Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Прокуророос Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар дөрвөн хүнийг яллагдагчаар татах шийдвэр гараагүй"

Т.Саран, iKon.mn
2019 оны 3 сарын 13
iKon.MN

Цагдаагийн байгууллагаас "Эрдэнэт"-ийн 49 хувийг худалдан авсан талынхныг шалгаж байгаа талаар тодруулга өглөө.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/568261130361343/

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү "Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар АТГ ЦЕГ хамтарсан ажлын хэсэг хэрэг бүртгэлийн хэрэг нээн, шалгаж байгаа. Уг хэрэгтэй холбогдуулан Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, "Монголиан коппер корпорейшн" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, Сингапур улсад бүртгэлтэй "Канетик" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Хүрэлбаатар нарт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. Одоогоор прокуророос ямар нэгэн шийдвэр гараагүй байна. 

Дээрх хэрэгтэй холбогдуулан тухайн үед Монгол Улсын сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан, Шадар сайд асан Ц.Оюунбаатар, Батлан хамгаалахын сайд асан Ц.Цолмон, Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа, Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал, БСШУС-ын сайдаар ажиллаж байсан Л.Гантөмөр, Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Цагаан нараас гэрчийн мэдүүлэг авсан.

Гэрчийн мэдүүлэг өгч буй тухайн үед төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс мөрдөн шалгах ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж, ямар нэг саад учруулаагүй.

Эрдэнэтийн 49 хувийн маргаантай асуудлын шалгалтын явцыг прокурорын зөвшөөрлөөр мэдээлэл өгөх боломжтой. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

Мөн энэ оны эхний хоёр сарын байдлаар 348 хүн гэмт хэргийн улмаас нас барсан гэсэн мэдээлэл гарч байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхөд 34 хүн хүний гарт амь насаа алдсан бол зам тээврийн ослын улмаас 44 хүн нас барсан. Гадны нөлөөгөөр 84 хүн амиа алдсан нь бүртгэгдсэн. Цагдаагийн байгууллагg хүн нас барсан мэдээлэл болгоны дагуу очиж шалгадаг" гэв.