Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Хөгжье, хурдтай байя, өрсөлдөөнд давуу талтай оръё гэвэл менежмент сайтай, дэвшилтэт технологийг нэвтрүүлдэг байх хэрэгтэй"

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 3 сарын 14
Сурталчилгаа

А.Ганболд: Хөгжье, хурдтай байя, өрсөлдөөнд давуу талтай оръё гэвэл менежмент сайтай, дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлдэг байх хэрэгтэй болов уу

Барилгын салбарын томоохон үйл ажиллагааны нэгд тооцогддог “Төгс бүтээгч” арга хэмжээ тун удахгүй болох гэж байна. Энэхүү арга хэмжээг “Премиум Бьюлдинг Материалс” компани хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байгаа юм. Барилгын салбарын өнөөгийн чиг хандлага, хөгжил дэвшлийн талаар болон “Төгс бүтээгч-2019” арга хэмжээний тухай  “Премиум Групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Ганболдтой ярилцлаа.

 

-Өнгөрсөн жил барилгын салбарын хувьд ямар онцлогтой жил байв, энэ жилийн чиг хандлага, төлөв ямар байгаа талаар ярилцлагаа эхэлье?

-Өнгөрсөн жил Монгол улсын эдийн засаг  6.9 хувиар өссөн. Энэхүү үзүүлэлтийг өмнөх уналттай үе буюу 2015-2017 онуудтай харьцуулахад том өсөлт гэж харж байгаа. 2018 он барилгын салбарын хувьд ч ажлын бүтээмж, үр дүн өндөртэй, таатай жил байлаа. Энэ өсөлт 2019 онд хадгалагдах болов уу гэсэн найдлага бий. Иймэрхүү байдлаар тогтвортой өсөөд явбал маш сайн байна. Гэхдээ дахиад эдийн засгийн уналт ирэхийг үгүйсгэхгүй. Учир нь монголын эдийн засаг дотоод хүчин зүйл гэхээсээ илүү гадаадын зах зээлээс шууд хамааралтай. Дэлхийн зах зээл дээр нүүрс, зэс, төмрийн хүдрийн үнэ савлахад Монголын эдийн засагт шууд нөлөөлж, хүндээр тусдаг. Нөгөө талаасаа улс төрийн хүчин зүйлс ч нөлөөлнө. 2020 он сонгуулийн жил учраас манай улсын хувьд сорилттой жил болно. Сонгуулийн жилд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид аливаа төсөл хөтөлбөрийг явуулах уу, үгүй юу гэдэг дээр эргэлзсэн, ажигласан байдалд шилждэг. Тэгэхээр 2019 он бол хамгийн чухал, шаргуу ажиллах ёстой жил болж байна.

Энэ онд Монгол улсын хэмжээнд олон томоохон төсөл эхэлнэ. Жишээ нь: Нефть боловсруулах үйлдвэр, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн шинэ төсөл болон орон нутгуудад жижиг хэмжээний цэвэрлэх байгууламжууд, төмөр зам, автозам баригдах төлөвлөгөөтэй байна. Эдгээр төслүүд хөдөлж эхэлсэнээр эдийн засагт бүхэлдээ томоохон эерэг нөлөө авчрах нь гарцаагүй. Ялангуяа барилгын салбарт үр өгөөж ихтэй жил байх болов уу.

Барилгын салбарын хувьд 2019 он бол хамгийн чухал, шаргуу ажиллах ёстой жил болж байна

-Энэхүү боломжийг хэрхэн үр дүнтэй ашиглах вэ?

-Энэ боломжийг алдахгүй, ашигтай байлгах нь юунаас хамаарах вэ гэхээр компанийн засаглал, менежмент, зах зээл дээрээс хөрөнгө босгох боломж, чадвар болон орчин үеийн шинэ технологийн дэвшил, ноу-хауг үйл ажиллагаандаа хэрхэн нэвтрүүлж ашиглахаас хамаарна. Мөн ажлын бүтээмжээ сайжруулах тал дээр компаниуд маш идэвхтэй ажиллах шаардлагатай байх. Эдийн засаг байнгын өсөлттэй байж чадах уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй гэж дээр дурдсан. Компаниуд үр дүнтэй, бүтээмж өндөртэй ажиллаж, хуримтлал үүсгэж чадсан тохиолдолд аливаа сорилтыг хөл алдалгүй даваад гарах боломжтой гэж боддог. Үүний тулд мэдээллийг маш сайн ашигладаг байх хэрэгтэй. Тиймээс манай компаниас өнгөрсөн жил зохион байгуулсан “Төгс бүтээгч” арга хэмжээгээ энэ жил дахин хийж байна. Арга хэмжээний маань үр дүн өндөр байсан нь ч ийнхүү уламжлал болгон зохион байгуулахад нөлөөлсөн.

2018 он барилгын салбарын хувьд ажлын бүтээмж, үр дүн өндөртэй, таатай жил байлаа. Энэ өсөлт 2019 онд ч хадгалагдах болов уу гэсэн найдлага бий

 

-Тухайлбал өнгөрсөн жилийн арга хэмжээнээс ямар үр дүн гарсан бэ?

-Өнгөрсөн жилийн арга хэмжээнд маань барилгын салбарын удирдах ажилтнууд, инженерүүд, салбарын эрдэмтэд гээд 300 гаруй төлөөлөгчид оролцсон. “Төгс бүтээгч” дээр яригдсан илтгэлүүд дотроос хамгийн их хэрэгжсэн сэдэв нь “Өвлийн бетон зуурмаг”-н сэдэв байлаа. Манай орны цаг агаарын онцлогоос хамаараад өвлийн улиралд барилгын ажил зогсдог. “Төгс бүтээгч”-ийн үеэр компаниудад хүйтэн цаг уурын нөхцөлд бетон зуурмагийг хэрхэн барилгад ашиглаж болох, юун дээр анхаарах талаар ярьж ойлгуулсны үр дүнд энэ өвөл 20 гаруй компани барилгын төслөө тасалдуулалгүй амжилттай явууллаа. Өвөл төслөө зогсоолгүй үргэлжлүүлсэнээр маш олон давуу тал үүсдэг. Жишээ нь: Өвлийн улиралд барилгын ажил зогссон ч тухайн компани ажилчдаа зохих хэмжээгээр цалинжуулна, банкны зээлийн хүү төлөх гэх мэт тогтмол зардлууд байнга гардаг. Хэдийгээр өвлийн бетон нь энгийн бетоноос арай өндөр зардалтай ч сая дурдсан зардлуудтай харьцуулвал компанид хэд дахин их үр ашиг авчирдагийг удирдлагууд ойлгодог болжээ. Өвөл барилгын салбар зогсолтгүй ажилласнаар цаашлаад улс орны эдийн засагт ч үр өгөөжөө өгөх юм.

Түүнчлэн “Archetype” компанийн зүгээс тавьсан илтгэлд өндөр барилгын төсөв бодох аргачлал, барилгын дулаан алдагдлыг хэрхэн бууруулах талаар мэдээлэл хүргэсэн. Энэхүү илтгэлээр барилгын авч буй дулааныг бага зардлаар, хэрэглэгчийн тав тухыг дээд зэргээр хангасан байдлаар шийдэж болох маш үнэ цэнэтэй мэдээллийг хүргэсэн нь одоо харагдаж байна. Шинээр эхэлж буй төслүүд, ялангуяа хувийн сууцны хувьд дулаан алдагдлыг хамгийн бага түвшинд байхаар зохицуулагдсан концепцтой байгаа нь үүний нэг жишээ болов уу. Ер нь аливаа асуудлыг шийдэж, одоо байгаа үйл ажиллагаагаа илүү сайжруулахын тулд салбарын мэргэжилтнүүд мэдлэг мэдээлэл, туршлагаа хуваалцах нь чухал юм. Эдгээр жишээнээс “Төгс бүтээгч” хэмээх арга хэмжээний үр дүн нь харагдсан учраас жил бүр уламжлал болгон зохион байгуулъя гэсэн шийдэлд хүрсэн.

 

Технологийн дэвшлийг барилгын салбарт хэрхэн нэвтрүүлэх талаар бодит жишээ, судалгаанд үндэслэсэн мэдээллийг “Төгс бүтээгч-2019” арга хэмжээний үеэр хуваалцана

-Энэ жилийн арга хэмжээний сэдвээ хэрхэн сонгосон бэ?

-Энэ жилийн тухайд “Барилгын салбарын дэвшилтэт технологи, менежмент” сэдвийн хүрээнд арга хэмжээгээ зохион байгуулахаар төлөвлөсөн. Хөгжье, хурдтай байя, өрсөлдөөнд давуу талтай оръё гэвэл нэгдүгээрт менежмент сайтай байх, хоёрдугаарт үргэлж дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлдэг байх хэрэгтэй гэж ойлгодог. Тиймээс ч энэ хоёр сэдвийг сонгож, салбар, салбарын нэр хүндтэй мэргэжилтнүүдийг урьж илтгэл тавиулахаар бэлдлээ.

Менежмент гэсэн сэдвийн хүрээнд бид энэ жил Төслийн санхүүжилтыг хэрхэн босгох, барилгын салбар дахь санхүүжилтын дотоод болон гадаад эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд ямар хүчин зүйл нөлөөлдөг, ямар асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна вэ? Хууль эрх зүйн орчин, мэдээллийн үнэн зөв байдал, чанар ба барилгын өртөг, үнийн бодит тооцоолол гэх мэт эрсдэлийг хэрхэн шийдвэрлэдэг болон шийдвэрлэх боломжтой тухай ярилцах болно. Компаниуд санхүүжилт, менежмент хоёрыг өөр зүйл хэмээн салгаж харах нь элбэг. Гэтэл хэр зөв зохион байгуулалттай, алсыг харсан стратегитай, хэр урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулж чадах байгууллага вэ гэдгийг банк санхүүгийн байгууллагууд голлох үнэлгээ болгож зээл өгөх шийдвэрээ гаргадаг.  Манай дотоодын санхүүжилт харьцангуй өндөр өртөгтэй, харин гадны санхүүжилт өртөг багатай байдаг. Гаднаас санхүүжилт авсан тохиолдолд тухайн төсөл илүү ашигтай ажиллах боломжтой. Энэ тохиолдолд дээр ярьсан компанийн засаглал илүү чухал асуудал болдог. Иймээс энэ сэдэв их чухал ач холбогдолтой байна гэж харсан.

-Дэвшилтэт технологи сэдвийн хүрээнд ямар илтгэлүүд тавих нь сонирхолтой санагдаж байна?

-Өнөө үед бүх салбар дижитал эрин рүү шилжиж байна. Хувь хүмүүсийн амьдралд ч, байгууллагын үйл ажиллагаанд ч дижитал технологи гүн гүнзгий нэвтэрчихлээ. Барилгын салбарт гэхэд төсөл ашиглалтад орсны дараа зөвхөн хэрэглэгчдэд зориулсан смарт, дижитал технологийг суурилуулдаг чиг хандлагатай байсан бол одоо төслийг хэрэгжүүлэх явцад үйл ажиллагаандаа дижитал технологийг нэвтрүүлэн ашигладаг болсон. Гадны олон оронд төслийн менежментийн платформууд бий болоод түүнийгээ аппликэйшн маягаар ашиглаад захиалагч, гүйцэтгэгч, бэлтгэн нийлүүлэгчид мэдээллийг хоорондоо цаг алдалгүй солилцсоноор төслийг амжилттай гүйцэтгэж байна. Жишээ нь: Барилгын төслийн менежментийг хэрэгжүүлдэг Procore хэмээх аппликэйшныг сүүлийн үед гадны компаниуд үйл ажиллагаандаа өргөнөөр ашигладаг болжээ.

Манай компанийн хувьд үйлчилгээгээ автоматжуулах, хянах боломжийг хангасан мэдээлэл солилцох аппликэйшн шинээр гаргаснаа танилцуулахаар бэлтгэж байна. Захиалагч, нийлүүлэгч, худалдан авагчийн хоорондын мэдээлэл солилцооны датаг түргэн шуурхай авах, үйл ажиллагаагаа шууд хянах, мэдээллийн сан бүрдүүлэх, бүртгэлийн ажлаа хөнгөвчлөх бололцоог ийнхүү хангаснаар маш их давуу тал хэрэглэгчдэд үүсэх юм. Энэ мэтчилэн технологийн дэвшлийг барилгын салбарт хэрхэн нэвтрүүлэх талаар бодит жишээ, судалгаанд үндэслэсэн мэдээллийг “Төгс бүтээгч-2019” арга хэмжээний үеэр хуваалцана.  

Премиум Бьюлдинг Материалс” компани үйлчилгээгээ автоматжуулах, хянах боломжийг хангасан мэдээлэл солилцох аппликэйшн шинээр гаргаснаа танилцуулахаар бэлтгэж байна.

-“Премиум Бьюлдинг Материалс” компани инновацийг үйл ажиллагаандаа хэрхэн нэвтрүүлж байна вэ? Энэ тал дээр ямар бодлоготой ажилладаг вэ?

-Дэвшилтэт технологи нь бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хурдацтай нэвтэрч байгаагийн нэг жишээ нь нано түвшний материалууд юм. Нано нь өөрөө маш жижигхэн хэмжээс бөгөөд энэхүү жижиг молекул бүхий химийн нэгдлийг ашиглан микро болон макро түвшинд явагдах химийн урвалыг инженерчлэн бүтээгдэхүүний шинж чанарыг өөрчилж, илүү сайн чанартай өөрөөр хэлбэл давуу талтай бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэсэн үг.

Нано нэмэлтийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, ашигласнаар бетонын гол шинж чанар болох бат бэхийг үүсгэх урвалыг молекулын түвшинд явуулж, илүү богино хугацаанд бэхжилт авах, цаашид маш богино хугацаанд өндөр бэхжилтийг хангах нөхцөл бүрдэнэ гэсэн үг. Премиум группийн R&D буюу Судалгаа хөгжүүлэлтийн албаныхан бүтэн жилийн турш нано бетонын үйлдвэрэлэлийн судалгаан дээр ажиллаж, 126 удаа туршилт хийснээр тун амжилттай үр дүнд хүрсэн. Уг туршилтын бүтээгдэхүүн болох нано бетонын дээжийг хөндлөнгийн лабораторид шинжлүүлж үр дүнг нь баталгаажууллаа. Энэ жил бид анх удаа “Нано бетон” гэдэг шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаж байна. Нано бетон нь олон улсын зах зээл дээр бол шинэ бүтээгдэхүүн биш юм. Харин Монголын зах зээлд анх удаа гаргаж буйгаа “Төгс бүтээгч” арга хэмжээнийхээ үеэр олон нийтэд зарлах гэж байна.

-Нано бетонын гол онцлог нь юу вэ?

-Нано нэмэлтийг хийснээр бүтээгдэхүүний чанарыг хэд хэдэн түвшинд сайжруулсан. Нэгдүгээрт, бүтээгдэхүүний эрт үеийн бат бэхийг хурдан, сайн авахуулдаг. Ингэснээр барилгын төслийн цаг хугацааг богиносгох ба жиллах хүч, материалын илүү зардлыг бууруулна. Түүнчлэн нано бетон нь ус тусгаарлах шинж чанарыг өөртөө агуулсан учраас асар том давуу тал, боломжийг бий болгодог. Энэ талаар илүү их мэдээллийг арга хэмжээний үеэр дэлгэрэнгүй танилцуулах юм. Нано бетоныг бид манай салбарт гарч буй шинэ үзэгдэл гэж харж байгаа. Өвлийн нөхцөлд бетон нийлүүлэх технологийг хэдхэн жилийн өмнө монголчууд ашигладаггүй байсан бол жил ирэх тусам ач холбогдлыг нь таньж, ихээр хэрэглэх болсонтой адил удахгүй нано бетон  барилгад өргөнөөр нэвтэрнэ гэдэгт итгэлтэй байна. Газар хөдлөлтийн түвшин өндөрт тооцогддог, нийслэл хотын ихэнх барилгажилт голын хөвөөнд хэрэгжиж байгаа, жилийн дийлэнх хугацаанд хүйтэн сэрүүн байдаг  манай орны хувьд НАНО БЕТОН барилгын салбарт өндөр үр өгөөж, боломжийг авчирна. Хэрэглэгч талдаа илүү өндөр үнэ цэнийг өгсөн бүтээгдэхүүн гэж хэлж болно.

-Сонирхолтой сэдвээр ярилцсан танд баярлалаа.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.