Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

2000 уран сайхны киноны онцлох 4 түүхэн дүр

ikon.mn
2019 оны 3 сарын 18
iKon.MN

Яг одоо бүх кино театрын дэлгэцнээ гарч буй 2000 уран сайхны киног бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн билээ. Олон түүхэн хүмүүсээс 4 дүрийг онцлон танилцуулж байна.

Цэргийн баярыг тохиолдуулан цэрэг Онолт болон цэрэг Энхтайваны талаар онцлон өгүүлж байна.

Цэрэг Онолт /Жүжигчин СТА С.Ариунбямба/

 

Манжийн хааны зарлигийн дагуу 1880 онд Цагаан малгайтны бослого буюу Лалын шашинт Дунган нарын бослогыг дарах зорилгоор Улиастайн манж амбаны газарт халхын дөрвөн аймгаас цэрэг татан бөөгнөрүүлж байжээ. Улиастай дахь монгол цэргийн хуарангийн байдал нэн дорой байсан төдийгүй задгай газар гэр, майханд байрлаж байсан бөгөөд хоол хүнсний хангамж муу байснаас өвчин гарч байсан байна. Улиастайн цэргүүд ахуй нөхцлийн хүнд байдлаас гадна бослого даруулахаар алс хол явах хүсэлгүй байсан гэдэг.

Тухайн үед цэрэг Онолтоор удирдуулан Сайн ноён, Хэвэй гүн Дарамбазарын хошууны цэргүүд босож манжийн цэргийг хаяж, Манжийн амбанд нутаг орондоо буцаах шаардлага тавьсан байна. Манжийн амбан цэрэг Онолтыг хууран баривчлах зорилгоор цол зэрэг олгон дэвшүүлж байгаа тул Манж амбаны газар түүний ирэхийг урьсан байна. Монгол цэргүүд Онолтыг явуулаагүй бөгөөд нийтээрээ нутаг буцан таран оджээ. Үүний дараа Манж амбан хошуу засаг нарт албан бичиг хүргүүлжээ. Уг бичигт цэргийн албыг хаяж явсан цэргүүдийг баривчлан Улиастайн амбаны газар ирүүлэхийг шаардсан байна.

Үүний дагуу Онолтыг цэргийн хорооноос мөрдүүлж, зам зуурт нь барьж Улиастайд авчран, хатуу эрүү шүүлт тулган байцааж байгаад, зарлигийн илдээр цаазалж, монгол цэргүүдийг айлган сүрдүүлэх зорилгоор толгойг нь өндөр шон модонд өлгөж цээрлэл үзүүлжээ.

Цэрэг Энхтайван /Жүжигчин СТА Ц.Цэрэнболд/

 

“Онолтын бослого” дарагдсан хэдий ч Монгол цэргийн дунд эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцлийн уриа дуудлага болсоор ирснийг түүний дараах хэдэн жилийн түүх гэрчлэн өгүүлнэ. Үүний нэг жишээ бол 1900 онд Улиастайн цэргийн хороонд гарсан цэрэг Энхтайваны бослого билээ. Хятадад болсон Боксёрын хөдөлгөөн нь Хятад орныг эзэмшин, түүний ард түмнийг дээрэмдэн бүхий империалист орнуудын эсрэг чиглэгдсэн бөгөөд энэхүү бослого нь Улиастайн цэргийн бослогыг түргэтгэв.

Манжийн Засгийн газар нь Боксёрын хөдөлгөөнийг Монгол цэргийн хүчээр дарахыг шийдвэрлэн Засагт хан, Сайн ноён хан аймгаас 2,000 илүү цэргийг дайчлан Улиастайн орчмоор суулгажээ. Цэргийн дундаас Энхтайван хэсэг нөхдөө цуглуулж хятад ба манжийг эсэргүүцсэн ухуулга явуулснаар, уурлан хилэгнэсэн цэргүүд нэгэн зэргээр турхиран босч, юуны өмнө хятадын худалдаачдыг эсэргүүцэн орж,  өрийн данс бичгийг устгаж байжээ.

Түүхэн чанараараа ч тэр Улиастайн 2,000 цэргийн бослого нь Монголын ард түмний эрх чөлөөний хөдөлгөөний чухал хэсэг байсан гэж үздэг.

Наро Банчин хутагт /Жүжигчин С.Баасанжаргал/

 

Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг, Ар Халхын 88 шидтэй, нар аргамждаг хэмээн олноо домогшин алдаршсан Наро Банчин хувилгаан өмнө нь Энэтхэг орноо 5 удаа мэндэлж, цаст Төвдийн орноо 4 удаа, Монгол нутагт 7 удаа хувилан түмэн өлзий гийсэн.

2000 уран сайхны кинонд хувилгааны IV дүр Бирваагийн (1861‐1883) дүр дээр жүжигчин С.Баасанжаргал ажиллажээ.

Киноны зохиолч, продюсер СГЗ П.Батсайхан 40 жил хутагтуудыг судалж байхдаа Наро Банчин хутагтын түүхээс улбаалан 2000 цэргийн бослогын талаар анх мэдэж байжээ.

Нарангуа /Хийлч СТА Ч.Дэлгэрцэцэг/

 

Улиастайн Манж амбантай нөхцсөн Нарангуа нь гоо үзэсгэлэн төгс сайхан эмэгтэй байжээ. Түүнийг Манж амбантай учир ургуулан Монгол ноёдод мэдээлэл өгдөг байсан ч гэж ярьдаг. Тухайн цаг үед өөрийнхөөрөө тэмцэн, чадах чинээгээрээ амьдралын төлөө явж байсан гоо үзэсгэлэнт бүсгүйчүүдийн төлөөлөл болсон дүр юм.

Эрхэмсэг, янаг, монгол эмэгтэйн жавхааг гайхуулсан энэхүү түүхэн эмэгтэйн дүрд хийлч Ч.Дэлгэрцэцэг тоглосон юм.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.