Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль нээлттэй өдөрлөгөө хийлээ

ikon.mn
2019 оны 3 сарын 18
Сурталчилгаа

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль /МГТИС/ Налайх дүүрэг дэх хотхондоо Нээлттэй өдөрлөг зохион байгууллаа.

Тус сургуулиас ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, оюутан залууст инженер мэргэжлийн талаар дэлгэрэнгүй ойлголт өгөх, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор уг өдөрлөгийг жил бүрийн хавар, намрын улиралд тогтмол зохион байгуулдаг уламжлалтай.

Монгол улсад хамгийн эрэлттэй 10 гаруй мэргэжил байдгаас инженерийн мэргэжил ч багтсан байдаг. Харин МГТИС нь ХБНГУ-ын инженерийн боловсролын хөтөлбөрөөр сургалтаа явуулдаг төдийгүй бүх хичээл Англи хэл дээр явагддагаараа онцлогтой. Мөн оюутан суралцагчид нь онолоор үзсэн хичээлээ бататган үйлдвэрлэлийн дадлагад гарч цалинтай ажил хийх, Герман улсын их, дээд сургуулиудад суралцах зэрэг олон боломж байдаг аж.

Тиймээс Нээлттэй өдөрлөгөөр дамжуулан ирээдүйн мэргэжлээ сонгох шийдвэрлэх мөчид ирээд буй ахлах ангийн сурагчдад өргөн дэлгэр мэдээлэл өгөх, ялангуяа байгалийн шинжлэх ухаанд сонирхолтой хүүхдүүдэд лабораторийн туршилт судалгаануудыг танилцуулах, тэднийг Англи хэлний түвшин тогтоох шалгалтад үнэ төлбөргүй хамруулах зэрэг олон цогц үйлчилгээг энэ өдөр үзүүлсэн байна.

Өдөрлөгт Ирээдүй цогцолбор, Гёте, Дойче Шуле, Шинэ Эрин болон Нэг, Гурав, 38, 14, 18-р сургууль болон Дундговь, Өмнөговь, Булган, Архангай зэрэг хөдөө орон нутгийн сургуулиудаас ахлах ангийн сурагчид, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд, магистрын хөтөлбөр сонирхогчид гээд 350 гаруй хүн оролцож, тус сургуультай танилцлаа.

Сургалт хариуцсан дэд захирал Проф. Б.Батцэнгэл, Физикийн профессор Проф. Н.Баттулга, Байгалийн шинжлэх ухааны факультетийн декан Проф. Л.Алтангэрэл нар танилцуулга хичээлийг явуулж, сурагчдын сонирхсон асуултуудад хариулт өгсөн юм. Түүнчлэн Уул уурхайн боловсруулах инженер, Механик инженер, Хүрээлэн буй орчны инженер, Үйлдвэрлэлийн эдийн засагч инженер гэсэн бакалаврын дөрвөн үндсэн хөтөлбөр болон Байгалийн нөөц, хүрээлэн буй орчны олон улсын менежмент магистрын хөтөлбөрийн талаарх мэдээллийг сурагчдад толилууллаа.

Мөн Материал судлал, Сонирхолтой физик, Сонирхолтой химийн хичээлийг туршилтын лабораториудад хийж, багш Проф. Ч.Гүнпилмаа Англи хэлний богино сургалтыг явуулж, хүүхдүүдэд хэлний мэдлэгийн түвшингээ сорих хичээлийг явуулсан нь сурагчдын сонирхлыг ихээхэн татаж байсан юм.

Оролцогч хүүхдүүд сургуулийн анги танхим, факультет, лаборатори, номын сан, фитнессийн танхим, кофе булан болон дотуур байраар аялж, МГТИС-ийн Оюутны зөвлөл, сайн дурын 10 гаруй клубийн үйл ажиллагаатай танилцлаа.

МГТИС нь энэ онд элсэлтийн шалгалтын журамдаа өөрчлөлт орууллаа. Үүнд Байгалийн ухааны мэдлэгийг ЭЕШ-ийн оноогоор дүгнэх ба Бакалаврын хөтөлбөрт Математик болон физикийн хичээлээр 650-аас дээш, Инженерийн бэлтгэл хөтөлбөрт Математикийн хичээлээр 600-гаас дээш оноогоор элсүүлнэ. Харин Англи хэлний мэдлэгийг МГТИС-ийн Англи хэлний шалгалтаар дүгнэн элсүүлнэ. Англи хэлний шалгалт 5 дугаар сарын 11-нд болно.  

МГТИС нь Монгол, Герман хоёр орны төрийн тэргүүнүүдийн санаачилгаар 2013 онд байгуулагдсан, төрийн өмчит хамгийн отгон их сургууль юм. ХБНГУ-ын их, дээд сургуулиуд болон олон улсын боловсролын хэд хэдэн байгууллага, аж үйлдвэр, уул уурхайн байгууллагуудтай хамтран ажиллаж, оюутан залуусаа олон улсын сургалтын хөтөлбөрийн дагуу өндөр түвшинд бэлтгэхийг зорьдог ажээ. Оюутан суралцагчид нь аливаа тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, шинжлэх ухааны судалгааны төслүүдэд гар бие оролцох, Германы зарим их, дээд сургуульд суралцах боломж өндөр байдгаараа энэ сургууль олон давуу талтай.

Дэлхийн түвшний боловсролыг эзэмших боломжийг залуустаа олгож буй Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь цаашид энэхүү Нээлттэй өдөрлөгөө ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид, эцэг эхчүүд, магистрын хөтөлбөр сонирхогчдод зориулан тогтмол зохион байгуулж байх юм.

Холбоо барих мэдээлэл:

Утас: 70232086, 70239080

Вэб: www.gmit.edu.mn

Facebook page: www.facebook.com/gmit.edu/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.