Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийн асуудлыг холбогдох байгууллагууд шалгасны үндсэн дээр хэлэлцээрийн ширээнд суух байх"

Г.Идэр
2019 оны 3 сарын 15
www.mongolianminingjournal.com
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас  сар бүр  зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал өнөөдөр уламжлал ёсоор яамны хурлын танхимд болж, салбарын эхний хоёр сарын статистик болон цаг үеийн мэдээллийг танилцууллаа. 

УУХҮЯ-ны сайд Д.Сумъяабазар  Канадын Торонто хотноо болсон PDAC хуралд “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-ын бэлтгэл ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн тухайгаа онцлов. Тэрбээр “Тавантолгойн бүлэг ордыг хөрөнгийн биржид гаргахыг гадаад тал хүлээж  байна. Тиймээс бид “Эрдэнэс Тавантолгой” компани дээр дотоод зохион байгуулалтаа өндөржүүлсэн бэлэн байдалтайгаар ханган ажиллаж байгаа. Төрийн үйлчилгээг төрийн өмчит компаниар дамжуулан ажиллаж байгаа гэж хэлж болно.

Одоогоор  санхүүгийн болон техникийн зөвлөхүүд  ажилдаа орсон. Хуулийн зөвлөхөө сонгохоор ажиллаж байна” гэлж ярилаа.

Олон улсын хөрөнгө оруулагчид, зөвлөхүүдийг сонгохын тулд эхлээд Орон нутгийн төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Тендерийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг тэрээр мөн тодотгосан юм. Уг хуулийг төслийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр болжээ. 

Х.Хэрлэн: Хуулиараа хайгуулын 400 гаруй тусгай зөвшөөрлийг улсын мэдэлд авахгүй

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын “400 гаруй хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг улсын мэдэлд авна” гэсэн мэдэгдлийн талаар Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн “Өнөөдрийн хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулийн хүрээнд бол тусгай зөвшөөрлүүдийг улсын мэдэлд авах тухай асуудал байхгүй. Тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуулийн дагуу ажлаа хийгээд явж байна” гэсэн байр суурийг илэрхийлэв. 

Харин Салбарын сайд “Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажилд дээр аж ахуйн нэгжүүд нэмэлт хайгуул хийснийг үгүйсгэхгүй. Гэтэл хайгуул хийлгүйгээр тусгай зөвшөөрлийг гар дамжуулан худалдах явдал ч байсаар ирсэн. Энэ мэт зүйлийг бид сайн ярилцаж, хуулийн фирмийн зөвлөгөөг УУХҮЯ-н дээр авч байж шийдвэрлэнэ. Түүнээс биш тусгай зөвшөөрлүүдийг шууд хураана, цагдана гэж ярьж болохгүй” хэмээлээ.

“Эко Алтан Заамар” уурхайд гарсан ослын тухайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид алтыг сорчилж ашиглах гэсэн сонирхолдоо хөтлөгдөн, мэргэжлийн хүмүүсийн дүгнэлт зөвлөгөөг сонсоогүйгээс үүдэлтэй гэдгийг сайд онцлоод “Тус уурхайн тусгай зөвшөөрлүүдийг цуцлана” гэсэн юм.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49%-ийг төрд авах Засгийн газрын шийдвэрийн талаар “УИХ-ын 23 дугаар тогтоол, Үндсэн хуулийн цэц болон Дээд шүүхийн шийдвэрүүд гарсан. Эрдэнэт үйлдвэрийн 49%-тай холбоотой энэ гурван байгууллагын шийдвэр бол эцсийнх. Мэдээж Засгийн газар хууль, шийдвэрийн хүрээнд ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэрийн 49%-тай холбоотой асуудлыг холбогдох байгууллагууд шалгасны үндсэн дээр Засгийн газар  49%-ийг эзэмшигч талтай хэлэлцээрийн ширээний ард суух байх” гэсэн хариултыг УУХҮ-ийн сайд өгсөн юм.

Зураг