Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн онд агаар мандалд Хирошимагийн атомын бөмбөгнөөс 10 дахин хүчтэй дэлбэрэлт болсныг сая мэджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр Номхон далайн хойд хэсгийн Берингийн тэнгисийн дээр агаарт асар хүчтэй дэлбэрэлт болсныг хүн төрөлхтөн сая л мэджээ. Энэ нь манай дэлхийн агаар мандалд орж ирсэн солирын дэлбэрэлт юм байна.

NASA-гийн тодорхойлсноор энэ нь сүүлийн 30 жилийн хугацаанд илэрсэн солирын хоёр дахь том дэлбэрэлт ажээ. Газрын гадаргаас 25.6 км-ийн өндөрт 173 килотонны хүчтэй дэлбэрэлт үүссэн нь 1945 онд Хирошимад хаясан атомын бөмбөгний дэлбэрэлтээс 10 дахин хүчтэй гэсэн үг.

Ийм хүчтэй дэлбэрэлт 100 жил тутамд хоёр гуравхан удаа тохиолддог ажээ. Энэ удаагийн дэлбэрэлт хүн амын суурьшлын бүсээс алс зайдуу газарт болсон тул хэн ч мэдээгүй өнгөрсөн байна. Харин саяхан Японы цэргийн хиймэл дагуулаас авсан зурагнаас ийм тэсрэлт болсныг NASA илрүүлжээ.

 

Сүүлийн 30 жилд тохиолдсон солирын хамгийн хүчтэй тэсрэлт 2013 онд Оросын Челябинскийн дээр 23.3 км өндөрт болоход 440 килотонн хүч мэдрэгдэж байсан юм.

Тухайн үед Челябинск орчимд харилцаа холбооны шугамууд тасалдаж, барилгуудын цонх хагарч, автомашинуудын дохиолол идэвхжиж байжээ.

Сүүлд болсон солирын дэлбэрэлт тойрог замаас буулгасан хиймэл дагуулын зурагт жижигхэн улаан цэг төдий харагдаж байгаа юм.

 

 

Эх сурвалж: CNET, BBC