Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

МИНИЙ ТҮҮХ -15: Анхны байшин

ikon.mn
2019 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг

- Тэмдэглэл -

Хөдөөгийн буйдхан тосгоны охин Д.Өнөрболор юуг даван туулж өнөөгийн “Сөүл” группийн дэд ерөнхийлөгч, “Бидний цөөхөн монголчууд” үндэсний төслийн зохицуулагч, оюутан залуусын “Болор-ирээдүй” хөгжлийн санг үндэслэн байгуулагч болсон түүхийг цувралаар хүргэж байна.

Зураг төслөөс ерөнхий төсөөлөлтэй болж авсан ч яг амьдрал дээр бодитоор ямар гээч барилга байшин босохыг, мөн тооцоолоогүй ямар эрсдэл бий болох зэргийг бүрэн тодорхойлж мэдэхгүй л ажилдаа шуудран орлоо. Ингэж миний ажлын хувцас, түрийтэй гутал, каск өмссөн эцэс төгсгөлгүй өдрүүд эхэлж байв. Ажлын байран дээр дадлагажив гэгчээр БНСУ-ын мундаг инженерүүд, барилгачидтай нэг баг болсон анхны төсөл намайг сайн бэлтгэж өгсөн юм.  

2003 онд анхны орон сууцны байшингаа барьж дууссан. Бүтэн цогцолбор барьчихаад зогсож байхдаа “Үүнийг бид хийчихлээ гэж үү” гээд итгэж ядаж билээ. Анхны айлууд орж эхлэх үеэс энэ эргэлзээ маань бага багаар тайлагдаж эхэлсэн. Тэгээд урам зориг орж улам эрчтэй ажиллах болсон. 
Монгол Улсын барилгын салбарт урьд өмнө огт байгаагүй шинэ соёл, дэлхийд жишиг болсон шилдэг стандартыг нэвтрүүлж байсан учир салбар хариуцсан төрийн бүх шатны байгууллагуудад эдгээр нь ямар учиртай юу болохыг ярьж тайлбарлах, үзүүлэн танилцуулахаас эхэлнэ. Энэ нь нэлээд цаг үрсэн ажил болдог байлаа. 

Тэр он жилүүдэд шөнөдөө таван цаг орчим л унтаж амардаг байсан. Зарим найз “Эрүүл мэндээ бодох хэрэгтэй” гэж зөвлөнө. Тэгж их зүтгэж, зав зайгүй хөдөлмөрлөж явсан нь зөвхөн мөнгөний төлөө байгаагүй ээ. Нэг л удаа сайхан зүйл хийгээд түүгээрээ бахархаж үзсэн хүн цаашид зогсдоггүй байх. Зүтгэж, хөдөлмөрлөж гэмээ нь ийм сайхан бүтээн байгуулалтын ард гарах хүсэл тэмүүлэл, ахуй амьдралын шинэ соёл, дэлхийн жишиг стандарт, шилдэг технологи нэвтрүүлэх амбийц л намайг хөглөж байсан гэж би боддог. 
Би багаасаа л дур сонирхолтой юмаа хийдэг, аав минь ч дургүй юманд маань хүчилдэггүй байж. Барилгын бизнест би аажмаар дуртай болсон. Сайхан барилга барина гэдэг хүнд хүчирээс нарийн чимхлүүр маш олон ажлаас бүрддэг. Тэр бүхнийг би болон манай хамт олон чин сэтгэлээ шингээн гүйцэтгэх ёстой гэж боддог. Бусдын хүндлэлийг хөдөлмөр, чин сэтгэл хоёроор хүлээх учиртай. 

Монголд түүчээлсэн цоо шинэ стандарт

 

Манай орны эрс тэс цаг уур, өвөл тэсгим хүйтэн байдгаас жижигхэн цонхтой байшингууд барьдаг байж. Энэ нь 2000 онд Монголд хамгийн зүй зохист, өөрчилж үл болох стандарт мэт санагдана. Харин бид 1.8 метрийн өндөр, 2.2 метрийн өргөн хэмжээтэй цонх бүхий байшин барихаар зураг төслөө захиалав. Тухайн үед Монголын хөрсөнд төсөөллөөс давсан хэрэг байлаа. Ямар ч эрсдэл гаргахгүйн тулд барилгын материал, технологийн хувьд дэлхийд жишиг тогтоож туршигдсан, хамгийн шилдэг гэснээс нь Монголд нутагшиж болох бүхий л зүйлсийг оруулж ирж, хэрэглэж байсан боловч мэдээж заримдаа алдаа дутагдал, зөрүүтэй зүйл гарч байсныг үгүйсгэхгүй. Барилгын салбарт тавих миний анхны алхам төдийгүй Монголд анх удаа шинэ стандартуудыг энэ байшингаар нэвтрүүлэх гэж байсан учраас “Саалиа бэлдэхээр саваа зэх” гэсэн зарчим намайг бүрэн эзэмдэж байсан. Хамгийн гол нь бэлтгэл ажлаа А-Я хүртэл нэгд нэгэнгүй, өө сэвгүй хангах төлөвлөгөөнүүд толгойд эргэлдэж, миний тэмдэглэл, тооцоолол хэдэн арван дэвтэр дүүргэж байв. Мөн орон байрыг шалнаас халах шийдлийг ч анх нэвтрүүлсэн. Монголын хамгийн том цонхтой орон сууцыг бид ийнхүү 2002 онд анх ашиглалтад оруулж байлаа.  

Айл гэр, албан байгууллагын цонх том байх сайхан. Нарны дулаан гэр дүүргэнэ, илч гэрэл ээгээд л, эрчим хүчний хувьд ч хэмнэлттэй. Гэгээ сайн орж ирдэг учир айлууд орой 17 цагт гэрлээ асаадаг байсан бол манай байрныхан арай хожуухан 19 цагт асаах жишээний. Тэр үед орон сууцны тасалгааны хэм стандартаараа +18 байсан бол манай барьсан том цонхтой, шалны халаалттай байшингууд 24-25 хэмийн дулаантай болов. Оршин суугчид гэртээ майкатайгаа өвөлжих болов. Тэр үед шинээр баригдаж байсан барилгуудын хана 64 см-ын зузаантай тоосгоор өрж байсан бол бид өртөг өндөртэй боловч газар хөдлөлтөд хамгийн тэсвэртэй барилгын технологи болох төмөр карказан, бетонон цутгамал байшин барьж эхлүүлж байлаа.

“Өнөөгийн өндөрлөгөөс харахад” гэдэг шиг одоо эргээд харахад тухайн цаг үеэ түүчээлэн манлайлж, шинийг дархалсан ажлууд маань нэг их хуучраагүй байна.  2002 онд барьсан барилгаараа бид хэд хэдэн шинэчлэлтийг Монголынхоо барилгын салбарт хийсэн юм. Жишээ нь, загварын байшин гэдэг ойлголт тэр үед огт байгаагүй. Хүн барилгын зураг хараад амьдрах орон зайгаа сайн мэдэрч чадахгүй тул бид тусгайлан загвар байр барьж тохижуулаад, таны худалдан авах байр яг ийм материалаар баригдана, ингэж дотоод засал нь хийгдэнэ, дотор нь амьдрахад ийм байна гэдэг амлалтаа бодит болгож шинэ жишиг тогтоож байлаа. Энэ бол барилгын компани хэрэглэгчтэй гэрээ байгуулж, амлалтаа биелүүлэх нэг хэлбэр юм. Хоёрдугаарт, бид анх удаа доороо зогсоолтой орон сууцны байшин барьж, ашиглалтад оруулав.

Монгол шиг хүйтэн цаг ууртай газар гараажийн хаалга нээж хаах, машинаасаа буугаад алхаж гэртээ ороход түвэгтэй байдаг. Тиймээс бид байрныхаа доор дулаан зогсоолд машинаа тавиад, цахилгаан шатаар шууд өөрийн амьдардаг давхар руугаа өгсөж гарах шийдлийг Монголд нэвтрүүлсэн юм. Гуравдугаарт, хүүхдийн тоглоомын талбайг хангалттай хэмжээнд шийдэв. Хүүхэд гадаад ертөнцийг өөртөө нээх, таньж мэдэх, хөгжих, бусадтайгаа найзлах үйл явцад гэрийнх нь гадаах тоглоомын талбай маш чухал үүрэгтэй. Тиймээс бид ашиг хайлгүй хэрэглэгчдэдээ зориулан 200 биш 5000 метр квадратад тоглоомын талбайг өнгө үзэмжтэй, аюулгүй байдлаар тохижуулсан. Эцэст нь хэлэхэд, хэрэглэгчдэд барилгын явцаа үргэлж танилцуулдаг байсан нь энэ салбарт эхлүүлсэн шинэлэг ажлуудын маань нэг байлаа.  

2002 онтой харьцуулбал 2019 оны монголчууд шинэ зүйлд ажрахгүй, аливаа өөрчлөлт, шинэчлэлтийг хүлээн авахад бэлэн болжээ. Өмнө нь нэг л өөр зүйл хийчихээд түүнийгээ таниулж, ойлгуулахад хугацаа их зарцуулдаг байв.  

Миний хамт олон

“Санаа сайтын заяа сайн” гэж эмээ минь сургадаг байв. Ажиллаж ирсэн хамт олон, найз нөхөд, хамтран зүтгэгчид гээд танил хүмүүсийнхээ тухай бодож эргэцүүлэх бүрт би өөрийгөө сайн хүмүүстэй учрах заяатай хүн юм байна гэдэгт итгэдэг. Надад үнэ цэнэтэй санагддаг хүмүүс надтай яг цагаа олж учран эерэг сэдэл, тэмүүлэл рүү хөтөлсөн байдаг юм. 

Амжилтыг бүтээсэн хамт олноороо би бахархдаг. Хэдэн жилийн өмнөх явдал. Өдөр тутмын ажилдаа живчихээд өөрөө ч тэрийгээ анзаарах сөхөөгүй явж байлаа. Нэг өглөө ажилдаа иртэл манайхан ажлын “Камаз” машинаа танигдахгүй болтол чимэглээд, дээр нь “Болороогийн төрсөн өдөр” гэсэн гоё бичигтэй угтдаг байгаа. Шууд хөдөө явцгаах юм гэнэ. Гэнэтийн явдалд миний ам ангайн баярласан ч толгой дотор бол тэр өдөр төлөвлөсөн ажил бодогдож байсныг нуугаад яах вэ. Хамт олныхоо намайг гэсэн сайхан сэтгэлийг бодоод бүх ажлаа хаяад агаарт гарлаа. Тэд надад зориулан зөндөө юм бэлдэж. Орой нь галын наадам, караоке, бүжиг наадмаар үргэлжилсэн. 

Гэртээ харьж ирээд хамт олон минь намайг өгүүлж хэлэхийн аргагүй маш их урам зоригоор цэнэглэснийг мэдэрч билээ. Хагас цэргийн зохион байгуулалтаар ажиллуулдаг ч гэлээ Болороогоо гэсэн хайрыг хамт олноосоо авч, эрч хүч, баяр баяслыг мэдэрснээ би хэзээ ч мартахгүй. Амьдрал зөвхөн ажил хөдөлмөр дээр тогтдог гэх хатуу үзэл бодол маань бага зэрэг ч болов өөрчлөгдөв. Гэхдээ би “Аа үхссс, ганц л амьдарна” гээд жаргал цэнгэлд умбаад явдаг философийг дэмжигч биш.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.