Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

“Ш.Сүрэнжав-Шинэ Монголын соёл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

ikon.mn
2019 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ардын уран зохиолч, Төрийн шагналт, яруу найрагч Шаравын Сүрэнжавын агсаны мэндэлсний 80 жилийн ойд зориулсан “Ш.Сүрэнжав-Шинэ Монголын шинэ соёл" сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд боллоо.

Ш.Сүрэнжав найрагчийн бүтээл туурвилыг мэдэхгүй монгол хүн гэж үгүй. Ш.Сүрэнжав агсан бол яруу найраг, дууны шүлэг, үргэлжилсэн үгийн болон тайз дэлгэцийн их урлан бүтээгч байсан юм.  Тэрээр 1938 оны гуравдугаар сарын 15-нд Төв аймгийн Авдарбаян суманд төржээ.

Эрдэм шинжилгээний хурлыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Улаанбаатарын Их сургууль, Монгол Улсын Төрийн шагналт яруу найрагч, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав агсаны үр хүүхэд, ах дүү нар зохион байгуулсан байна.

“Ш.Сүрэнжав-Шинэ Монголын шинэ соёл" сэдэвт эрдэм шинжилгээний хурлаар: 

  • “Тэнгэрийн яруу найрагчийн урлахуйн ертөнц”,
  • “Хэрлэнгийн баръя” романы туурвил зүйн онцлогоос,
  • Ш.Сүрэнжавын яруу найргийн дүр дүрслэл, уран сайхны онцлог буюу “Тэнгэр үзэл”,
  • Ш.Сүрэнжавын дэлгэцийн бүтээлд туссан соёл сэтгэлгээний онцлогийг шинжих нь,
  • Ш.Сүрэнжавын “Долгионт жилүүдийн туужис” бүтээлийн уран сайхан, дүрийн асуудал зэрэг сэдвүүдээр илтгэлүүд тавигдлаа.

Мөн энэ үеэр Хан-Уул дүүргийн Номын санг Ардын уран зохиолч, Төрийн шагналт Ш.Сүрэнжавын нэрэмжит болгох хүндэтгэлийн ёслолын арга хэмжээ болсон юм.

Иргэний уянгын шүлэг, найраглалуудыг орчин үеийн сэдвээр голчлон бичдэг Монгол Улсын Төрийн шагналт яруу найрагч, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав агсаны бичсэн “Ерэн баатрын дууль”, “Шөнө ургасан цэцэг” найраглал нь уншигчдын сонирхолыг ихэд татсан юм.

Мөн “Цэргүүд дуулж байна” , “Миний дуулах ертөнц”, “Уулын салхи”, “Ялалт”, “Нутгийн цэнхэр уулс” яруу найргийн номууд, “Намуун үдэш”, “Миний ардын сэтгэл”, ”Итгэлийн дуу”, “Торгон хилийн зүг”, “Сувилагч чамдаа баярлалаа”, “Бүсгүйчүүл” гэх мэт дуунууд олон түмэнд танигдсан юм.

Түүнчлэн “Хэрлэнгийн барьяа” роман, эрийн гурван наадмын тухай бичсэн уран сайхны киноны зохиолоор нь “Гарьд магнай” /1983/, “Тод магнай” /1990/, “Цэц магнай” /1995/ уран сайхны кино бүтээжээ. Ш.Сүрэнжавын олон шүлэг найраглал нь орос болон бусад хэлэнд олон удаа орчуулагдан гарсан билээ.

Монгол Улсын Ардын уран зохиолч, Төрийн шагналт, яруу найрагч Шаравын Сүрэнжавын агсаныг зөвхөн зохиолч төдийгүй Монголын сурган хүмүүжүүлэх ухаан болон шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсан нэрт найрагч юм.

Ташрамд сонирхуулахад, гуравдугаар сарын 16-ны 15:00 цагт Тусгаар тогтнолын ордонд Монгол Улсын Ардын уран зохиолч, Төрийн шагналт, яруу найрагч Ш.Сүрэнжавын агсаны нэрэмжит “Эв нэгдлийн цом” залуучуудын яруу найргийн улсын анхдугаар наадам зохион байгуулагдахаар болжээ. Энэхүү наадам нь цаашид жил бүр уламжлал болон зохион байгуулагдах юм байна.