Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ Зеландын алуурчин тунхаг бичигтээ Дональд Трампыг магтсан байжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт Шинэ Зеландад муслимуудын эсрэг зэвсэгт халдлага гарснаас 49 хүн алагдаж, 20 гаруй хүн шархдаад байгаа билээ.

Кристчөрч хот дахь Исламын шашны сүмүүдэд гарсан халдлагыг 28 настай Австралд төрсөн хүн үйлдсэн хэмээн сэжиглэгдэж байна. 

Тэрээр халдлага үйлдэхээсээ өмнө 74 хуудас тунхаг бичиг гаргаж тараасан байжээ. Уг тунхагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг

“цагаан арьстнуудын шинэ бэлгэдэл” хэмээн магтаж, 2011 онд 77 хүний амийг хөнөөсөн Норвегийн алуурчин Андерс Брэйвикийг шүтэж явдгаа бичсэн байна.

Тэрээр халдлага үйлдэхээсээ өмнө Брэйвиктэй товч холбогдож, түүнээс “адис” авсан тухайгаа бичжээ.

Алуурчны бичсэн тунхагт цагаачлал, олон соёл иргэншил холилдсон нийгмийг шүүмжилж, Европ, Өрнө дахинд цагаан арьстнуудын соёл мөхөж байгаад харамсаж явдгаа бичсэн байна. Ингээд тэр муслимуудын гарт амиа алдсан Европчуудын өшөөг авахаар шийдсэн гэдгээ илэрхийлжээ. Алуурчны автомат буун дээр дэлхийн бүх цаг үеийн түүхэнд муслимуудтай тэмцэж явсан загалмайн шашинт удирдагчдын нэрийг битүү сийлсэн байв.

Шинэ Зеландын түүхэнд гарсан хамгийн том аллагын хэрэгт холбогдуулан өөр гурван эрэгтэй, нэг эмэгтэйг цагдаа нар баривчлаад байгаа юм.

Алуурчин хэргийг үйлдэх үед биедээ зүүсэн камераар үйл явдлыг Фэйсбүүкээр шууд дамжуулж байсан нь цааш бусад сүлжээнүүдээр өргөн тархсан байна.

Фэйсбүүк, Твиттер, YouTube компаниуд өөрийн сүлжээнд тарсан видео бичлэгүүдийг устгах ажиллагааг одоо өрнүүлж байгаа юм.

Хэрэг явдалтай холбогдуулан Шинэ Зеландын ерөнхий сайд Жасинда Ардерн тус улсын галт зэвсгийн хуулийг өөрчилж, галт зэвсгийн хяналтыг чангатгахаа амласан байна. Тэрээр энэ удаагийн үйл явдлыг “маш сайн төлөвлөсөн террорист халдлага” гэж нэрлээд Баасан гарагийг Шинэ Зеландын түүхэнд тохиолдсон хамгийн “хар бараан өдрүүдийн нэг” гэж тодорхойлжээ.

 

 Эх сурвалж: Al Jazeera