Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгчүүд Хятадад үйлдвэрлэсэн гар утаснаасаа Хятадын эсрэг тэмцэж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагт НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд Энэтхэг улс Пакистанд оршдог Жайш-Э-Мохаммед террорист байгууллагын тэргүүн Масуд Ажарыг “дэлхийн хэмжээний террорист” ангилалд оруулах санал гаргаж хэлэлцүүлсэн юм.

Түүнийг өнгөрсөн сард Кашмир мужид гарсан террорист халдлагыг зохион байгуулагч гэж үзэж байгаа. Гэвч Хятад улс уг саналд хориг тавьснаар Энэтхэгийн хүсэлт талаар болсон юм.

Энэ явдлын дараа Энэтхэгийн сошиал ертөнцөд #BoycottChineseProducts нэрний дор Хятадад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөжээ.

Харамсалтай нь энэтхэгчүүд уг тэмцлээ Хятадад үйлдвэрлэсэн гар утасаар өрнүүлэхээс өөр аргагүй байдалд ороод байна.

2018 онд энэтхэгчүүд Хятадын зөвхөн дөрвөн үйлдвэрлэгчийн гар утсыг худалдан авахад $7.2 тэрбумыг зарцуулсан тухай тоо баримт байгаа юм. Эдгээр дөрвөн үйлдвэрлэгч нь Xiaomi, Oppo, Vivo, Honor.

Зарим энэтхэгчүүд ч энэ байдлыг шүүмжлэн бичиж эхэлжээ.

Өнгөрсөн он Хятадын үйлдвэрлэгчдийн хувьд Энэтхэгийн зах зээлд хамгийн том үсрэлт хийсэн жил байлаа. 2017 онд тус улсын ухаалаг гар утасны зах зээлийн 54 хувийг Хятадын компаниуд эзэлж байсан бол 2018 онд 60 хувь болж өссөн байна.

Тэднээс хамгийн амжилттай байсан нь Xiaomi болжээ. 2018 оны сүүлийн улирлын байдлаар Энэтхэгийн зах зээлийн топ таван гар утас үйлдвэрлэгчийн дөрөв нь Хятадын компани байв.

Үлдсэн нэг нь Өмнөд Солонгосын Самсунг байжээ.

Apple, Samsung-ийн үйлдвэрлэл, ихэнх эд анги Хятадад хийгддэгийг энд бас тооцох хэрэгтэй. Гар утаснаас гадна Хятадын онлайн худалдааны Club Factory аппликэйшн Энэтхэгт 40 сая хэрэглэгчтэй. Видео үйлчилгээ TikTok-ийн 500 сая хэрэглэгчийн 40 орчим хувь нь Энэтхэгт байгаа.

Энэтхэгийн хамгийн том төлбөр тооцооны аппликэйшн Paytm-ийн гол хөрөнгө оруулагч нь Хятадын Алибаба болоод байна.

Тиймээс Хятадад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээс татгалзах тэмцэлд энэтхэгчүүд мөн л ялагдахаар байгааг тоо баримтууд харуулж байгаа юм.

 

Эх сурвалж: Quartz