Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

“Мэдээллийн технологийн салбарт эзлэх эмэгтэйчүүдийн орон зай тэднийг хүлээсээр байна”

Т.Саран, iKon.mn
2019 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Mэдээллийн технологийн салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн улс орны хөгжилд хувь нэмрээ оруулахаар хүчин зүтгэж байгаа санал санаачилгыг дэмжиж, сайн туршлага, амжилт, манлайллыг хуваалцан, дуу хоолойг хүргэж, эмэгтэйчүүд хоорондоо танилцаж, хөгжиж, туршлага солилцох бололцоог олгох зорилготойгоор “Mongolian women in Tech”  арга хэмжээг “Эмпасофт” компани Монголд анх удаа зохион байгуулсан. HUB Инновацийн төвд болсон уг арга хэмжээнд салбартаа амжилттай ажиллаж яваа бүсгүйчүүд гол илтгэгчээр оролцжээ. 
 
Дэлхий нийтийн дунд салбар бүрт хүйсийн тэгш байдал өдрөөс өдөрт тэнцвэржиж, технологи дахь эмэгтэйчүүдийн нөлөө хүчтэй болж буй энэ үед Монголд ч гэсэн энэ талаар хэлэлцэх талбар хэрэгтэй байсныг оролцогчид онцлон тэмдэглэж байв. 
 
Энэ талаар “Эмпасофт” академийн Гүйцэтгэх захирал Н.Энхсайхантай ярилцлаа.


-Мэдээлэл технологийн салбарын эмэгтэйчүүдэд зориулсан арга хэмжээг анх удаа зохион байгууллаа. Монголд энэ салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүд хэдэн хувийг эзэлж байна вэ?
 
-Технологийн салбарт ажиллах, амжилт үзүүлэх эрмэлзэлтэй маш олон охид бүсгүйчүүд бий ч энэ салбар хэдийнэ "эрчүүдийн ертөнц" болсон гэхэд хилсдэхгүй. Жил бүр мэдээллийн технологийн салбарын мэргэжлээр төгсөж байгаа оюутнуудын 20 хүрэхгүй хувь нь эмэгтэйчүүд байгаа. Гэтэл энэ цөөхөн хувийн хэд нь төгсөнгүүтээ мэргэжлээрээ ажиллаж байна вэ гэдэг судалгаа одоогоор алга. Салбар өөрөө их өргөн цар хүрээтэй хэдий ч дэлхийн эмэгтэйчүүдийн тоо олширч байгаа энэ үед манайд эзлэх хувь харьцангуй бага байна. Мэдээллийн технологийн хүчирхэг багтай банк зэрэг томоохон байгууллагуудад 10 хүн тутмын нэг нь эмэгтэй байгаа нь өнөө 20 хүрэхгүй хувийн тал нь хүссэн ажилдаа орж чадахгүй байгааг илтгэнэ. Түүнчлэн Япон, Солонгос зэрэг мэдээллийн технологийн ажилтны дутагдалд орсон өндөр хөгжилтэй орны компаниуд Монголын их, дээд сургуулиудын үүдийг сахих болсон. Ийм үед Монголдоо үлдэж ажиллах мэргэжилтүүдийг тогтооно гэдэг бас амаргүй. 
 
-"Mongolian Women in Tech" арга хэмжээнд ирсэн эмэгтэйчүүд, ер нь энэ салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдэд ямар асуудал тулгарч байна?
 
-Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулсан энэхүү арга хэмжээндээ бид олон улсын туршлага, гадны хэн нэгний амжилтыг яриагүй. Энэ салбартаа ажиллаж, амжилтад хүрэхийн тулд хичээж яваа эгэл жирийн эгч, дүү, ээж, эхнэрүүдийг урьж оролцуулсан. Тэдний дунд Монголын мэдээллийн технологийн салбарт өөрсдийн эзэлж буй байр суурь, амжилт, уналтын тухай энгийн яриа өрнөсөн. Ихэнх нь хамт олон дундаа ганц эмэгтэй нь, салбартаа амжилт гаргасан анхны гэх мэт тодотголтой анхдагчид байсан тул ирсэн бусад сонсогчдын хувьд нэлээд сонирхолтой байсан болов уу. 
 
Гэр бүлээ, ажилтайгаа хослуулан авч явна гэдэг хэцүү. Оролцогч бүсгүйчүүд өөрсдийн туршлагаа ярьсан учир биднийг зорин ирсэн бүсгүйчүүд бүгд л сэтгэл хангалуун гарсан. 

-Эмэгтэйчүүд амжилт гарган ажиллахын тулд дэмжлэг хэрэгтэй. Гэвч эмэгтэй  ажилчдаа дэмжих тал дээр манайд шинэчлэл байна уу?
 
-Мэдээж гэр бүл зохиож, ээж болох мөчид ажлаас түр холдох зэрэг жам ёсны зүйл байдаг. Энэ нь салбар өөрөө өдрөөс өдөрт шинэчлэгдэж, хүнээ байнга суралцаж байхыг шаарддаг.

Гадны технологийн компаниуд бол эмэгтэй ажилчдаа дэмжих олон төрлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ажилладаг юм билээ. Манайд энэ тал дээр анхаарах цаг болжээ гэдгийг Мэдээллийн технологийн мэргэжлийн сургалт явуулдаг бид өдөр бүр анзаарч байна. Учир нь “Эмпасофт” академид мэргэжил дээшлүүлэхээр ирж суралцаж байгаа суралцагчдын 8% хүрэхгүй хэсэг нь эмэгтэйчүүд байгаа. Компаниуд эмэгтэй ажилчдаа хөгжүүлэх тал дээр хөрөнгө оруулалт хийхийг эрсдэлтэй алхам мэт харж байгаа нь харамсалтай
 
-Тэгвэл энэ салбарт байгаа эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тухай таны бодол?
 
-Асуудал зөвхөн ажиллаж байгаа эмэгтэйчүүдэд байгаа юм биш.

Тэртэй тэргүй ирээдүйд хамгийн үнэ цэнэтэй болох энэ мэргэжлийг охидод эзэмшүүлэх, охидыг шинжлэх ухаан,  математикт дурлуулж, энэ салбар руу татах бодлого зайлшгүй хэрэгтэй. Хүүхэд насандаа  шинжлэх ухаанд дурлаж, технологийн чиглэлээр хөвгүүдтэй зэрэгцэн сурах хүсэлтэй ч энэ хичээлийн багш нь эрэгтэй, энэ чиглэлийн сонирхолтой дугуйлан бүгд эрэгтэй хүүхдүүдэд анхаарлаа хандуулж байна.

Өөрөөр хэлбэл, охидод үлгэр дуурайлал авах эмэгтэй багш, эмэгтэй дүр хэрэгтэй гэсэн үг. Ийм бодитой дүр байхгүйгээс охид багш болж, хөвгүүд инженер болдог гэсэн ойлголттой хүмүүс нийгэмд бэлтгэгдэж байна. 
 
Тийм ч учраас “Mongolian women in Tech” арга хэмжээгээ бид нэг удаа зохион байгуулаад, хэдэн эмэгтэй цуглуулаад, ярилцаад өнгөрөх биш, төсөл хөтөлбөр болгон үргэлжүүлэх хэрэгтэй гэж харж байгаа. Бидний цаашдын зорилго ч ийм.
 
-Тодорхой яривал, эмэгтэйчүүдэд хандаж ажиллахдаа яг ямар зүйлс хийхээр төлөвлөж байна вэ?

-”Эрчүүдийн” гэх сэтгэлгээ нийгэмд нэгэнт тогтсон мэдээлэл технологийн салбарт тэдэнтэй мөр зэрэгцэн ажиллана гэдэг бүсгүй хүний хувьд амаргүй гэдгийг дахин тодотгомоор байна. Гэтэл энэ салбарт ч гэсэн эмэгтэй хүний нарийн ухаан, чамбай байдал хэрэгтэй гэдгийг олон улсын жишгээс харж болно. Мэдээллийн аюулгүй байдал, хөгжүүлэлт, дата дүн шинжилгээ гэх мэт чиглэлд сонирхон судлагч эмэгтэй оюутнуудын тоо ч нэмэгдэж байна.
 
Тиймээс манай академи мэдээллийн технологийн чиглэлээр сурч буй оюутан охидод чиглэсэн, энэ салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх төслийг эхлүүлээд байгаа. Энэ жилийн хөтөлбөрт орсон мэргэжлийн сургалтууддаа хөнгөлөлт үзүүлж, хөгжүүлэгч, дата аналист гэх зэрэг нарийн, чамбай ур чадвар шаардсан ажлууд дээр дадлага хийх боломжийг нээлттэй болгож, ажлын байртай болох зэрэг олон талаар чиглэж ажиллахыг зорьж байна. 

Аль ч салбарт эмэгтэйчүүдийн орон зай байдаг. Мэдээллийн технологийн салбарт эзлэх эмэгтэйчүүдийн орон зай тэднийг хүлээсээр байна.