Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Сервэрийн тохируулгыг өөрчилснөөс болж үйлчилгээ тасалдсан хэмээн Фэйсбүүк тайлбарлалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Пүрэв гарагт хамгийн том нийгмийн сүлжээ болох Фэйсбүүк бараг бүтэн өдөр дэлхий даяар ажиллагаагүй болж тасалдсан билээ.

Тус компанийн эзэмшдэг Instagram, WhatsApp үйлчилгээнүүд ч мөн адил доголдсон юм.

Удтал чимээгүй байсны эцэст гэмтэл анх илэрснээс хойш 24 цагийн дараа Фэйсбүүк компани товч мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд хэрэглэгчдээсээ уучлал гуйж, тэдний хүлээцтэй байдалд талархлаа илэрхийлсэн байна.

Мөн сервэрийн тохируулгыг өөрчилснөөс болж саатал гарсан хэмээн товчхон тайлбарлажээ. Үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Гэвч Фэйсбүүкийн тайлбарт олон хэрэглэгч, бизнес эрхлэгч, судлаачид сэтгэл дундуур байгаагаа илэрхийлцгээж, нээлттэй, ил тод байхыг шаарджээ.

Гэмтэл гарсны дараахан хүмүүсийн дунд Фэйсбүүкийг DDoS хэмээх халдлагад өртсөн гэх яриа тарсан юм. Гэвч удалгүй Фэйсбүүк үүнийг няцаасан. DDoS нь аль нэг онлайн үйлчилгээ рүү зохиомлоор маш их хэмжээний хандалт үүсгэж, ачааллыг нь нэмэгдүүлэн унагах арга юм.

Пүрэв гараг Фэйсбүүкийн хувьд хар өдөр байлаа. Өчигдрийн уналттай зэрэгцэн хэрэглэгчдийн хувийн мэдээллийг зарим гар утасны үйлдвэрлэгчдэд дамжуулах нууц гэрээг Фэйсбүүк компани байгуулсан гэх хэргийг АНУ-ын хуулийнхан шалгаж байгаа тухай мэдээлэл хэвлэлд гарсан байна.

 

Эх сурвалж: Associated Press