Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Этиоп улс онгоцны хар хайрцагны нууцыг тайлуулахаар АНУ-ыг биш, Францыг сонгожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Этиопт унасан Боинг нисэх онгоцны хоёр хар хайрцагийг ослын маргааш нь илрүүлсэн юм. Хар хайрцагны нууцыг тайлах технологийн боломж тус улсад байхгүй тул өөр улс орнуудад ханджээ.

АНУ-ын нислэгийн аюулгүй байдлыг хангах байгууллага хайрцагнуудыг авахаар Этиопын талтай хэлэлцсэн ч амжилтад хүрээгүй байна. Уг нь Boeing 737 Max онгоцыг үйлдвэрлэсэн улсад технологийн боломж хамгийн өндөр байгаа.

Гэвч дэлхийн олон улс орон Boeing 737 Max онгоцоо газардуулаад байхад богино хугацаанд дараалан осолдсон онгоцыг нисэхэд аюулгүй хэмээн саяхныг хүртэл үзэж байсан АНУ-ын мэргэжлийн байгууллагад Этиопын тал итгээгүй бололтой.

Тэд Европын Их Британи, Герман, Франц улсуудад хандсанаас Францын Иргэний Нислэгийн Аюулгүй байдлыг Мөрдөх Товчоо (BEA) байгууллага хүлээж авахыг зөвшөөрсөн байна.

Германы тал 737 Max загварын онгоцны хар хайрцагны кодыг тайлах програмын сүүлийн хувилбар байхгүйн улмаас боломжгүй гэсэн хариу өгчээ.

Этиопт осолдсон онгоцны хоёр хар хайрцаг өчигдөр өглөө Францад ирснийг BEA байгууллага мэдээлсэн байна.

Францчууд 2010 онд Ливаны нийслэл Бейрутаас хөөрсөн Этиопын онгоц Газрын дундад тэнгист унахад мөн хар хайрцагны мэдээллийг унших ажиллагаанд хамтран ажиллаж байжээ.

Энэ удаагийн осол хуурай, тал газарт болсон тул хар хайрцагнуудыг хялбар олсон байна. Аравдугаар сарын 29-нд Индонезийн эргийн ойролцоо далайд унасан Lion Air компанийн Boeing 737 Max онгоцны нэг хар хайрцаг гурван өдрийн дараа, нөгөө нь бүр нэгдүгээр сард олдож байсан юм.

Хоёр хар хайрцагны нэгт нисгэгчийн бүхээг дэх ярианы бичлэг, нөгөөд нь онгоцны нислэгийн үеийн тоон үзүүлэлтүүд хадгалагддаг.

 

Эх сурвалж: Quartz, Wall Street Journal