Урангоо гэдэг. Би аав, ээж, эгч хоёр ахтайгаа амьдардаг. Одоо манай ангид дуу хөгжмийн хичээл орж байна. Гэхдээ би монгол хэлний хичээлдээ илүү дуртай. Миний мөрөөдөл гэвэл би том болоод эмч болно гэж боддог” хэмээн мишээл цацруулан ярих Г.Урангоо нийслэлийн 65 дугаар дунд сургуулийн гуравдугаар ангид сурдаг. Тэрбээр хэл яриа, бие эрхтний бэрхшээлтэй гэсэн оноштой ч гэрийнхэн нь түүнийг тусгай сургуульд бус ерөнхий боловсролын сургуульд элсүүлэхийг илүүд үзжээ.

Учир нь дэлхийн бусад оронд хөгжлийн бэрхшээлтэй болоод тусгай хэрэгцээт хүүхдийг энгийн сургуульд, эрүүл саруул хүүхдүүдийн хамт сургах, боловсрол эзэмшүүлэх нь илүү үр дүнтэй төдийгүй тухайн хүүхдийн хөгжих, өөрийгөө дайчлах зэрэг чадвар маш сайжирдгийг мэдээллийн хэрэгслээс уншиж, мэдсэний үндсэн дээр тус сургуульд элсүүлж байсан гэнэ. Аав, ээжийнх нь энэ шийдвэр зөв байсныг охины хичээлдээ болон бусадтай хандах хандлага өдөр тутамдаа баталж байгааг ангийн багш нь ярьж байлаа.

Тэрбээр “Эцэг, эхчүүд хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээт хүүхдүүдээ ерөнхий боловсролын сургуульд хамруулж байгаа нь үнэхээр сайшаалтай. Хүүхдийн чадвар, мэдлэг, тэмүүлэл өдрөөс өдөрт нэмэгдэж, сайжирч байгааг хараад би хүртэл маш их урам авч, илүү хичээх ёстой юм байна гэж анх бодож байсан. Үнэндээ нэгдүгээр анги дааж авахад манай ангид хөгжлийн бэрхшээлтэй хоёр хүүхэд элссэн л дээ.

Тухайн үед энэ хоёр сурагчтай хэрхэн ажиллахаа мэдэхгүй зөвхөн “Энэ сурагч маань бусад сурагчаас үсгээ арай өөрөөр бичдэг, уншихдаа арай удаан боловч уншиж чаддаг, илүү их юм сурахыг хүсэж байгаа учраас би илүү хичээх ёстой юм байна” гэдгийг л ойлгож байсан учраас Насан туршийн боловсролын төвийн багш нараас дэмжлэг авах нь зүйтэй гэж үзсэн.

Ингээд тус төвийн багш нараас хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллах арга барил, хичээл заах арга зүй гэх мэт олон зүйл суралцаж эхэлсэн. Улмаар сурагчидтайгаа хэрхэн ажиллах аргаа олж, тэд маань ч тодорхой хэмжээний үр дүнтэй суралцах болсон. Ингэж байтал өнгөрсөн жилээс Хүүхдийг ивээх сангаас хэрэгжүүлж буй “Монгол Улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төслийн хүрээнд бага ангийн багш нарыг хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй хэрхэн ажиллах, тэдэнд эрдэм мэдлэг олгох, хөгжүүлэхэд шаардлагатай арга зүйн сургалтуудыг хийж эхэлсэн.

Тус сургалтад хамрагдсанаар улам илүү мэдлэгжиж, чадваржсан гэж бодож байгаа. Манай анги 38 хүүхэдтэй. Н.Болдхуяг, Г.Урангоо нарын маань зурах чадвар маш ахицтай хөгжсөн. Анх өөрийгөө илэрхийлэхээс, бусадтай харилцахаас нэг л эмээнгүй байдаг байсан бол одоо чөлөөтэй илэрхийлж, ангийнхантайгаа тоглож, олон зүйл дээр бусдаасаа дутахааргүй болсон” гэсэн юм.

Түүнчлэн тэрбээр Н.Болдхуяг, Г.Урангоо нарын ар гэрийнхний талаар “Аав, ээжүүд нь сэтгэл өндөр байх шиг байдаг. Заримдаа “Хүүхэд маань зөндөө их юм сурч, хүмүүстэй харилцах хандлага, харилцаа нь сайжирч байгаад баярлаж байна” гэдэг. Болдхуяг дээр жишээ авахад анх ээж нь түүнийг бие засах бүрт ариун цэврийн өрөө оруулж, бие засуулдаг байсан.

Өөрөөр хэлбэл, хичээлийн цаг дуустал ангийн гадаа хүлээж байдаг байсан гэсэн үг. Тэгвэл Болдхуяг маань энэ жилээс ариун цэврийн өрөө орох гэх мэт асуудлаа өөрөө шийддэг болсон. Бас багшийн болоод бусдын хэлсэн үгийг маш сайн тогтоож, хэрэгжүүлэхийг хичээдэг болсон. Түүнийг бие дааж олон зүйл хийж чаддаг болсныг гэрийнхэн нь ярьдаг” гэсэн юм. 

Мөн түүний онцлохыг хүссэн нэг зүйл нь “Хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээт хүүхэдтэй зөвхөн багш биш ар гэрийнхэн, найз нөхөд нь тулж ажиллах нь ус агаар мэт хэрэгтэй. “Монгол Улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төслийн нэг давуу тал нь зөвхөн багш нарыг бус эцэг эхийг нь, ангийнх нь найзуудыг чадавхжуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн талаарх нийгэм дэх сөрөг, ташаа ойлголтыг эерүүлэх, тэд аливаа зүйлийг бусдаас жаахан өөрөөр л хийдэг болохоос биш бүхнийг чаддаг гэдгийг ойлгуулах сургалтууд явуулсан нь юм. 

Ингэснээр багшийн ажил маш их хөнгөрч, тал талын дэмжлэг, туслалцаа бий болж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ч таатай орчин үүсэж байгаа нь сайшаалтай. Хамгийн чухал зүйл нь бид тал талаасаа хичээж чадвал хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ нийгмээс гадуур орхилгүй хамтдаа хөгжиж, боловсрох боломжоор нь хангаж чаддаг гэдгийг эхнээс нь мэдэрч байгаа нь чухал үр дүн” гэсэн юм.

Тус сургуулийг зорьсон шалтгаан нь сүүлийн өдрүүдэд сошиал ертөнцөөр “Хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн аливааг сурах, хийх арга барил өөр ч тэд хөгжих, суралцах, бусдыг манлайлах бүрэн боломжтой. Тэдэнд эцэг, эхээс нь гадна багш, үе тэнгийн найз нөхдийнх нь багахан туслалцаа, магадгүй эерэг хандлага чухал. Үүнийг нийслэл, орон нутгийн зарим ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээс харж болно” гэх мэдээлэл багагүй цацагдсан.

Иймд тусгай сургууль нэмж барих шаардлагатай хэмээн дэлхий нийтийн жишгээс хөндлөн зүйл ярьдаг манай улсын боловсролын салбарынхан үнэхээр тусгай хэрэгцээт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ сургаж, хүмүүжүүлж чадаж байна уу гэдгийг сурвалжлахыг зорьсон хэрэг. Энэ ч үүднээс хөгжлийн бэрхшээлтэй 26 сурагч сургуульд нь амжилттай суралцаж буй тус сургуулийг сонгосон билээ.

Биднийг очих үеэр тус сургуулийн Нийгмийн ажилтан Т.Шижирмаа “Хүүхдийг ивээх сангаас санаачлан хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төсөл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд рүү чиглэсэн боловсролын ажилд том хувь нэмэр оруулж байгаад баяртай байгаа. Сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан таатай орчин зайлшгүй шаардлагатай. Иймд бид сургуулийнхаа орчныг налуу замтай болгож тохижуулсан.

Түүнчлэн багш нарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй хэрхэн ажиллахаа мэдэхгүй, ачааллаас шалтгаалан төвөгшөөх зэрэг хандлага байдаг байсныг дээрх төслийн чадавхжуулах сургалтуудаар шийдэж чадсан гэж бодож байгаа. Багш нарыг чадавхжуулах сургалтад хамруулснаар тэдний хандлага, сургах арга барил өөрчлөгдсөн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бусад хүүхдийн адил ангийнхантайгаа мөр зэрэгцэн сууж байна.

Хааяа ганцаарчлан сургах хөтөлбөрийн хүрээнд хичээл ордог. Үүнээс гадна манай сургуульд Насан туршийн боловсролын төв хичээллэж байна. Сургалт нь бүх насны дүйцсэн хөтөлбөрөөр явагддаг. Амьжиргааны баталгаажих төвшин доогуур, суралцахуйн бэрхшээл, амьдралын хүнд нөхцөл байдлаас үүдэн сургуулиас завсардсан хүүхдүүд тус төвөөр дамжуулан суралцаж байгаа. Энэ төвд дауны синдром, аутизмтай 9-15 насны 23-25 хүүхэд өглөө, өдөр гэсэн ээлжээр хичээллэдэг. Бид тус төвийн багш нараас суралцаж, хамтарч ажилладаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд “Биднийг битгий өрөвдөөч, биднийг өөрчлөөч” гэж хэлэхийг хүсдэг юм билээ.

Бүр тодруулбал “Бид аливаа зүйлийг бусдаас арай өөрөөр хийж, сурдаг. Үүнийг маань хүмүүст, багш нарт, найзуудад маань ойлгуулж өгөөч” гэдэг. Хүүхдүүдийн яг энэ яриа, бодлыг илэрхийлсэн “Өөр Өөр” сошиал нөлөөллийн ажлыг Хүүхдийг ивээх сангаас зохион байгуулж байгаа юм билээ. Энэ нь нийгэмд, хүмүүст, үеийнхэнд нь “Хүн бүр өөр өөрийн гэсэн чадвартай, аливаа зүйлийг хийхдээ өөрийн гэсэн арга барилтай, сурах арга барил өөр, ажил гүйцэтгэх арга барил нь ч өөр.

Яг үүнтэй адил хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд аливаа зүйлийг хийх арга барил өөр ч энэ нь хөгжиж чадахгүй гэсэн үг огт биш” гэдгийг ойлгуулахад чиглэсэн үр дүнтэй үйл ажиллагаа. Энэ мэт хамтын хичээл зүтгэлээр олон хүүхэд хөгжиж, сурч, өөртөө итгэх итгэлтэй болж байгаад баяртай байгаа” хэмээн ярилаа. Тэндээс бид тус сургуулийн бага ангиудаар орж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хэрхэн суралцаж байгааг сонирхсон юм. Энэ үеэр хоёрдугаар ангид сурдаг тулгуур эрхтний бэрхшээлтэй хүү бидэнд

“Элэг зүрхнээс уяатай
Энхрий монгол нутаг минь
Эцэг эхээс заяатай
Энхрий алтан өлгий минь” хэмээн “Халуун элгэн нутаг” дууг зүрхэн тушаа гараа тавиад дуулж өгөв.

Зураг