Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Галцог: Дахин сонгуулийн сурталчилгааны үеэр АН-аас иргэдэд мөнгө тарааж байна

С.Бадрал, iKon.mn
2019 оны 3 сарын 18
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дахин сонгуультай холбогдуулан "АН-аас иргэдэд мөнгө тараасан" хэмээн тус дүүргийн МАН-ын хорооноос мэдээлэл хийлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

БЗД-ийн МАН-ын хорооны дэд дарга Б.Галцог "Мөнгө тараах арга улам нарийсч байна. Өмнө нь бэлэн мөнгө тараадаг байсан бол одоо бүр иргэдийн данс руу мөнгө шилжүүлдэг болж. БЗД-ийн III хорооны Засаг даргын хариуцан 40 хүнд мөнгө тараах тухай агуулгатай иргэдийн нэр, регистрийн дугаар, дансны мэдээллийг агуулсан хуудсыг бид олж авсан.

Мөнгөө шөнийн цагаар банкны экспресс машин дээрээс шилжүүлж байна. Өнгөрсөн хагассайн өдрийн орой 23:00 цагийн орчимд III хорооны Засаг дарга иргэдийн данс руу мөнгө хийж байна гэх мэдээлэл ирсэн. Үнэн эсэхийг нь шалгах гээд 16 дугаар хорооллын автобусны буудлын урд талын экспресс банкан дээр очиход Б.Сүхцэцэг хорооныхоо хэсгийн ахлагчийн хамт дээр үзүүлсэн нэрсийг барьчихсан мөнгө шилжүүлээд зогсож байсан.

Мөнгө шилжүүлсэн иргэдтэй гэрээ байгуулсан байна лээ. Тус гэрээнд зааснаар эхлээд урьдчилгаа 30,000 төгрөгийг шилжүүлж, сонгуульд ялсны дараа үлдсэн 30,000-г шилжүүлэхээр заасан байна.

Газар дээр нь очсон даруйдаа нөхцөл байдлыг хараад цагдаа дуудсан. Цагдаа их удаж ирсэн. Энэ хооронд БЗД-ийн ажлын албаны хүмүүс ирж намайг хорьж зогсоод мөнгө шилжүүлж байсан хоёр эмэгтэйг зугтаалгасан. Тэд зугтаж байхдаа цүнхнээсээ иргэдийн нэр, дансны мэдээлэл болон гэрээг унагаасан.

Бид олж авсан энэ баримтуудаа цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.  

АН-ын зүгээс уг сонгуулийг хууль бус хэмээн мэдэгдэж, наанаа бид оролцохгүй гэж хэлсэн ч бодит байдал дээр бие даан нэр дэвшиж буй хоёр хүн хоёулаа АН-ын гишүүд" гэлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Хэвлэлийн бага хуралд Ногоон намын төлөөлөл мөн оролцож  "Дахин сонгуулийн сурталчилгааны ажил ид өрнөж байна. Мөнгө тарааж сонгогчдын саналыг худалдаж авах гэж байгаа нь маш харамсалтай. Иргэд минь хоногийн хоол, хэдэн төгрөгний төлөө биш өөрсдийн ирээдүйн сайн сайхны төлөө итгэл үнэмшлээрээ сонголтоо хийгээрэй.

Манай нам хоёр нэр дэвшигчээ сойж байгаа" хэмээн ярив.