Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч K-pop оддын холбогдсон хэргийг нарийвчлан шалгах үүрэг өгчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин тус улсын поп урлагийн одод нэр холбогдоод байгаа хэргийг нарийвчлан шалгах үүргийг хуулийн байгууллагуудад өчигдөр өгсөн байна.

Тэр бас 2013 онд авлигын оронд сэкс үйлчилгээ авдаг гэх дуулианд холбогдож байсан хууль зүйн дэд сайд асан, 2009 онд амиа хорлосон залуу жүжигчин бүсгүй Жан Жэ Ёны хэргүүдийг сэргээн шалгахыг прокуроруудад даалгажээ.

“Прокурор, цагдаагийн одоогийн удирдлагууд өөрийн байгууллагын үнэнийг нуусан, будилаантай хэргүүдийнхээ учрыг олж, алдагдсан нэр төрөө сэргээх хэрэгтэй. Хэрвээ бид үүнийгээ засаж залруулж чадахгүй бол нийгэмд шударга ёсыг тогтоож чадахгүй” гэж Мүүн Жэ Ин хэлсэн тухай ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.

Өмнөд Солонгосын хууль зүйн дэд сайд асан Ким Хак Уй барилгын компанид албан тушаалаа ашиглан тус хүргэснийхээ хариуд сэкс үйлчилгээ авдаг байсан гэх дуулиан саяхнаас дахин сөхөгдөж эхлээд байна.

Түүний хэргийг 2013 онд шүүх цагаатгаж байжээ.

Залуу жүжигчин Жан Жэ Ён 2009 онд гэртээ өөрийгөө дүүжилж амиа хорлож байв. Амиа хорлохдоо үлдээсэн зурваст менежмэнтийн компани нь түүнийг хүчээр 30 орчим эрэгтэйтэй унтуулж байсныг илчлээд тэдгээрийн дотор нэр хүндтэй сонины эрхлэгчийн нэрийг дурдсан байжээ.

Ази тивд дөрөвт орох том эдийн засагтай Өмнөд Солонгосын нийгэм эмэгтэйчүүдэд халтай, эцгийн эрхт ёс ноёлдгоороо алдартай. Гэхдээ сүүлийн жил гаруй хугацаанд дэлхий даяар өрнөж буй #MeToo хөдөлгөөний нөлөөгөөр эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэргүүд илэрч эхлээд байгаа юм.

 

Эх сурвалж: Yonhap News