Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Филиппиний ерөнхийлөгч Дутерте хар тамхины хэрэгт холбоотой төрийн 46 албан хаагчийн нэрийг зарлажээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте өчигдөр буюу Пүрэв гарагт хар тамхины хэрэгт холбоотой төрийн өндөр албан тушаалтан 46 хүний нэрийг олон нийтэд зарлажээ.

Хэрэг нь шалгагдаж байгаа гэх эдгээр хүмүүсийн дотор хотын дарга 33, хотын дэд дарга 8, парламентын гишүүн 3 хүний нэр багтсан байна.

Филиппиний засгийн газрын Мөнгө Угаах Гэмт хэрэгтэй тэмцэх зөвлөл, ерөнхийлөгчийн дэргэдэх Авлигатай тэмцэх хороо уг жагсаалтыг хамтран гаргасан гэнэ.

Тавдугаар сарын 13-нд болох сонгуульд жагсаалтад багтсан гурван парламентч өрсөлдөж байгаа ажээ. Гэвч Дутерте улс төрийн өрсөлдөгчдөө дарахын тулд уг жагсаалтыг зарлаагүй, мэргэжлийн байгууллагууд буруутайг нь тогтоосон тул ил гаргахаар шийдсэнээ тайлбарласан байна.

Родриго Дутертегийн улс орондоо явуулж буй хар тамхины эсрэг дайн өрнөдийн орнууд болон хүний эрхийн байгууллагуудын шүүмжлэлд байнга өртдөг.

Үйл ажиллагааных нь талаар Олон Улсын Эрүүгийн Шүүхэд гомдол гаргасны дараа Дутерте Филиппин улсыг тус байгууллагын гишүүнээс гаргах арга хэмжээ авсан юм. Тавдугаар сарын 17-ноос эхлэн тус улс Олон Улсын Эрүүгийн Шүүхийн гишүүнчлэлээс албан ёсоор гарна.

 

Эх сурвалж: Associated Press