Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

ШИНЭ НОМ: Франц Кафка “Шүүх ажиллагаа”

МОНСУДАР
2019 оны 3 сарын 14
Монсудар
Зураг зураг

Франц Кафка бол орчин үеийн герман хэлт зохиолчдын хамгийн том төлөөлөгч билээ. Кафкаг бахдан биширч уншигчдын дунд Альбер Камю, Владимир Набоков, Хорхе Луис Борхес, Габриель Гарсия Маркес, Ж.М.Күтсий, Мүраками Харүки зэрэг тоочоод барахгүй олон алдартай зохиолч бий.

Элиас Канетти түүний тухай: “Манай энэ эрин зууныг хамгийн тод томруун илэрхийлсэн зохиолч бол Франц Кафка юм” хэмээн бичсэн бол Америкийн зохиолч У.Х.Оден харин Кафкаг “ХХ дугаар зууны Данте” гэж нэрийджээ.

Кафка 25 настайгаасаа өгүүллэг, богино хэмжээний үргэлжилсэн үгийн зохиолуудаа хэвлүүлж эхэлжээ. Гэвч тэрээр 1924 онд буюу орь залуугаараа нас барахынхаа өмнө дотнын анд Макс Броддоо уран бүтээлийн бүхий л өвийг нь захидал, өдрийн тэмдэглэлүүдийнх нь хамтаар устгахыг захисан ч Брод нарийн мэдрэмжтэй, мэдлэг туршлагатай нэгэн учир Кафкагийн энэ гуйлтыг биелүүлээгүй ажээ. 

Эдгээр өвийн дотор бүрэн дуусаагүй Шүүх ажиллагаа роман багтаж байсан билээ. Монсудар хэвлэлийн газар “Утга зохиол” цувралынхаа 27 дахь дэвтрээр Кафкагийн Шүүх ажиллагаа романы гар бичмэлийг баримтлан гаргасан хувилбарыг анх удаа эх хэлнээс нь хөрвүүлэн монгол уншигчдадаа ийнхүү танилцуулж байна.

Шүүх ажиллагаа романы үйл явдал, Иосеф К. хэмээх банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч нэгэн өглөө орон гэртээ баривчлагдаж буйгаар эхэлнэ. Үүний дараагаас К. учир нь үл тайлагдах хэрэгт хутгалдан орж, сэжигтнээр дуудагдсан шүүх ажиллагаандаа оролцох гэж хичээх тусам гэм буруугүй гэдэгтээ улам бүр эргэлзэж, хүчгүй дорой болохоо улам ихээр мэдэрнэ. Ингэсээр эцэст нь шүүх түүнийг яллана.

Уг романыг уншихад “Энэ бүх үйл явдал үнэхээр тохиолдож байна уу?” гэж асуумаар санагддаг. Аль эсвэл энэ бүхэн ердөө л К.-гийн ухаан бодол дотор өрнөөд байна уу? Үнэхээр тэгж ойлгогдохуйц хэсэг зохиолд хэдэнтээ гарна. Гэвч энэ ердөө таамаглал, хар дарсан зүүд эсвэл хий төсөөлөл гэж барин тавин хэлэх аргагүй юм. 

 

Хэдэн арван жилийн турш энэхүү романы талаар тоо томшгүй олон янзын тайлбар хийгджээ. Уг зохиолыг төрийн хүнд сурталтай, Кафкагийн өөрийн хувийн амьдралтай, еврейн шашинтай, “оршихуйн” асуудалтай, түүнчлэн еврейчүүдийг хоморголон устгах нацист үзэл санаатай холбож тайлбарласан нь бий.

“Хүн ер нь өөрийг нь хатгаж, чимхэх мэт санагддаг тийм номуудыг л унших ёстой гэж би боддог. Тархин дундуур маань татаад авах шиг цочроон сэрээхгүй л юм бол бид ном унших ямар хэрэгтэй юм бэ? Гэвч, хайртай дотнын хүн маань нас барчихсан мэт, хамаг хүмүүсээс хол ойн гүнд орь ганцаараа хаягдах мэт, амиа хорлох мэт энэлгэн шаналгадаг номууд л бидэнд хэрэгтэй, ном гэдэг чинь бидний дотор буй тэс хөлдүү мөсөн далайг хага цохих сүх байх ёстой шүү дээ” хэмээн Кафка аль эрт 1904 онд нэгэн анддаа бичжээ. Уран зохиолын тухай энэ эрс үзэл бодолдоо Кафка цаг ямагт үнэнч хэвээр үлдсэн юм. 

Шүүх ажиллагаа романаараа тэр өөрөө ч мэдэлгүй энэ туйлын санаандаа тун дөхөж очсон байж магад. Шүүх ажиллагаа роман олон талаараа “тархин дундуур маань татан авч”, “бидний доторх хөлдүү мөсийг хага цохих сүх” болно. Үгүйдээ л энэ зохиолд бүрэн автан унших хүмүүст лавтай ийм мэдрэмж төрөх буй за.

Номын тухай бусад мэдээллийг ЭНД дарж авна уу.