Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд дүр нь Энэтхэгээс тодрох тухай Далай лам хэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Төвдийн шашны тэргүүн эх орноосоо Энэтхэгт цагаачилж ирсний 60 жилийн ойг тохиолдуулан 14 дүгээр Далай лам Ройтерс агентлагт ярилцлага өгсөн нь өчигдөр буюу Даваа гарагт нийтлэгджээ.

1959 оны эхээр Хятадын дэглэмийн эсрэг бослого нь бүтэлгүйтсэний дараа тэрээр Хималайн уулсыг даван Энэтхэгт ирээд Дарамсала хотод суух болсон юм.

Тэр үеэс хойш Далай лам Төвдийн хэл, соёлыг хадгалж үлдэх хэмжээний өөртөө засах эрхийг Хятадын эрх баригчдаас олж авахын төлөө тэмцсээр өнөөдрийг хүрсэн байна.

Харин Хятадын засгийн газар 83 настай Далай ламыг аюултай салан тусгаарлах үзэлтэн гэж үздэг. Өөрийг нь нас барсны дараа Төвдийн Буддизмд ямар үйл явдал тохиохыг сэтгүүлч асуухад Далай лам дэлгэрэнгүй хариулт өгсөн байна.

“Хятадын засгийн газар Далай ламын хойд дүрийг тодруулахаар хүлээж байгаа. Хойд дүрийг тодруулахад тэд надаас ч илүү анхаарал тавьж байна. Ирээдүйд та бүхэн хоёр Далай ламыг харах байх. Нэг нь Хятадын сонгосон хэн ч шүтдэггүй Далай лам. Нөгөө нь Энэтхэгээс тодорсон жинхэнэ Далай лам. Ийм зүйл болно” гэж тэр инээн ярьсан юм.

Хятадын хаад Далай ламын хойд дүрийг тодруулахад оролцдог байсан түүхэн уламжлал өнөөдөр удирдагчдад нь өвлөгдөж ирсэн гэж Бээжингийн засгийн газар үздэг байна.

14 дүгээр Далай лам өөрөө 1935 онд хоёр настайдаа хойд дүрээр тодорч байжээ. Хятадад амьдардаг зургаан сая гаруй төвд хүн одоо хүртэл түүнийг нууцаар шүтэж байдаг.

Сүүлийн жилүүдэд эх орондоо байгаа болон цагаачилсан төвдүүдийн холбоо харилцаа өргөжиж байгаа ч Далай лам 2010 оноос хойш Хятадын талтай албан ёсны уулзалт огт хийгээгүй байгаа гэнэ. Харин тэтгэвэртээ гарсан Хятадын албаны хүмүүс, бизнесмэнүүд албан бусаар үе үе уулздаг тухай шашны тэргүүн ярьжээ.

Далай ламын хойд дүрийн асуудлыг, тэр дотроо Далай лам цаашид байх эсэхийг энэ оны сүүлээр Энэтхэгт болох Төвдийн Буддистуудын чуулганаар хэлэлцэх гэнэ. “Хэрвээ төвдүүдийн ихэнх хэсэг Далай ламын институцийг үлдээх хүсэлтэй бол цаашид үргэлжлүүлэн тодруулах болно. Энэ тохиолдолд 15 дугаар Далай ламын асуудлыг хэлэлцэнэ” гэж тэр ярьжээ.

Ярилцлагын үеэр Далай лам өөрийгөө одон орон, нейробиологи, квантын физик, психологийн талаар унших дуртай болохоо ярьж, хэрвээ Хятадад айлчлах боломж гарвал эдгээр сэдвээр их сургуулиудад илтгэл тавих хүсэлтэй гэжээ.

Гэхдээ тэр Коммунист дэглэм тогтож байгаа цагт Хятадад очих боломж гарахгүй гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн байна.

“Хятад бол агуу үндэстэн, эртний үндэстэн. Гэвч улс төрийн тогтолцоо нь дарангуйлагч, эрх чөлөөгүй. Тиймээс би энд амьдрахыг илүүд үзэж байна” хэмээн Далай лам ярьжээ.

Тэрээр Төвдийн өндөрлөгийн зүүн хойд захад орших Цинхай (Хөх нуур) мужийн Такцэр тосгонд тариачны гэр бүлд мэндэлж байв.

Одоо Хятадын эрх баригчид энэ тосгон руу гадаадын иргэдийг нэвтрүүлдэггүй, буутай цэргээр тосгонд хүрэх замыг мануулж байдаг тухай хэвлэлүүд мэдээлдэг.

Далай лам ярилцлагынхаа эцэст “Бидний хүч чадал үнэн дээр тулгуурладаг. Харин Хятадын хүч чадал зэр зэвсэг дээр тулгуурлан оршиж байна. Богино хугацаанд харвал зэр зэвсгээр асуудлыг шийдэж болох ч урт хугацаанд үнэн л бүхнийг ялна” хэмээн хэлсэн байна.

 

Эх сурвалж: Reuters