Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

"KFC-гийн хордлого гарсан салбарыг 14 сая төгрөгөөр торгож, хохирсон иргэдийн зардалд 49 сая төгрөгийг төлүүлсэн"

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

KFC-д хийсэн шалгалтын эцсийн дүнгийн талаар НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюушаас тодрууллаа. 

"Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “KFC” сүлжээ хоолны газарт хийсэн хяналт, шалгалтын дүгнэлт энэ сарын 14-нд эцэслэн гарсан. Хоолны хордлого юунаас болсныг тогтоосон. Өөрөөр хэлбэл, хоол хүнсээр дамжих халдварт өвчний дэгдэлт болох нь өвчтөнүүдэд илэрсэн шинж тэмдэг, нийт шинжилгээ хийлгэсэн лабораториудын дүн, хохирогч, холбогдогчоос авсан мэдүүлгийн дүнд тогтоогдож байна гэж ХӨСҮТ, МХГ-аас хамтран гаргасан дүгнэлтээр тогтоогдсон. 

Нийслэлийн хэмжээнд KFC-гийн сүлжээ хоолны газар 12 байршилд үйл ажиллагаа явуулдаг. Бүх салбарт нь МХГ-ын хяналт шалгалтыг явуулсан. Ингэхдээ хэд хэдэн зөрчил дутагдлыг илрүүлж, арга хэмжээ авч ажилласан байгаа. Тухайлбал, зарим салбарт ашиглаж буй ундааны концентрацын хугацаа нь дууссан. Нийт 410 хүн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах ёстойгоос 9 хүн нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаагүй байсан гэх мэт нийт 64 зөрчлийг илрүүлж тухайн газар дээр нь зөрчлийг арилгах арга хэмжээ авсан. Мөн гарсан зөрчлүүдийг нь үндэслэж салбаруудад 4 сая төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан. Харин 7 газарт нь улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч ажилласан.

Хоолны хордлого гарсан KFC-гийн Зайсан салбарт дараах арга хэмжээг авсан:

  1. Зайсан дахь KFC салбарын үйл ажиллагааг бүхэлд нь зогсоосон.
  2. Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 4 6.15 дугаар зүйлийн 3.1 болон 5.1 6.15 дугаар зүйлийн 2 дахь заалтыг тус тус үндэслэн нийт хордлого гарсан салбарт 14 сая төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан. 8.5 сая төгрөгийн хууль бус орлогыг нь хураасан. Мөн хохирсон иргэдийн  эрүүл мэндэд учруулсан хохирлын бодит зардалд 49 сая 407 мянган төгрөгийг нөхөн төлүүлж барагдуулах арга хэмжээ авсан.
  3. Сэжиг бүхий 18 нэр төрлийн 5,960 ширхэг 31.1 кг амталсан болон амтлаагүй тахианы махыг хурааж, устгуулах арга хэмжээ авсан.
  4. Үзлэг шинжилгээ бүрэн биш, баталгаажуулаагүй гэх мэт зөрчилтэй байсан ажилтнуудыг Хан-уул дүүргийн эрүүл мэндийн төвд давтан шинжилгээнд хамруулсан. Шинжилгээний дүнгээр ямар нэгэн нян тээгч болон өвчтэй хүн илрээгүй.
  5. Салбарын усан хангамжийг нийлүүлэгч “CCS MGL" компанийн гүний худгийн үйл ажиллагааг шалгасан. Шалгалтаар зөвшөөрөлгүйгээр гүний худаг ашиглаж үйлдвэр үйлчилгээний зориулалтаар ус түгээж байсан нь тогтоогдсон. Тиймд 5 сая төгрөгийн торгох шийтгэл, 15 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж, үйл ажиллагааг нь  түр зогсоосон" хэмээн хэллээ.