Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ Зеландын халдлагын үеэр Фэйсбүүк компани 24 цагийн дотор 1.5 сая видео устгажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Баасан гарагт Шинэ Зеландын Ислам шашны сүмд гарсан зэвсэгт халдлагын үеэр амь насаа алдсан хохирогчдын тоо 50 хүрээд байна.

Энэхүү халдлагыг үйлдсэн 28 настай Австралийн иргэн Брэнтон Таррант гэгч үйл явцыг Фэйсбүүк сүлжээгээр шууд дамжуулж байсан юм. Фэйсбүүк компани халдлага гарсан өдөр 24 цагийн дотор 1.5 сая видеог сүлжээнээсээ устгасныг Ням гарагт мэдээлжээ.

Мөн өдөр уг үйл явдлын 1.2 сая видео бичлэгийг сүлжээнд нийтлэх оролдлогыг таслан зогсоосон байна. Харин эдгээр дүрс бичлэгийг нийт хэдэн хүн үзсэн талаар мэдээлэл өгөөгүй юм.

Фэйсбүүкээр дамжуулсан видео дүрсний хувилбарууд сүүлд бусад сошиал сүлжээнүүдэд мөн тарсан байна. Шинэ Зеландын ерөнхий сайд Жасинда Ардерн иймэрхүү хүчирхийллийн агуулгыг сошиал сүлжээнд хязгаарлах асуудлаар Фэйсбүүк компанитай ярилцах гэж байгаагаа Ням гарагт мэдээлжээ.

Халдлагын явцыг шууд дамжуулж эхэлснээс хойш 16 минутын дараа Фэйсбүүкээс зогсоох арга хэмжээ авсан юм. Гэвч энэ дүрсний хуулбарууд YouTube, Twitter зэрэг сүлжээнд өргөн тарж, эдгээр компаниуд устгах арга хэмжээгээ одоо болтол үргэлжлүүлж байгаа ажээ.

 

Эх сурвалж: Business Insider