Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

Дижитал технологиор баригдсан дэлхийн анхны байшин нээлтээ хийлээ

Барилга.мн
2019 оны 3 сарын 19
Барилга.МН
Зураг зураг

Швейцарын Дубиндорф хотноо дэлхийн хамгийн анхны дижитал технологиор бүтээгдсэн байшингийн нээлт өнгөрсөн долоо хоногт боллоо. 2017 онд анх танилцуулж байсан энэхүү төслийг Швейцарын “Дижитал технологийг хөгжүүлэх судалгааны үндэсний төв” санаачилсан байна.

Байшинг ердөө 8 хүний бүрэлдэхүүнтэй “ETH Zurich” баг барьжээ. Робот, автомат хэрэгсэл, 3D хэвлэлийн технологийг ашиглан 200 метр квадрат талбайтай 3 давхар ухаалаг байшинг бүтээжээ. Энэхүү төсөл нь барилгыг богино хугацаанд хэрхэн барих, шинэ технологийг хөгжүүлэх, барилгын салбарт судлагдаад байгаа ч төдийлөн нэвтрээгүй дижитал технологийг бодит болгож, ирээдүйд барилгын салбарт асар их боломж байгааг харуулахыг зорьсон байна. Мөн дижитал технологиор баригдсан барилга хэр ирээдүйтэй, урт настай байх вэ гэдгийг тодорхойлж буй аж.

Дижитал технологиор барилга барих нь материал, цаг хугацааг хэд дахин хэмнэж чадсаныг багийнхан онцолж байсан. Жишээлбэл, шаланд цутгасан бетоны хэмжээ уламжлалт аргаар баригдсан барилгаас бага байсан төдийгүй цутгагдсан хугацааны хувьд ч маш бага цагийг зарцуулжээ. Мөн хана, дээвэр, тааз гэх мэт барилгын бүрэлдэхүүн хэсгийг онцгой 3D дүрс бүхий хэлбэртэй байхаар төлөвлөсөн бөгөөд ийм дурын хэлбэрт оруулахын тулд  “3D sand printers” буюу 3D элс хэвлэгч болон 295 төрлийн онцгой бүдүүвч, хэвийг ашиглан “ухаалаг хавтан”-г бүтээсэн байна. Ингэснээр онцгой хийгээд оновчтой шийдлийг бий болгож чаджээ.

Харин бетоныг цутгахдаа "Smart Dynamic Casting" буюу ухаалаг динамик цутгалтын системийг ашиглажээ. Энэ систем нь автомат технологиор цутгагдаж байгаа бетоныг жигд тараах, түүнийг хянах төдийгүй цутгалт бүрэн дууссаны дараа хэр чанартай болсныг тодорхойлох чадвартай юм байна.

Мөн байшингийн дээд давхрыг модоор хийсэн бөгөөд зүсэх, хэмжээ таруулах, барих, хадах ихэнх ажлыг автомат робот технологи хийж гүйцэтгэсэн байна.

Байшин барихад ашигласан бас нэгэн шинэ технологи нь гар утас, таблетаа ашиглан барилга баригдаж байгаа явцыг тухай бүрт шалгах боломжийг олгосон программ юм. Энэ программ нь барилгын хэсэг бүрийг хянаж, барилга барих үйл явцын дарааллыг тооцоолон бодохоор программчлагдсан цахим барилгын талбай юм.

Архетиктор Маттиас Кохлер /Matthias Kohler/ “Дижитал технологи, архетикторын оюун ухаан нийлснээр барилгын салбарт асар их боломж бий болж байна.  Харамсалтай нь, одоог хүртэл эдгээр технологийг ашиглахгүй байна. Иймээс уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ шинэ дэвшилтэт технологийг амьдралд туршиж үзэх, түүнийг улам цааш хөгжүүлэх боломжтойг “DFAB HOUSE” харууллаа. Энэ мэтчилэн бодитоор туршиж үзвэл дижитал технологийн судалгаа болоод хөгжүүлэлт хурдтай өсөх болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярьжээ.

Дижитал технологиор баригдсан энэхүү байшинг зочдод зориулан энэ хавар нээлттэй үзүүлэх юм байна.

Зураг