Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

Чечений шүүх хүний эрхийн төлөө тэмцэгчийн ялыг есөн цагийн турш уншиж сонсгожээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын Чечений БНУ-д өчигдөр хүний эрхийн төлөө тэмцэгчийн хэргийг шүүх хурал болжээ. Тус улсад үйл ажиллагаа явуулдаг Мемориал байгууллагын тэргүүн Оюб Титиевийг шүүх хурал тун хачирхалтай байдалд болж өнгөрсөн байна.

Түүнийг 200 грамм марихуан биедээ авч явсныг өнгөрсөн онд прокурорууд тогтоож, ял оноосон юм.

Гэвч Титиев өөрийнх нь автомашинд зориудаар мансууруулах бодис нууж, гэмт хэрэгт холбосон гэж үзэж байгаа. Шөнө хүртэл үргэлжилсэн шүүх хурлын турш Титиев төмөр торны цаана зогссон бөгөөд шүүгч шийдвэрийг есөн цагийн турш уншиж сонсгосон байна.

Хуралд оролцогсдын зарим нь үүрэглэж, сэтгүүлчид шалан дээр хажуулдаж байсан бөгөөд хурлыг ажиглахаар ирсэн Европын орнуудын таван дипломатч зургаан цаг суусны эцэст онгоцноосоо хоцрохгүйн тулд шүүх ажиллагааг орхин явсан гэнэ.

Эцэст нь шүүх төсөөлж байснаас хөнгөн ялыг Титиевт оноожээ. Тэр дөрвөн жилийг шоронд хоригдож өнгөрөөхөөр болсон ч өдрийн тодорхой цагт шоронгоос чөлөөтэй гарч явах, сард хоёр удаа гэртээ хонох боломжтой байхаар ялласан байна.

Титиевийн шүүх хурал нь хүний эрхийн төлөө тэмцэгчдэд Рамзан Кадыровын үзүүлж байгаа бэлгэдлийн чанартай арга хэмжээ юм.

Кадыров нь Кремлиэс олгосон бүрэн эрхийн дагуу өөрийн Бүгд Найрамдах Улсдаа хязгааргүй дарангуйлал тогтоож, өөр үзэл бодолтой хүмүүсийн дуу хоолойг нухчин дарж байгаа.

Тэрээр Титиевийн хэргийг шийдсэний дараа Чечень нь хүний эрхийн тэмцэгчдэд “хориотой газар” болно гэдгийг зарлаж байжээ.

“Хүний эрхийн тэмцэгчдэд хандаж албан ёсоор хэлэхэд: Шүүх хурлын дараа Чечень та бүхэнд хориотой бүс нутаг болно. Яг террористууд, экстремистуудад хориотой байдаг шиг” хэмээн наймдугаар сард тэр мэдэгдэж байв.

Титиевийн өмнө Мемориал байгууллагыг тэргүүлж байсан Наталья Эстемироваг 2009 онд үл мэдэгдэх этгээдүүд Грозный хотоос хулгайлж, амийг нь бүрэлгэсэн юм.

Уг хэрэг шийдэгдэлгүй өнгөрсөн бөгөөд аллагад Кадыровыг оролцоотой гэж Эстемировагийн хамтран зүтгэгчид үздэг.

Титиевийн шийтгэл төсөөлж байснаас хөнгөн байсан нь түүний гэр бүлийнхнийг баярлуулжээ. Уг хэрэг хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж зарим хүмүүс дүгнэж байна.

Одоо Титиевийн гэр бүл шахалт дарамтнаас зугтаж, Чечений БНУ-ын гадна амьдарч байгаа юм.

 

Эх сурвалж: The Guardian