Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

Татварын багц хууль, Ашигт малтмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухайн хуулийн төслүүдийг МАН-ын бүлэг дэмжинэ

Т.Саран, iKon.mn
2019 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг

МАН-ын бүлэг хуралдаж ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэх асуудлын жагсаалтад орсон дараах хоёр хуулийн талаар хэлэлцэж, дэмжих шийдвэр гаргасан талаараа мэдээлэл хийлээ.

  1. Татварын багц хууль 
  2. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 

Засгийн газраас өргөн барьсан Татварын багц хууль нэг жил орчим болж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөр ахлуулсан Ажлын хэсгийн зарчмын зөрүүтэй байр суурийг хэлэлцээд, уг хуулийг хэлэлцэж, батлах нь зүйтэй хэмээн үзжээ.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн хувьд улсын эдийн засгийг бодож, зайлшгүй дэмжих шаардлагатай хэмээн үзжээ. Учир нь он гарснаас хойш Монголбанканд тушаах алтны хэмжээ 80 гаруй хувиар огцом буураад байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар алт олборлогчид алтны 5% ба үнийн өсөлтөөс хамаарсан 0-5% гээд 9-10%-ийн татвар төлж байгаа нь бусад улстай харьцуулахад хамгийн өндөрт тооцогдож байгааг УИХ-ын гишүүн Я.Содбаатар тайлбарлалаа. 

УИХ-ын ээлжит бус чуулганаар таван хууль, томилгоотой холбоотой гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. МАН-ын бүлэг өнөөдрийн хурлаараа дээрх хоёр хуулийг хэлэлцсэн бөгөөд ЗХЖШ-ын дарга, Ерөнхий прокурорын орлогч, АТГ-ын дарга, дэд даргатай холбоотой томилгооны талаар удахгүй хэлэлцэж, нэгдсэн байр сууринд хүрнэ гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэллээ.