Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Р.Дагва: Улаанбаатар хотод буй хоёр их наяд төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй

ikon.mn
2019 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагвын МҮОНРТ-ийн "Цаг үе-үзэл бодол" нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Нийслэлийн ИТХ-ын найм дахь даргаар томилогдлоо. Иймд Улаанбаатар гэдэг айлын хөгжлийн чиг хандлагыг хэрхэн харж байна вэ? 

-Нийслэл хот Монгол Улсын эдийн засагт томоохон нөлөө бүхий салбар болчихоод байна. Иймд хотын хөгжил нь Монгол Улсын эдийн засагт шууд хамааралтай чухал асуудал юм. Нийт хүн амын 50 гаруй хувь нь нийслэлд төвлөрөн амьдарч, дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувийг энд үйлдвэрлэж байна гэх мэтээс үзвэл Улаанбаатарын эдийн засаг буюу хотын хөгжлийг бид цаашдаа ямар арга зам, үзэл баримтлал, арга ухаанаар ажиллаж амьдрах вэ гэдэг нь нэг номерийн асуудал болж байна. Иймээс ирэх жил хагаст нийслэлийн урт хугацааны хөгжлийн суурийг зөв тавьж өгөх юмсан гэсэн нууцхан хүсэл, эрмэлзэл надад бий. 

-Үе үеийн дарга нарын бодлого шийдвэр гарсаар байдаг. Тэгвэл таны хувьд ямар бодлогыг үргэлжлүүлж, ямар бодлого шийдвэрт шинэчлэл хийнэ гэж төлөвлөж байна вэ. Төрийн залгамж холбоог хэрхэн үргэлжлүүлэх вэ?

-Төрийн залгамж халаа байлгүй яахав. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр зэрэг нь дөрвөн жилээр батлагддаг. Улмаар жилд хийх үндсэн чиглэлийн ажлуудаа ярина. Ер нь хотын ахуйн ажлыг тоолж барахгүй. Гэсэн ч хотын цаашдын хөгжлийг өнөөдрийн нөхцөл байдал, цаг үетэй уялдуулан харах нь чухал юм. Өөрөөр хэлбэл, бидний өнөөгийн ажиллаж амьдарч буй арга ухаан зөв, эсэхийг бодож үзэх хэрэгтэй. Эцэст нь бодит дүгнэлт, оновчтой шийдвэр гаргадаг байх ёстой гэж хэлмээр байгаа юм. 

Нийслэлийн өмнө тулгамдсан олон асуудал бий. Агаар, хөрсний бохирдол, замын түгжрэл, ажилгүйдэл, ядуурал зэрэг маш урт жагсаалт гарна. Энэ жагсаалт үргэлжилсээр байгаад золбин нохойн асуудалд хүрч байгаа. Иймд эдгээр асуудлыг шийдвэрлэхэд хөгжлийн томоохон зорилт, концепц, бодлого байх ёстой. Гэхдээ улсын төсөв, нийслэлийн төсөв гэсэн хоёр эх үүсвэрээр дээрх асуудлыг шийдвэрлэх боломжгүй юм байна гэдгийг бид бүгд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. 

Миний хувьд бидний өнөөгийн амьдарч буй арга ухаан нэг л болж өгөхгүй байна гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Айл өрх, хувь хүнд ч өөр өөрийн гэсэн амьдрах ухаан байдаг. Яавал бид иргэн бүрийг, өрх бүрийг ажилтай, орлоготой болгох вэ гэж байнга ярьдаг. Тэгэхээр Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдэх үндэс нь ажлын байр гэж хардаг. 

-Та улсын болон Улаанбаатарын төсвөөр асуудлыг шийдэх боломжгүй гэж хэллээ. Мөн хувийн хэвшил гэж дурдлаа. Нийслэл хотыг бид нэг айл өрх гэж үзвэл амьдрах ухаанд хувийн хэвшлийхнийг татан оролцуулах, тэднийг дэмжих нь зөв гэж хэлээд байна уу? 

-Яг зөв. Би нэг сонинд өгсөн ярилцлагадаа “Хувийн хэвшлийнхний оролцоогүйгээр Улаанбаатар хотыг хөгжүүлж болно гэж бодож байгаа дарга нар байвал яг одоо гэртээ харь” гээд хэлчихсэн юм. Сэтгүүлч түүнийг ярилцлагын гарчиг болгосон байсан. Ер нь бол миний зарчим энэ. Цаашдаа хувийн хэвшлийхний оролцоогүйгээр Улаанбаатарыг хөгжүүлэх боломжгүй гэдгийг дарга нарт хандаж хэлмээр байна. Үүнийг шат шатандаа ойлгох хэрэгтэй.

Улсын болон нийслэлийн төсөв, тэгээд гаднын хөрөнгө оруулагчдын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж гэсэн гуравхан эх үүсвэрийн хүрээнд хотын хөгжлийг шинэ шатанд гаргана гэсэн ойлголт байхгүй. Тэгэхээр бидэнд өөрөөр ажиллаж амьдрах арга ухаан зайлшгүй хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хотын эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг ойрын, дунд, урт хугацаанд тус бүрд юу гэж харж байгааг тодорхойлох хэрэгтэй. 

Хотын үе үеийн удирдлага, удирдах албан тушаалтнуудаас “Улаанбаатар хотын эдийн засгийн тэргүүлэх чиглэл нь юу вэ" гэж асуухад тэрүүхэн тэндээ “Аялал жуулчлал” хэмээн сулавтар хариулдаг. Энэ салбар нь тэргүүлэх чиглэл мөн юм бол бодлого, санхүү, эрх зүйн ямар дэмжлэг байх юм, нийслэлийн удирдлагын зүгээс бусад бодлого шийдвэр, дүрэм журмын хүрээнд төр болон иргэд, хувийн хэвшил нь ямар оролцоотой байх ёстой гээд олон асуудал яримаар байна. Аялал жуулчлалын салбар гэхэд л дотор нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгч, бизнес эрхлэгчид нь тэр чигтээ багтаж байх жишээтэй. Ийм учраас Улаанбаатарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үндсийн үндэс нь ажлын байр юм. 

-Хотын удирдлагууд “Аз жаргалтай Улаанбаатар” хэмээх мөрийн хөтөлбөр боловсруулсан. Тэгвэл аз жаргалтай байна гэдэг нь эдийн засгийн хувьд хараат бус, төсвөө захиран зарцуулах эрхтэй, орлоготой, унах унаатай, үер урсаад ороод ирэхгүй, газар хөдлөхгүй, айх аюулгүй амар тайван байдлыг хэлэх байх. Харин хот гээд харвал “Аз жаргалтай Улаанбаатар” гэдгийг юу гэж ойлгох вэ? 

-Хүн хэдийд аз жаргалтай болдог вэ гэж асуухад олон өнцгөөс тайлбарлах байх. Тухайлбал өвчин зовлонгүй, эрүүл саруул байх нь аз жаргал юм гэх жишээтэй. Миний хувьд амьжиргааны наад захын хэрэгцээгээ хангаж чадахуйц тогтмол орлоготой болсон үед хүн тайван бөгөөд аз жаргалтай болдог гэж ойлгодог. Цалинтай, ажилтай, тогтмол орлоготой хүнээс аз жаргалын гормон ялгардаг нь амьдралын нүцгэн үнэн. 

-Хотыг мөнгөтэй болгохын тулд яах ёстой вэ. Эрх зүйн асуудлууд байгаа шүү дээ.

-Улаанбаатар хотыг мөнгө зарлагаддаг биш, олдог хот байхаар хөгжлийн бодлогыг томьёолж тодорхойлох ёстой. Иймд ямар асуудлыг чухалчлан авч үзэх ёстой вэ гэдэг дээр би өөрийн байр суурь бий. Улаанбаатар хотын хөгжлийн төлөөх маш олон бодлогын баримт бичиг бий. Тэдгээрт маш олон зорилт тусгагдсан байдаг ч зорилт бүрд мөнгө тусгаж өгөөгүй бол зүгээр цаас болж үлдэнэ. Иймд тэрхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тулд хот мөнгө олох ёстой. 

-Тэгвэл яаж мөнгө олох ёстой вэ? 

-Хот мөнгө олох ёстой гэсэн ойлголтыг бизнесмен нэг төгрөг зарлагадаад хоёр мөнгө болгох тухай ойлголт биш юм. Хотын хөгжлийг яаж шинэ шатанд гаргах, иргэд эрх зүйн таатай орчинд амар тайван үйлдвэрлэлээ явуулж, бизнесээ эрхлэн, амьжиргаагаа аваад явах тэр боломж, нөхцөлийг бүрдүүлэх вэ гэсэн агуулгаар ойлгох хэрэгтэй. 

Ерөнхийд нь дүгнэхэд Улаанбаатар хотод эдийн засгийн чөлөөт бүс байгуулах боломж нөхцөл нь бүрдсэн гэж харж байна. Цаашдаа хотын хөгжлийг нэг шат ахиулах алхам нь энэхүү чөлөөт бүс байгуулах асуудал юм. 

2002 онд Монгол улс Алтанбулаг, Замын үүд, Цагаан нуур гэсэн хил дамнасан гурван чөлөөт бүс байгуулсан. 17 жил гаруйн хугацаа өнгөрсөн байхад эдгээр чөлөөт бүсийн үйл ажиллагаа тогтмолжоогүй, Монгол Улсын эдийн засгийн макро түвшинд эерэг нөлөө үзүүлээгүй, гадаад дотоодын хөрөнгө оруулагч нар тэр чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт хийгээгүй. Яагаад гээч. Чөлөөт бүсийн тухай хуулинд тодорхой нөхцөлийг бүрдүүлсэн тохиолдолд тухайн бүс нутагт чөлөөт бүс байгуулна гэж заасан байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл энэхүү нөхцөл байдлыг бий болгож чадаагүй байна.

-Улаанбаатар хотод байгуулах чөлөөт бүс юугаараа  ялгаатай байх вэ? 

-Миний харснаар тухайн хуульд заагдсан угтвар нөхцөлүүд хотод бүрдсэн байна. Магадгүй хуульд тусгаагүй нөхцөлүүд ч байна. Түрүүн хэлсэн, хүн амын талаас илүү хувь нь нийслэлд ажиллаж амьдарч байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувийг хотод үйлдвэрлэж байна. Гадаад дотоодын бүх үйлдвэрлэл, бизнесүүд хотод төвлөрч байна. Энэ бүхнээс харахад Улаанбаатар хотод эдийн засгийн чөлөөт бүс байгуулах нь эргээд олон мянган ажлын байрыг бий болгож, залуучууд орлоготой, ажилтай болгох хөгжлийн гарц юм гэж харж байгаа. 

Эцэст нь дүгнэхэд хотын тулгамдсан асуудлыг шийдэх үндэс нь ажлын байр. Тэгвэл энэ ажлын байрыг Засгийн газар, хотын захиргаа бий болгохгүй. Хувийн хэвшлийн компани, үйлдвэрлэлүүд өнөөх хүсэж буй цалинтай ажлын байрыг санал болгоно. Гэтэл хүссэн цалинтай ажлын байрыг санал болгоход юу саад болж байна. Юу нь таалагдахгүй байна. Тэрийг бид тэмтэрч үзэх ёстой. Үүний дараа тэдэнд хэрэгтэй байгаа эрх зүйн орчин бүхий шийдвэрийг гаргаж өгөхийн төлөө хотын удирдлагын баг УИХ болон Засгийн газартай нягт хамтран ажиллаж энэ богино хугацаанд шийдвэрлэхийн төлөө шаргуу ажиллах ёстой гэж хэлмээр байна. 

-Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудлыг түшиглэн байгуулна гэж ярьсан. Энэ тухайд? 

-Засгийн газраас БХБЯ, хотын захиргааг хамтран Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудлыг түшиглэн чөлөөт бүс байгуулах асуудлыг судалж яаралтай саналаа оруулж ир гэсэн агуулга бүхий 19 дүгээр тогтоол энэ оны нэгдүгээр сард гаргасан. Энэ бол сайн мэдээ. Яагаад гэвэл Засгийн газар асуудлыг олж харсан байна.

Харин бид концепцийг нь зөв томьёолох хэрэгтэй. Бүх талын эрх ашгийг энэ төсөл рүү тусгах ёстой юм. Хувийн хэвшил нь ямар сонирхолтой байгаа, яам тамгын газар нь ямар сонирхолтой байгаа, хотын захиргаа нь ямар сонирхолтой байгаа зэрэг талуудын саналыг зөв тусгаж хооронд нь эвцэлдүүлэх нь чухал юм. Ингэж чадвал чөлөөт бүс байгуулах асуудал чирэгдэлгүй богино хугацаанд хэрэгжиж боломжтой гэж харж байгаа. 

-Захиргаа шийдвэр гаргахын тулд сонсох ажил явуулах ёстой. Тэгвэл хувийн хэвшил, үйлдвэрлэгч нарын саналыг ямар түвшинд сонсож ажиллаж байна вэ. Тэд юу хүсэж байна вэ? 

-Би хувиараа Улаанбаатар хотод чөлөөт бүс байгуулах ажлын хэсэг байгуулаад жил хагасын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачидтай уулзаж, санал солилцож үзсэн. Улаанбаатар хотод эдийн засгийн чөлөөт бүс байгуулах цаг нь болсон гэдгийг дэмжсэн. Асуудлыг томьёолж, зарчмаа барьж чадаж байна гэдэг нь ололттой тал юм. 

Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудлын ажлыг Япон улсын Засгийн газрын 300 сая енийн буцалтгүй тусламжаар гүйцэтгэж байгаа. Эдийн засгийн үр өгөөжийг нь тооцсон байна шүү дээ. Тэгвэл Улаанбаатар хот энэхүү хөрөнгө оруулалтын ажлаас өөрийн эдийн засгийн “хөрс” гээч юм руу ямар хэмжээний ашиг олж болох юм, нийслэлд ажиллаж амьдарч байгаа иргэддээ ямар хэмжээний боломж бий болгож өгөх вэ гэдэгт анхаарал хандуулж, ухаанаа уралдуулаад сууж байх ёстой юм. 

Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудал нь зургаан гарцтай, жилдээ гурван сая зорчигч тээвэрлэх хүчин чадалтай. Магадгүй нэг сая зорчигч нь та, бид. Үлдсэн хоёр сая зорчигчийг гаднаас тээвэрлэж Монголд авч ирэх тээврийн боломж үүсэж байна. Төмөр замаар аялна гээд Москвагаас Монголд ирдэг хүн их цөөхөн байна. Олонх жуулчин агаарын тээврээр ирдэг гэсэн үг. Тэд Улаанбаатар хотод буух нь. Ингээд цаашаа Монголын тал нутгаар аялдаг. Тэгвэл нөгөө бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид тэр аялагчдад зориулсан ямар бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгон борлуулж, улмаар ажилтай, орлоготой байх ёстой вэ гэдэгт хотын удирдлагууд сэтгэлээ чилээх ёстой. 

-Чөлөөт бүстэй болох шийдвэр гарах байх. Ингээд мөнгө орж ирнэ гэж тооцъё. Гэтэл хот тэрхүү олж авсан мөнгөө өөрийн хөгжилд захиран зарцуулах эрх нь хязгаарлагдмал тохиолдолд яах ёстой вэ? 

-Тэр орж ирсэн мөнгөнөөс хот өөрийн дансанд тодорхой хувийг нь шилжүүлж авах тухай асуудал биш юм. Агуулга нь Улаанбаатар хотод гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг урьж авчрах тухай гэж ойлгож болно. Тэр хөрөнгө оруулагч нь татваргүй, таатай орчинд Монгол залуустай хамтран бизнесээ явуулна, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэнэ гэсэн үг. Тэдний хийсэн бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулах зах зээл нь заавал Улаанбаатар хот, Монгол Улс байх албагүй. Магадгүй хоёр цагийн радиус дотор байгаа 300 сая хүн нь тэдний бодит зах зээл.

Харин дөрвөн цагийн радиус дотор буй 1.7 тэрбум хүн тэдний боломжит зах зээл нь байх юм. Энэ тооцооллын үндсэн дээр Улаанбаатар хотод эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай асуудлыг онцгойлон анхаарч, төрийн дээд удирдлага, үйлдвэрлэгчид, биз эрхлэгчид, иргэд олон нийт гээд бүх шатлалыг хамарсан томоохон хэлэлцүүлэг хийж, хамтран ярилцаж шийдэх хэрэгтэй гэж хэлмээр байна. 

-Хот тосгоны хувьд эрх зүйн тухайд яах вэ? 

-Бидэнд эрх зүйн шинэчлэлийн асуудал чухал байгаа. Үүнийг хийхийн тулд бодлогын шинэчлэл, үйл ажиллагааны шинэчлэл, мөн хөгжлийн төлөөх стратеги тактикийн шинэчлэлийг зайлшгүй хийх хэрэгтэй болно. Энэ шинэчлэлийг хийх алтан цаг үе нь яг одоо гэж харж байгаа. УИХ-ын 76 гишүүний 28 нь Улаанбаатар хотоос сонгогдсон. Нийслэлийн эрх ашгийн төлөө энэ 28 гишүүн хотын удирдлагын баг, хотод үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн зүгээс гаргасан чөлөөт бүсийн асуудалд нухацтай хандаж хамтран ажиллах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. 

Ирээдүйн Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс, шинээр тэлж хөгжих боломж нь Хөшигтийн онгоцны буудал мөн юм. Тухайлбал, Буянт-Ухаа орчимд ямар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг төсөөлж байна. Цаашлаад нисэх онгоцны шинэ буудал, Төв аймгийн Зуун мод хот, Майдар сити, Богдхан уул, Налайх, Эмээлтийн үйлдвэр технологийн парк гээд харахаар ирээдүйд Улаанбаатар дундаа Богдхан уул гэсэн үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй, тэлсэн хот болох юм. 
Үүнийг хийхийн тулд нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-д өргөн бариад анхны хэлэлцүүлгийг хийсэн. Төслийн засах шаардлага гарсан. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль гэсэн орон нутгийн өөрөө удирдах байгууллагын баримталдаг гол хууль бий. Мөн үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ ярьж байна. Үүнтэй уялдуулаад нэгжийн хуульд орох өөрчлөлтийн асуудлыг хотын удирдлагын баг, нийслэлийн Иргэдийн хурлын багаас нийслэлийн иргэд оршин суугчдын ая тухтай, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах боломжийг бүрдүүлэхэд эрх зүйн ямар шинэчлэл тусгаж өгөх вэ гэдэгт анхаарч ажиллах нь чухал юм. 

-Хотын төвлөрлийг сааруулах хэрэгтэй гэж ярьдаг. Тэгэхээр нэгэнт суурьшсан хүн амын асуудлыг шийдэж цааш ажиллах ёстой юу, эсвэл төвлөрлийг сааруулах асуудлыг ярих ёстой юу? 

-Миний хувьд захиргааны аргаар энэ асуудлыг шийдэх нь буруу гэж үздэг. Хамгийн эцсийн үнэт капитал нь хүн учраас бид олуулаа байна гэдэг нь сайн мэдээ юм. Хүн амд хүргэх төрийн үйлчилгээний хүртээмж, чирэгдэлгүй, түргэн шуурхай байдал нь хангалтгүй байгаа ч үүнийг бэрхшээл гэж харалгүй хэрхэн давуу тал болгох аргыг хайх хэрэгтэй. 

Гол нь энэ олон хүний амьдрах арга ухааныг яаж зөв тодорхойлж өгөх вэ гэдгийг бодож олох ёстой юм. Тэрний төлөө та бид бүгдээрээ хамтдаа ажиллах ёстой. Тэр дундаа нийслэлийн иргэн бүр, төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийнхэн чухал үүрэгтэй. 

-Хөдөөнөөс хотод орж ирж байгаа иргэд шинэ боломж хайж орж ирдэг. Хотод хувийн хэвшил, үйлдвэрлэл амьдрах боломж байна. Тэгвэл хувийн хэвшлийг юунд ашиглах юм бэ? 

-Хувийн хэвшил нь үйлдвэрлэлээ тэлэх гэтэл асуудал тулгардаг. Ямар асуудал тулгарав. Хамгийн чухал нь тэдэнд бизнесийн эрх зүйн байдлын нэн таатай орчин дутагдалтай байна. Энэ таатай орчин нь хаана байдаг вэ гэхээр өнөөх таксгүй, чөлөөт бүс гэсэн статустай бүс нутагт гадаад дотоодын хөрөнгө оруулагчид өөрийнхөөрөө ажиллаж боломжоор хангагддаг байна. Чөлөөт бүс гэдэг нь шинэ ойлголт биш юм. 300-400 жилийн түүхтэй, дотроо олон ангилалтай болсон байна. Тэгвэл Улаанбаатар хотыг ямар чиглэлийн статустай чөлөөт бүс болгож иргэддээ ашигтай байлгах хөгжлийн бодлогыг тодорхойлох нь чухал юм. Энэ асуудлыг бид өдөр болгон ярьдаг баймаар байна. 

-Тэгвэл чөлөөт бүс байгуулах, түүний хөгжлийн хугацааг хэрхэн харж байна вэ?

-Чөлөөт бүс байгуулах асуудлыг тийм ч хол гэж харахгүй байна. Бид бүгд үзэл санаа нэгдээд, хувийн хэвшлийнхэн зөвшилцөлд хүрээд, төр захиргааны удирдлагууд нь ойлгоод, нийслэлийн иргэн бүрийн санал санаачлаг хэрэгтэй юм. Үүнийг нэгтгэх хэлэлцүүлэг хийх ёстой юм. 
Монгол Улсын эдийн засгийг “солонгоруулъя” гэж ярьдаг. Тэгвэл өнөөдрийн байдлаар уул уурхайн салбар эдийн засагт чухал байр эзэлдэг. Дараа нь хөдөө аж ахуйн салбар юм.

Харин Монгол Улсын эдийн засагт эерэг дам нөлөө үзүүлэх, “солонгоруулах” учиртай гурав дахь салбар нь Улаанбаатар хотын эдийн засгийн “хөрс” байх ёстой. Энэ “хөрсөнд” юу ч тарьсан ургадаг баймаар байна. Тийм эрх зүйн орчин хэрэгтэй байгаа юм. Учир нь өнөөдөр бид хэтэрхий их төсөвт найдсан, Засгийн газраас хувиарлаж өгсөн мөнгийг дахин хувиарлалт хийдэг байдалтай байна. Идэвхгүй, санаачлагагүй байдалтай ажиллаж амьдраад 27 жилийг үдсэн байна. Ийм гунигт байдалтай байгаа 27 жилийн амьдралаасаа бид салах хэрэгтэй. Арай өөрөөр амьдрах хэрэгтэй. 

-Хамгийн том жишээ бол Сингапур улс байна. Нэн тэргүүнд иргэддээ өгөх ойлголтыг маш сайн өгсөн байдаг. Дараа нь тэрхүү хөрсөнд юм тарихад иргэд нь ёс суртахууны хувьд хогоо хаядаггүй байх жишээтэй өөрчлөлт эхэлсэн байдаг. 

-Нийслэлд ажиллаж амьдарч буй залуучуудад хотоо хараад “Манай хот хөгжиж байна шүү” гэж хэлдэг байх урам зориг өгөх хэрэгтэй. Хотын хөгжлийг хараад нүд нь баясдаг, цэнгэдэг байх тийм боломжийг олгохын тулд шинэ арга барилаар ажиллаж амьдрахгүй бол болохгүй юм. Тэгэхгүй бол утаанд дарагдсан, агаарын бохирдол, хөрсний бохирдол, замын түгжрэлээ яана аа гээд зовлон тоочоод бөөн стерес дунд байгаа нь гунигтай юм. Харин “боломж байна, боломжтой” гэж харах хэрэгтэй. 

-Тэгтэл ямар гарц байна вэ гэхээр хариулт хэлэх хүн байдаггүй. Шийдэл олон байгаа байх. Тухайлбал нийслэлийн өмчийн асуудал гэхэд олон асуудал гардаг. Үүнийг яах ёстой вэ? 

-Улаанбаатар хотын өмчид бүртгэлтэй хоёр их наяд орчим төгрөгийн үндсэн хөрөнгө байна. Ямар ч эдийн засгийн эргэлтэд ордоггүй. Өөрөөр хэлбэл үхмэл хөрөнгө юм. Магадгүй бид нийслэлийн эрх зүйн орчныг сайжруулснаар энэхүү үхмэл хөрөнгийг ямар нэгэн байдлаар эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой болох юм. Ингэснээр бонд гаргах эрхтэй байж болно. Эдийн засагчдын судалгаагаар ямар хэлбэрээр гаргах вэ гээд шийдвэрүүд гарч болох юм. Үүнээс гадна өөр ямар боломж байна вэ гэдгийг хайх хэрэгтэй юм. 

Улсын төсөв, нийслэлийн төсөв гэсэн хоёр эх үүсвэр байна. Мөн гадаадын зээл, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл гэсэн эх үүсвэр бий. Улаанбаатар хотод буй хоёр их наяд төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг ямар нэгэн байдлаар эдийн засгийн эргэлтэд оруулах арга замыг хайх хэрэгтэй. Ингэж ажиллах шийдвэрүүдийг бид хурдтай гаргах ёстой. 

-Бүсчилнэ гээд гаргасан олон шийдвэр бий. Гэтэл зарим нь их удаан байгаа. Харин одоо энэ цаг үед нийслэлийн Иргэдийн хурлаас гарч буй шийдвэрүүд битгий хөөсөрсөн, савласан байгаасай гэж олон нийт хүсэж байна. 

-Миний хувьд “амьдралд ойрхон байгаасай” гэж хүсэж байгаа. Иймд таны хэлж буйтай санал нийлж байна. Иргэдийн хурлаас хотын ажил амьдралтай холбоотой өдөр тутмын олон шийдвэр гарч байнга сайжруулж, шинэчлэгдэж байгаа ч зөвхөн “амьдралд ойрхон байгаасай” гэж хүсдэг. Тусгай бүсийг яагаад бид ажил болгож чадахгүй байна вэ? Яагаад түүнд гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхэн орж ирэхгүй байна вэ? гээд асуулт их байна. 

Мөнгөтэй хүний халааснаас мөнгийг нь гаргаж ирнэ гэдэг урлаг байж болох юм. Тэрхүү гадаад дотоодын хөрөнгө оруулагч нарт бид хэн болж харагдах нь чухал юм байна. Тэгвэл бид тэдэнд хэн болж харагдах гэж байгаагаа ойлгохгүй байгаа юм биш үү. Иймд энэ асуудлыг тодорхойлох ёстой юм. Бодож байна гээд гасалж суух биш харин засах шийдлийн араас бүгд явах хэрэгтэй. 

-Том хөрөнгө оруулагч, том бүтээн байгуулалтын тухайд яригдаж байдаг. Гэтэл хотод үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд бизнес эрхлэгчид, өрхийн бизнес эрхлэгчдийг хэрхэн дэмжих ёстой вэ? 

-Өнөөдрийг хүртэл эрх зүйн орчин болон санхүүгийн орчинг сайжруулах гэсэн зарчим болон бодлогын хүрээнд ярьсаар ирсэн. Өрхийн үйлдвэрлэл, өрхийн бизнес эрхлэгчид гэж хэсэг бүлэг хүмүүс бий. Энэ хүмүүс нь ихэнх тохиолдолд хаягдаад байдаг. Гэтэл тухайн өрхөд 2-3 хүний ажлын байр бий болгоод ажиллаж байх жишээтэй. Энэ хэсэгт бодлогын дэмжлэг хэрэгтэй. Гэхдээ эрх зүйн орчныг зөв болгож өгснөөр санхүүгийн дэмжлэг нь ямар схемээр явж, энэ нь шилэн мөн хүртээмжтэй байхад анхаарах ёстой юм.

Улаанбаатар хотод жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хөрөнгө мөнгө нь маш инээдтэй тоо яригддаг. Жишээлбэл жилдээ таван тэрбум, гурван тэрбум гэж яригддаг. Энэ бол өчүүхэн асуудал юм. Ийм мөнгөөр үйлдвэр эрхлэгчдийг дэмжсэн, ажлын байрыг бий болгосон гээд цаасан дээр тоо яриад байгаа нь буруу юм гэж хэлмээр байгаа юм. 

-Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн эдийн засгийн үр өгөөжийг тооцдог болов уу? 

-Хөрөнгө оруулалтын ажлын эдийн засгийн үр өгөөжийг зайлшгүй ярих ёстой. Миний зүгээс үүнийг нэхэж ажиллана гэж бодож байгаа. Тэгвэл татвар төлөгчдөөс авсан мөнгөөр хийж буй хөрөнгө оруулалтын ажлын эдийн засгийн үр өгөөж нь хаана байна вэ, нийгмийн үр өгөөж нь хаана байна вэ гэдгийг нөхдүүдтэй ярина гэж бодож байгаа. 

Хотын урсгал зардал гэж хэдэн зуун тэрбум төгрөгөөр яригддаг том зардал байгаа. Үүний эдийн засгийн үр өгөөжийг ч ярих ёстой юм. Магадгүй ямар бүтэцтэй, ямар бодлоготойгоор цаашдаа эдийн засгийн өгөөжтэй байх ёстой гэдгийг харах хэрэгтэй юм. Энэ нь эргээд нийгмийн үр өгөөж байдаг учраас чухал асуудал юм. 

 

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ