Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

Энх цагт амиа алдсан цэргүүдийн талаар хэн ч ам нээсэнгүй

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 3 сарын 19
http://jargaldefacto.com/
Зураг зураг

Зэвсэгт хүчний 98 жилийн ой Монгол цэргийн өдөр ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Энэ өдөр уламжлал ёсоор төрийн өндөрлөгүүд батлан хамгаалах салбарынханд мэндчилгээ дэвшүүлж, үндэсний бөхийн барилдаан болж, цэргийн байгууллагынхан цол нэмж нижгэр тэмдэглэсэн. 

Харин энх цагт цэрэг амиа алдсан хэргийн талаар хэн ч ам нээсэнгүй. Зөвхөн хүүгээ, дүүгээ цэрэгт явуулаад алдсан ар гэрийнхэн нь л Батлан Хамгаалах Яамны үүдэнд талийгаачийнхаа зургийг барин бүтэн өдөр зогсов.

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангид алба хааж байхдаа нас барсан Б.Алтантулгын эмээ, ах нар нь ийнхүү Монгол цэргийн өдрөөр батлан хамгаалах салбарынхныг хариуцлага, ёс зүйтэй байхыг шаардаж, дүүгийнхээ амийг нэхсэн юм. 

Энэ талаар талийгаачийн ах Б.Эрдэнэбатаас тодруулахад “Биднийг БХЯ-ныхан хүлээн авч уулзсан. Бид өмнө нь тус яаманд дүүгийн минь амь нас хохирсон хэргийг үнэн зөвөөр шийдэх, энэ хэрэгт гэрчээр оролцож байгаа цэргүүдийн эрхийг хамгаалахыг шаардаж, Монголын зэвсэгт хүчин хоцрогдсон арга барилаар ажиллаж байна, дэглэлт яргалал хэтэрч байна гэдэг асуудлыг тавьсан юм. Сайд нь гадаад томилолттой гэсэн. Яамны төлөөлөл бидний асуудлыг дээд удирдлагадаа танилцуулж, хариу өгнө гэсэн. 

Эрүүл саруул цэрэгт татагдаж очсон хүүхэд дэглүүлж, яргалуулаад амиа алдаж байгаа явдлыг хариуцах эзэн нь Батлан Хамгаалах Яам. Гэтэл өнөөдөр хариуцлага тооцох гэхээр доодуул нь явдаг, гавъяа шагнал болохоор дээдчүүл нь авдаг болчихоод байна.  

Дүүгийн минь задлан шинжилгээний хариу нь ачаалал даагаагүй гэж гарсан. Бид энэ дүгнэлтэд итгэхгүй байгаа. Дүүтэй минь хамт алба хааж байсан цэргүүдээс энэ хэрэгт гэрчээр татсан. Тэд цэргийн ангид байхдаа л лав үнэнийг хэлж чадахгүй. Энэ оны аравдугаар сард албаа хааж дуусна. Тэр үед л бодит үнэнийг хэлэх байх ” хэмээсэн юм. 

Уг хэргийн талаар БХ-ын сайд Н.Энхболдоос сэтгүүлчид хэл амыг нь сугалах шахан байж хэдэн үг хэлүүлсэн. Тэрбээр цэргүүдийн дунд дэг байдгийг хүлээн зөвшөөрөөгүйгээр барахгүй "Баримтаа аваад ир" хэмээж байсан юм. Өмнө нь яг энэ ангид буюу Зүүнбаян дахь 336 дугаар ангид алба хааж байсан цэрэг дэглүүлж, гадаа удаан байснаас болж хөлийн хуруунуудаа тайруулсан хэрэг гарч байв. Гэвч энэ явдлыг салбарын сайд баримт гэж тооцоогүй бололтой. 

Харин цэрэг нас барсан хэрэгт холбогдуулан тус ангийн удирдлагуудыг хариуцлага алдсан гэсэн үндэслээр ажлаас нь чөлөөлсөн талаар БХЯ-наас мэдэгдсэн. Харин энэ хэрэгт шууд хамааралтай ротын захирагч, ахлах дэслэгч А.Энхбаяр, дэд ахлагч Р.Ванчинхангай нарыг цагдан хорьж, Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа. 

Дээрх хэрэг гарснаас хэдхэн хоногийн дараа Увс аймгийн Баруунтуруун суман дахь хилийн 0311 дүгээр ангид алба хааж байсан байлдагч хил давж оргосон. Тодруулбал, Завхан аймгийн Асгат сумаас хилийн цэрэгт татагдсан байлдагч Ц.Вангансүрэн энэ оны нэгдүгээр сарын 30-нд морин уналгатайгаар, үүрэг гүйцэтгэхэд олгодог зэвсэгтэйгээ харуулын байрыг орхин оргосон. 

Харамсалтай нь тэрээр оргосноос хоёр хоногийн дараа ОХУ-ын нутагт нас барсан байдалтай олдсон гэх мэдээлэл бий. 

Хэдийгээр хилийн цэрэг нь Хууль Зүй, Дотоод Хэргийн Яаманд харъяалагддаг ч гэлээ тангараг өргөсөн цэрэг алба хаадаг. Уг хэрэг гарах үед мөн л цэргийн дэглэлтээс болж зугтаж яваад золгүй байдлаар амиа алдсан юм биш байгаа гэх хардлага олон нийтийн зүгээс гарч байсан. 

Хил дээр алба хааж байсан байлдагч ямар шалтгааны улмаас оргосон, осгож нас барсан уу, эсвэл хил зөрчигч хэмээх Оросын талынханд буудуулж нас барсан уу гэдэг дээр албаныхан хариулт өгөхөөс татгалзаж буй. ХХЕГ-ын зүгээс “Манайх энэ хэргийн талаар мэдээлэл өгөхгүй” хэмээсэн бол ХЗДХЯ “Олон улсын гэрээ, хэлцэлд заасан үүргийнхээ дагуу манайх мэдээл өгөх боломжгүй” гэсэн. Ингэж төрийн байгууллагууд мэдээлэл өгөхөөс татгалзаж, бие бие рүүгээ түлхэж байгааг харахад нас барсан цэргийн ар гэрт бодит мэдээлэл өгсөн байгаа даа гэж бодогдмоор.

Энэ хэргээс хойш буюу хоёрдугаар сарын 28-нд мөн л цэргийн алба хаагч золгүй байдлаар амиа алдсан хэрэг гарсан. Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн ахлах ахлагч Г хүнд даацын авто машинд дайруулан амиа алдсан талаар ЗХЖШ-аас албан ёсоор мэдэгдсэн. Гэвч энэхүү золгүй явдалтай холбоотой мөн л хардлага гараад байгаа. 

ЗХЖШ-ын Хяналт шалгалт, үнэлгээний газрын шинжилгээ үнэлгээний ахлах мэргэжилтэн, дэд хурандаа С.Өлзийтогтохын яриагаар хэрэг тухайн өдрийн 19:00 өнгөрч байхад болсон гэсэн бол машинд хүн дайруулчихлаа гэсэн дуудлагыг цагдаагийн байгууллагад 20:10 цагт өгсөн байна. 

Ямартай ч өмнөх хэрэг нь шийдэгдээгүй байхад дахин хүний амь нас хохирсон хэрэг гарсан учраас ЗХЖШ-ынхан хэргийг ихэд нууцалж Тээврийн цагдаагийн албанд мэдэгдэхээсээ өмнө Зэвсэгт хүчний техникийн албаныханд мэдэгдсэн гэх мэдээлэл бий. Мөн талийгаач Г нэгэн генералын хувийн байшингийн засварт ашиглах хайрга татахаар явж байсан гэх мэдээлэл ч бий. 

Хэдийгээр шил даран гарсан дээрх хэргүүд зэвсэгт хүчин - хилийн цэрэг, хугацаат цэрэг - ахлах ахлагч гэдгээрээ ялгаатай боловч цэрэг армид сахилга, хариуцлага, ёс зүйгээ сайжруулах цаг болсныг сануулж байна.   

 

Зураг