Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Jaguar болон Land Rover брэндийг өөрийн биеэр мэдрэх боломж нээгдлээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсад дэлхийн тансаг зэрэглэлийн Porsche, Audi зэрэг автомашины брэндийг 2015 оноос албан ёсоор оруулж ирсэн "Старчейз Автомотив Лимитд" ХХК үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн Jaguar болон Land Rover брэндийн албан ёсны дилерийн эрхийг өмнөх дилер болох "Wagner Asia" компаниас өнгөрсөн аравдугаар сард аваад байгаа юм.

Дэлхий дахинд интернэт, цахим сүлжээ хөгжихийн хэрээр автомашины онлайн худалдаа ч мөн эрчимтэй дэлгэрэх болжээ. Гэвч нөгөө талаар тансаг зэрэглэлийн автомашиныг үйлчлүүлэгчид өөрийн биеэр үзэж, харж, мэдрэх зориулалттай, олон нийтийн амралт зугаалгын цогцолбор худалдааны төвүүдэд байрших болсон "бүтик" /boutique/ үзэсгэлэнгийн танхимаар /showroom/ дамжуулан борлуулалт хийх чиг хандлага Азийн бүс нутагт давамгайлах болоод буйг онцлох нь зүйтэй.

 
 

Тэгвэл өчигдөр манай улсад "Старчейз Лимитд" ХХК Jaguar болон Land Rover брэндийн автомашиныг борлуулах, автомашины анхны "бүтик" үзэсгэлэнгийн түр танхимын үүд хаалгаа Соёл амралтын "Зайсан Хилл" цогцолборын G давхарт нээснээ танилцууллаа.

Тус компани нь Jaguar, Land Rover брэндийн дэлхийн стандартын дагуу бэлтгэгдэж мэргэшсэн засварын инженерүүдийг өмнөх дилерээс авч ажиллуулан, борлуулалтын дараах үйлчилгээ болох авто механик, сэлбэгийн агуулах, их биеийн засвар, будаг болон автомашины угаалга зэргийг цогцоор нь үзүүлэхэд бэлэн болжээ. Ингэснээр дээрх брэндийн автомашин эзэмшигчдэд чанарын өндөр түвшинд борлуулалтын дараах, дэмжих үйлчилгээг үзүүлэхээр зорин ажиллаж буйг компанийнхан онцлов.

 

Үзэсгэлэнгийн танхимыг нээж "Старчейз Автомотив Лимитд" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Стив Поттер “Юуны өмнө "Старчейз Монгол" компанийн талаар танилцуулах нь зүйтэй байх. Манай компани нь Сингапур улсад төвтэй, олон улсад, тэр дундаа Хятад болон Азийн бүс нутагт тансаг зэрэглэлийн автомашиныг борлуулан нийлүүлдэг "Старчейз" группийн Монголд үйл ажиллагаа явуулж буй нэг хэсэг юм.

Бидний толгой групп дэлхийн тансаг зэрэглэлийн автомашины тэргүүлэх брэнд болох Porsche, Jaguar, Land Rover, Audi, BMW, Aston Martin, Bentley, Lamborghini болон Bugatti зэрэг брэндийн автомашиныг дэлхий дахинд борлуулж байна. Дэлхий даяар бид ойролцоогоор 800 орчим ажилчидтай ба өнгөрсөн онд л гэхэд бид Азид нийт 20,000 гаруй шинэ автомашин борлуулсан.

Бид Монгол Улсад 2015 онд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш ийнхүү дөрвөн брэндийг оруулж ирээд байна. Jaguar, Land Rover брэндийн эрхийг өнгөрсөн аравдугаар сард авснаас хойш хэдэн сарын турш үзэсгэлэнгийн танхимгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан нь хүч сорьсон цаг хугацаа байлаа. Учир нь үйлчлүүлэгч ямар ч тансаг зэрэглэлийн автомашиныг худалдан авах шийдвэр гаргахын тулд түүнийг харж, үзэж, үнэрлэж, мэдэрсний үндсэн дээр сонголтоо хийдэг тул ийм төрлийн танхим байгуулах нь зайлшгүй юм.

 

Цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla брэнд л гэхэд өмнө нь борлуулалтын арга барилаа өөрчилж, үзэсгэлэнгийн танхимгүйгээр машинаа борлуулна хэмээн зарлаад байсан. Гэвч тэд саяхан энэхүү шийдвэрээ эргэн харж, хэд хэдэн үзэсгэлэнгийн танхимаа авч үлдэх шийдвэр гаргасныг харахад энэ зах зээлд үзэсгэлэнгийн танхим ямар чухал үүрэг гүйцэтгэж буйг илтгэж байгаа юм" хэмээлээ.

Түүнчлэн тус компанийнхан энэ оны сүүл гэхэд Porsche төвийн хажууд нийт 4,251 м2 хэмжээ бүхий газарт Jaguar, Land Rover брэндийн байнгын үзэсгэлэнгийн танхимыг барих төлөвлөгөөтэй байгаа аж. Үүнд 880 м2 бүхий Jaguar, Land Rover брэндийн үзэсгэлэнгийн танхим, 591 м2 бүхий засварын цехийг барьж, ашиглалтад оруулснаар үйлчлүүлэгчдэд илүү тав тухтай орчинд автомашинаа үзэж сонгон, худалдаж авах, борлуулалтын дараах цогц үйлчилгээг үзүүлэх боломж бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм.

Соёл амралтын "Зайсан Хилл" цогцолбор дахь үзэсгэлэнгийн танхим өдөр бүр 10:00-20:00 цагийн хооронд харилцагчдаа хүлээн авах болно.
 
 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.